Цэс

Холбоо барих

Инфографик:Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.  

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус тус Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн Төрийн байгуулалтын байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар төрийн тусгай болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албаны төв байгууллага батлах, түүнчлэн төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцож болох бөгөөд ийнхүү дүйцүүлэн тооцох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батлахаар хуульд нэмж тусгалаа.

Төрийн жинхэнэ албаны шалгалттай холбоотойгоор ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авах, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болохоор тусгаж, ерөнхий шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулах зохицуулалтыг улиралд нэгээс доошгүй удаа болгон өөрчилсөн болно.


Төрийн захиргааны албан тушаалд тавигдах тусгай шаардлагад өөрчлөлт оруулж, тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил, эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил, ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил тус тус ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байхаар тусгасан болно.

Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахтай холбоотойгоор дараах өөрчлөлт орсон. Үүнд:

Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусахаас өмнө урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан ажиллуулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд анх илгээсэн төрийн байгууллагын саналыг авч, харилцан тохиролцсоны дагуу шийдвэрлэх;

Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага түүнийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дахин өөр төрийн байгууллагад үргэлжлүүлэн сэлгэн ажиллуулахгүй байх;

Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болохоор тусгасан.

Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан тохиолдолд энэ тухай төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр тусгалаа.

Төрийн албан дахь хөдөлмөрийн харилцаанд хориглох зүйлд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах, чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглов.

Түүнчлэн төрийн албаны төв байгууллагын бүрэн эрхэд зарим өөрчлөлт оруулсан болно.

 

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл