Цэс

Холбоо барих

Инфографик:“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын танилцуулга


Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20ы өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 2022 оны 06 дугаар сарын 17ы өдөр баталлаа.


Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол нь 4 заалт, 1 хавсралтаас бүрдэнэ. Тогтоолд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх хүрээнд 49 арга хэмжээг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын, газар тариалангийн үйлдвэрлэлийн, мал аж ахуйн үйлдвэрлэлийн, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн гэсэн 5 чиглэлээр авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Түүнчлэн тогтоолын хавсралтад заасан төсөл, арга хэмжээг жил бүрийн хөгжлийн төлөвлөгөө, улсын төсөвт тусган хэрэгжүүлж, хэрэгжилт, үр дүнг жил бүр Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодод тус тус даалгасан. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хавсралтад заасан 114 арга хэмжээг 2022-2026 онд 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тусгасан. Тогтоолын хавсралтад шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшин, нийт санхүүжилтийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр, 2022-2026 оны санхүүжилтийн хуваарь, хамтран хэрэгжүүлэх байгууллага, хэрэгжих хугацааг хэрэгжүүлэх арга хэмжээ тус бүрээр тусган баталсан болно.  

Тогтоолыг хэрэгжүүлснээр дотоодод үйлдвэрлэх хүнсний бүтээгдэхүүний нэр, төрөл нэмэгдэж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтворжуулж, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл