Цэс

Холбоо барих

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дөрвөн хуулийн төсөл өргөн мэдүүлэв

 

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр (2023.01.10) Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, мөн “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглах болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а)хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.


Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн талаарх товч танилцуулга

Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 72-т “Төмөр замын тээврийн үйлчилгээнд оролцогчдыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зах зээлийн өрсөлдөөнд тэгш байдлаар оролцох бололцоогоор хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, тээврийн бусад салбарын уялдаа холбоог оновчтой зохицуулах, тээвэр логистикийн цогц үйлчилгээ бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх” гэж заасан.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах, улсын эдийн засаг, нийгмийн нэгдмэл орон зайг бэхжүүлэх зорилгоор төмөр замын сүлжээ байгуулахад харгалзах хүчин зүйлийг тодорхойлж хуульд тусгах шаардлага үүссэн гэж салбарын сайд танилцууллаа.

Тэрбээр, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өссөн. 2010 оны байдлаар суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч 1 байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч 4, тээвэрлэгч 4, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болсон.

Төмөр замын тээврийн  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, суурь бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн тасралтгүй, хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангуулах, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээ засварыг өргөжүүлэх зориулалттай тусгай болон хамгаалалтын бүс, зурвас газрыг дур мэдэн, хууль бусаар  эзэмших, ашиглах асуудал гарч, аюултай бүсийн асуудлыг бүрэн зохицуулах шаардлага гарч ирсэн. Төмөр замын суурь бүтцийн өмчлөл, эзэмшил, төмөр замын үйлчилгээ, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлж, хэрэглэгчдэд найдвартай аюулгүй үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага бий болсон.

Иймд өмчийн олон хэлбэр бүхий төмөр замын суурь бүтэц эзэмшигчид болон тээвэрлэгчдийн хоорондын харилцааг зохицуулах, тэдгээрийн тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага байх зүй ёсны шаардлага бий болоод байна гэлээ.

Хуулийн төсөлд шинээр болон шинэчлэн оруулсан онцлох зохицуулалтууд дурдвал, хуулийн төсөлд тодорхойгүй байсан төмөр замын нийтийн зориулалттай болон тусгай зориулалтын зам, салбар замын өмчлөл, эзэмшлийн асуудлыг зохицуулсан. Төмөр замын зориулалттай газрыг тодорхойлж, төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, хамгаалалтын бүсийн талаарх зохицуулалтыг тодорхой болгосон. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ, түүнд тавигдах шаардлага, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүргийн талаар тусгаж, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч тэгш эрхийн үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн байна.

Төсөл батлагдсанаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой зарим суурь харилцаа хуулийн хүрээнд илүү тодорхой зохицуулагдаж, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын тэгш оролцоог хангаж, суурь бүтэц болон хөдлөх  бүрэлдэхүүний ашиглалт, засвар үйлчилгээ сайжирч,  хөрөнгө оруулалт, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.

 

“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаарх танилцуулга

АНУ-ын Чикаго хотноо 1944 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенц” 1947 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, Монгол Улс тус конвенцод 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэгдэн орж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн улс болсноор тус байгууллагын бодлого, чиглэлийн дагуу олон улсын стандарт, шаардлагад нийцсэн иргэний нисэхийн тогтолцоо бүрдүүлэх, салбарыг хөгжүүлэх, дэлхийн агаарын харилцаанд бусад гишүүн улс орны адил эрх тэгш оролцох боломж бүрдсэн.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 206 дугаар хуралдааны үеэр Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 56 дугаар зүйлд заасан Агаарын навигацийн комиссын гишүүний тоо 19 байгааг 23 болгон нэмэгдүүлж, конвенцод өөрчлөлт оруулах тухай саналыг Боливи, Буркино Фасо, Камерун, Чили, Доминикан, Египет, Энэтхэг, Кени, Ливи, Никарагуа, Нигери, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Танзани, Венесуэл зэрэг улс дэвшүүлснийг Канад Улсын Монреаль хотноо 2016 онд зохион байгуулсан Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 39 дэх Ассамблейн чуулганаар хэлэлцэн тус конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах Протоколоор Агаарын навигацийн комиссын гишүүдийн тоог 21 болгон нэмэгдүүлсэн.

Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 56 дугаар зүйлд “Агаарын навигацийн комисс Хэлэлцэн тохирогч улсуудаас нэр дэвшүүлсэн хүмүүсийн дотроос Зөвлөл томилсон 19 гишүүнээс бүрдэнэ. Эдгээр хүмүүс нь агаарын тээврийн салбарын шинжлэх ухаан, практик ажлын зохих туршлага, мэргэшилтэй байна. Зөвлөл хэлэлцэн тохиролцогч улсуудад нэр дэвшүүлэх хүсэлт тавина. Агаарын навигацийн комиссын даргыг Зөвлөл томилно” гэж заасан.

      Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 57 дугаар зүйлд зааснаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Агаарын навигацийн комисс нь дараах үүрэгтэй:

-Конвенцын Хавсралттай холбоотой асуудлыг хэлэлцэх, Зөвлөлөөр батлуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах;

-Техникийн дэд комиссуудыг байгуулах;

-Агаарын навигацийн дэвшилд шаардлагатай бөгөөд тустай гэж үзсэн мэдээг цуглуулах, Хэлэлцэн тохирогч улсуудад хүргүүлэх талаар Зөвлөлд мэдэгдэх.

Дэлхийн агаарын тээврийн тэргүүлэгч орнууд болох ОХУ, БНХАУ-ын дунд байрлалтай манай улсын нутаг дэвсгэр дээгүүр Ази, Европ тивийг холбосон хамгийн дөт агаарын зам дамжин өнгөрч байна.

Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээвэр нь гуравдагч оронтой богино хугацаанд шууд холбогдох онц чухал ач холбогдолтой салбар бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор бүс нутгийн агаарын навигацийн гол түшиц орон зай болох, олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулах, агаарын тээвэр өргөжин хөгжихөд ач холбогдолтой аж.

“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрлчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаарх танилцуулга

Канад Улсын Монреаль хотноо 2016 онд зохион байгуулсан Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ассамблейн 39 дэх чуулганаар “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах протокол”-ыг баталсан.

Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50 дугаар зүйлд “Зөвлөл нь Ассамблейд ажлаа тайлагнадаг байнгын байгууллага мөн. Зөвлөл нь Ассамблейгаас сонгогдсон Хэлэлцэн тохиролцогч 36 улсаас бүрдэнэ. Сонгуулийг Ассамблейн анхдугаар чуулганаар зохион байгуулах бөгөөд түүнээс хойш 3 жил тутамд явагдаж, тийнхүү сонгогдсон Зөвлөлийн гишүүд дараагийн ээлжит сонгууль хүртэл үүргээ гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд 2016 оны Протоколоор Зөвлөлийн гишүүдийн тоо 36 байгааг 40 болгон нэмэгдүүлэхээр тогтсон.

Монгол Улс нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүний хувьд тус байгууллагын бодлого, стандарт, зөвлөмжийг хэрэгжүүлэх, үл тохирлыг мэдээлэх, аюулгүй ажиллагааны өргөтгөсөн аудитад хамрагдах, гишүүнчлэлийн хураамж төлөх зэргээр “оролцогч” улсын байр суурийг хадгалж байна. Монгол Улс бодлого тодорхойлох түвшинд оролцох, Зөвлөлийн бүрэлдэхүүнд Ази тивээс орсон 6 улсын төлөөллийг өргөтгөх санаачилгад өөрийн орны хувь нэмрийг оруулж, ирээдүйд Зөвлөлийн гишүүнээр сонгогдох үйл хэрэгт түлхэц болгох зорилгоор “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах протокол”-ыг соёрхон батлах нь зүйтэй байна.

Дэлхийн агаарын тээврийн тэргүүлэгч орнууд болох ОХУ, БНХАУ-ын дунд байрлалтай манай улсын нутаг дэвсгэр дээгүүр Ази, Европ тивийг холбосон хамгийн дөт агаарын зам дамжин өнгөрч байна. Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээвэр нь гуравдагч оронтой богино хугацаанд шууд холбогдох онц чухал ач холбогдолтой салбар бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор бүс нутгийн агаарын навигацийн гол түшиц орон зай болох, олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулах, агаарын тээвэр өргөжин хөгжихөд ач холбогдолтой юм.


Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглах болох тоногт төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулсан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаарх танилцуулга

Швед Улсын Стокхолм хотноо 2020 онд зохион байгуулагдсан Сайд нарын гуравдугаар хуралдаанаар дэлхий дахинд зарлан тунхагласан “Стокхолмын тунхаглал”-ын “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхийн зорилтууд 2030”-д тусгасан 2 дахь зорилтод “2030 он гэхэд бүх улс орнууд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой НҮБ-ын нэг буюу хэд хэдэн гол хууль, эрх зүйн бичиг баримтыг хүлээн зөвшөөрч, нэгдэнэ” гэж, мөн 5 дахь зорилтод “2030 он гэхэд 100 хувь шинэ автомашин (үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон) болон ашиглагдсан автомашинууд нь НҮБ-ын техникийн зохицуулалтууд, Дэлхийн техникийн зохицуулалт болон эдгээр бичиг баримттай нийцэхүйц үндэсний шаардлагууд зэрэг өндөр чанарын аюулгүй байдлын техникийн стандартуудад нийцсэн байна” гэж авто тээврийн салбарын хөгжилд нийцсэн 2 гол зорилт багтсан юм. 

Олон улсын хэмжээнд тавигдаж буй эдгээр зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус яамнаас НҮБ-ын тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалт, худалдаа, импорт, үйлдвэрлэлт болон тээврийн хэрэгслийн жолоочийн ажил амралтын горим, аюултай ачаа тээвэр, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн олон улсын гэрээнд нэгдэн орохоор ажиллаж байна.

Үүний нэг нь “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр (1958)” болно.

Одоогоор 1958 оны энэхүү хэлэлцээрт 50 хэлэлцэн тохиролцогч тал оролцдог бөгөөд түүний хавсралтад НҮБ-ын 145 техникийн дүрэм багтдаг. НҮБ-ын техникийн дүрэм нь техникийн дэвшилттэй зэрэгцэн өөрчлөгддөг бөгөөд хэрэв шаардлагатай бол Хэлэлцэн тохиролцогч талуудын техникийн болон улс төрийн зөвлөмж, шинжлэх ухааны мэдлэг болон технологийн дэвшлийг харгалзан шинэчлэгдэж байдаг.

Энэхүү хэлэлцээрт нэгдэн орсноор дараах ач холбогдолтой:

§  Дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг олон улсад тавигдаж буй хийцийн, аюулгүй байдлын болон ашиглалтын бүхий л цогц шаардлагын дагуу үйлдвэрлэж, улмаар экспортлох боломж үүснэ.

§  Монгол Улсад үйлдвэрлэсэн дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг энэхүү хэлэлцээрт нэгдэн орсон гишүүн орон, ажиглагч болон зөвлөх гишүүнчлэлтэй орнууд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрнө.

§  Бусад оронд үйлдвэрлэсэн дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг өөрийн улсад ашиглах нөхцөлийг хөнгөвчлөх боломж бүрдэнэ.

§  Бусад улс оронд үйлдвэрлэн гаргасан дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг хяналт тавих, тэдгээрт үүссэн доголдол, гэмтэл үүссэн, стандарт болон зохицуулалтаар тавигдсан шаардлагад нийцээгүй, мөн үйлдвэрлэгчийн мэдээлсэн үзүүлэлтэд тохирохгүй байх нөхцөлд тэр тухай бүрэн эрхийнхээ дагуу тогтоох, мэдэгдэх, мэдэгдлээ хамгаалах, өөрийгөө гэрчилгээжүүлэх чадамжтай байгууллагыг байгуулах боломж үүснэ.

§  Хэлэлцээрийн дагуу хийгдэж байгаа бүхий л үйл ажиллагаанд оролцож, өөрийн гишүүнчлэлийн хүрээнд зохицуулалт, журамд өөрчлөлт оруулахаар санал өгөх, зарим саналаас татгалзах эрх үүснэ. 

§  Шинэ техник, технологийн хөгжлөөс хамаарч өөрчлөгдөж байгаа техникийн дүрэм, шаардлага зэргийн талаарх мэдээллээр түргэн шуурхай хангагдана гэж Засгийн газраас үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл