Цэс

Холбоо барих

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд болох Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэгч, панелистууд уулзалт хийлээ

    Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа билээ.


    Энэхүү зөвлөлдөх санал асуулгын хүрээнд болох “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх ухааны академи хамтран 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус эрдэм шинжилгээний бага хуралд илтгэгч, панелистаар оролцох эрдэмтэн, судлаачид өнөөдөр (2022.12.28) уулзалт хийлээ.

    Эрдэм шинжилгээний бага хурлаар “Улс төр, засаглалын харилцааны тулгамдсан асуудлууд”, “Хариуцлагын тогтолцоо, шударга ёсны хүсэмжлэл”, “Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах нь: Орон зайн шинэ төлөвлөлт”, “Баялгийн сан: Шударга, хүртээмжтэй хуваарилалт” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, салбар болон, нэгдсэн хуралдаан болох юм.


    Өнөөдрийн уулзалтын үеэр Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан “Эрдэм шинжилгээний бага хурлаар дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, үр дүнд нь нийгмийн бухимдлын шалтгааныг зөв оношлон тодорхойлж, Монгол орныхоо ирээдүйн хөгжлийн замын зөв зургийг гаргаж ирэхэд эрдэмтэн, судлаачид та бүхний мэдлэг, хүч их хувь нэмэр болно гэдгийг Улсын Их Хурлын даргын нэрийн өмнөөс хэлье” хэмээн тэмдэглэв.


    


    Уулзалтад эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл хэлэлцүүлэх, салбар хуралдааныг удирдах панелист зэрэг эрдэмтэн судлаачид, Улсын Их Хурлын Тамгын газрын Зөвлөлдөх санал асуулгад чиглүүлэгч модератороор ажиллах ажилтнууд оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй  харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл