Цэс

Холбоо барих

Инфографик: “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” тогтоолын танилцуулга

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар нараас өргөн мэдүүлсэн “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа.

“Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай” 2001 оны Улсын Их Хурлын тогтоолоор Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцохоор тогтоож байв. Энэхүү хэмжээсээр Төрийн ордны урд зүгт байрлах Чингис хааны хөшөөнөөс урагш төрийн гурван тугийн суурь хүртэлх зай, хойд зүгт байрлах цэцэрлэгт хүрээлэн хамрагдаж байсан. Мөн энэхүү Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг нь холбогдох хууль тогтоомжоор Төрийн тусгай хамгаалалтын бүсэд хамаардаг байв.

Дээрх тогтоол батлагдсанаас хойших 20 жилийн хугацаанд Төрийн ордны урд талын өргөтгөл баригдсан, ойр орчмын авто болон явган хүний зам шинэчлэгдсэн, Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй болгох шаардлага үүссэн зэргийг харгалзан энэхүү тогтоолыг шинэчлэн батлах шаардлага үүссэн.

Төрийн ордны урд байрлах Чингис хааны хөшөө, Төрийн ордны хойно байрлах цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох, цэцэрлэгт хүрээлэнг төрийн тусгай хамгаалалтын хамаарах бүсээс гаргах зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, түүнчлэн Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор аюулгүй байдал, хамгаалалтын асуудлыг зохион байгуулах, хэв журмыг сахиулах, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, цэвэрлэгээ, арчилгаа, тохижилтыг хариуцах асуудлыг холбогдох журмаар зохицуулахыг Засгийн газарт даалгалаа.

Мөн Төрийн ордонд байрлаж буй төрийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд тайлбарлан таниулах, нээлттэй, ил тод болгох зорилгоор Төрийн ордонтой танилцах, нөхцөл боломжийг иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулж, Төрийн ордонд нэвтрэхэд тавигддаг хувцаслалтын шаардлагыг уян хатан болгож, энгийн хувцаслалтыг зөвшөөрөхөөр тусгав.

Улсын Их Хурлын Тамгын газар

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл