Цэс

Холбоо барих

БОХХААБХ: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийн талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2022.11.23/ хуралдаан 15 цаг 31 минутад, гишүүдийн 52.6 хувийн  ирцтэй эхэлсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдтай хамтран баталсан. Засгийн газрын хуралдаанаар 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хэлэлцүүлэхээр төлөвлөснийг дурдахын зэрэгцээ өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт газар нутгийн 21 хувь буюу 32.7 сая га талбайг тусгай хамгаалалтад аваад байна. Цаашид ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалан хамгаалах зорилгоор 2030 он гэхэд хамгаалах шаардлагатай экологийн хувьд чухал ач холбогдолтой 215 газраас 63 байршлын 15,3 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 30 хувьд хүргэнэ гэв.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41, 2020 оны 46 дугаар тогтоолоор нийт  байгалийн нөөц газар 17, дурсгалт газрын ангиллаар 2 газрыг тус тус улсын тусгай хамгаалалтад авсан. Эдгээр газрын хилийн заагийг тогтоохоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 13-ны 01/1937 дугаар албан бичгийг хүргүүлсэн боловч давхцалыг арилгах, нэгдсэн шийдэлд хүрэх гэсэн агуулгаар буцаагдсан. Тогтоолын төсөлд газрын тос, ашигт малтмал, газар тариалангийн газрын давхцалыг арилгасныг сайд мэдээлэлдээ дурдаж байлаа.            

Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад үе шаттайгаар газар нутгийн төлөв байдал, бэлчээр, аялал жуулчлал, экологийн нөөц, даац, дотоод бүсчлэлийн  судалгаанд тулгуурлан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөлтийг менежментийн төлөвлөгөөний хавсралтаар боловсруулж байгааг Б.Бат-Эрдэнэ сайд мэдээлэлдээ онцлохын зэрэгцээ 2022 оны байдлаар улсын хэмжээнд 4 тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг төрийн бус байгууллагад хариуцуулаад байна. Үүнд: Хустайн байгалийн цогцолборт газрыг “Хустай цогцолборт газар төв” төрийн бус байгууллага 1994 оноос, Их нартын байгалийн нөөц газрыг “Аргаль, агнуур судалгааны төв” төрийн бус байгууллага 2013 оноос, “Их нартын менежмент” төрийн бус байгууллага 2019 оноос, Хар ямаатын байгалийн нөөц газрыг “Дэлхийн байгаль хамгаалах сан” 2013 оноос, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын судалгаа, мониторинг хийх ажлыг “Ирвэс хамгаалах сан” төрийн бус байгууллага 2019 оноос тус тус хариуцан ажиллаж байгааг тодотгоод цаашид олон улсын сайн туршлагыг судлан хамгааллын менежментийн олон талт арга хэлбэрийг судлан нэвтрүүлэхээр ажиллаж байна гэв.

Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсийн хилийн заагийг тодорхой болгох, хамгаалалтын бүсийн талбайг нэмэгдүүлэх талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний А/243 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсчлэлийг шинэчлэн тогтоож, 5594 га талбайг хязгаарлалтын бүсээс хасаж, хамгаалалтын бүсийг тэлэн хамгаалалтыг сайжруулсан гэж байлаа.

Түүнчлэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад газар ашиглаж буй иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан газар ашиглах гэрээг дүгнэж, тухай бүр акт үйлдэж байна. Зориулалтын бусаар ашиглах тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллаж байна. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 72 удаагийн тушаалаар нийт 159 нэгж талбар, 422,3 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгоод байна. Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Нүхтийн ам, Залаатын зүүн богины ам, Шажинхурхын ам, Тайны аманд 242.052 га газар ашиглахыг  хориглосныг сайд мэдээлэлдээ дурдав.

Тэрбээр мэдээлэлдээ, Улсын тусгай хамгаалалттай газартай давхцалтай 14 компанийн 19 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл 7 аймагт байгааг дурдаад Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхөн олговрын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авахад Улсын Их Хурал, Засгийн газраас дэмжлэг шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн.   

Байгаль хамгаалагчийн цалин, нэмэгдлийг нэмэгдүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж, "Журам батлах тухай" Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам" болон “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд байгаль хамгаалагчийг Туслах түшмэл ТЗ-10 гэснийг Дэс түшмэл ТЗ-8” гэж, улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчийг “Дэс түшмэл ТЗ-7” гэж өөрчлөх, орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад нэмэгдэл олгох тухай Засгийн газрын тогтоолд байгаль хамгаалагчдыг хамруулахаар ажиллаж байгаагаа салбарын сайд мэдээлэлдээ дурдав.  


Газрын шинэтгэлийн хорооны шийдвэрийн дагуу газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулсан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсэд тулган, маргаан бүхий хэсэгт нийслэл, дүүргийн Засаг даргаас газар олголтыг идэвхтэй хийж байгаа асуудлыг таслан зогсоож, хилийн цэсийн маргааныг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг Б.Бат-Эрдэнэ сайд мэдээлэлдээ тодотгохын зэрэгцээ улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 3555 нэгж талбарт зөвшөөрөлгүй өвөлжөө хаваржааны газар байна. Менежментийн төлөвлөгөөнд байж болох малын тоо, төрөл, ашиглаж болох бэлчээр, газрын нөөц даацын судалгаанд тулгуурлан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгуулах, менежментийн төлөвлөгөө батлагдсан тохиолдолд Хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн гэрчилгээжүүлэх талаар зөвлөмж өгч ажилласан гэдгийг онцолж байлаа.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар,  Ж.Батжаргал, Г.Ганболд, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин, Б.Саранчимэг нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс Байнгын хорооны 08 дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгааг тодотгохын зэрэгцээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд цаг алдалгүй, яаралтай өргөн мэдүүлэхийг салбарын яамныханд онцгойлон анхааруулав.

Мөн тусгай хамгаалалттай газар нутагт зориулалтын бусаар олгосон газрын маргаан, хилийн цэсийн зөрчилтэй асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагуудын хүрээнд шийдэх боломжгүй байдалд хүрсэн тул уг асуудалд цэг тавих үүднээс Улсын Их Хурал, Байнгын хорооноос өргөн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гарган ажиллах шаардлагатай гэсэн саналуудыг хэлсэн.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигчдийн болон ашиглалтын талаарх бүх мэдээллийг ил тод нээлттэй болгох, газрын талаарх мэдээллийн нэгдсэн сантай болж, холбогдох байгууллагуудын зөрүүтэй мэдээллийг цэгцлэх шаардлагатай байна гэсэн байр суурийг  илэрхийлж байлаа.


Хуралдааны төгсгөлд сайдын мэдээлэлтэй холбогдуулан Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин ахлахаар болсон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл