Цэс

Холбоо барих

ХЗБХ: Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив


  Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.01.10) хуралдаан гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр 15 цаг 28 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Л.Мөнхбаатар гишүүн Улсын Их Хурлын дэд даргаар сонгогдсон. Иймд Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс Б.Энхбаяр гишүүнийг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг тэрбээр танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нь 1994 онд Чойбалсан хотын ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөж, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 1998-2004 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийн багш, 2000-2001 онд Улсын Их Хурлын гишүүний туслах, 2001-2002 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх, 2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга, 2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2009-2011 онд НДЕГ-ын Тамгын газрын дарга, 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх, 2014-2016 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгааг Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа.


  Эл санал болон хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Д.Ганбат, Д.Цогтбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тэд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, олон нийтийн хуульд итгэх итгэл, төрд итгэх итгэлийг сэргээхэд хуульчийнхаа хувиар, ард түмний төлөөллийн хувьд манлайлал үзүүлж ажиллахыг хүссэн. Байнгын хорооны даргаар ажиллахын зэрэгцээ Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үйл ажиллагаагаа зохион байгуулахыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат захив. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дараа Хүний эрхийн дэд хорооны даргын асуудлыг мөн ойрын хугацаанд шийдвэрлэж, агаар, орчны бохирдлоос үүдэн иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа асуудлыг хэлэлцэх шаардлагатайг сануулсан. Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу санал хураалт явууллаа. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 14 гишүүн санал нэгтэйгээр Б.Энхбаяр гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


  Дараа нь Засгийн газраас 2022 оны арван хоёрдугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцлөө. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төслийн талаар танилцуулсан.


  Улс орнууд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээний үндсэн дээр гадаад улсын нутаг дэвсгэрт хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагааг гүйцэтгүүлэх боломжтой болж, хэрэг маргааныг үр дүнтэй шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Монгол Улс одоогийн байдлаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр нийт 23 улстай хоёр талт олон улсын 36 гэрээ байгуулсан бөгөөд үүний 16 нь иргэний хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ юм байна. Монгол Улс БНХАУ-тай 1989 онд “Иргэн эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод үйлчилдэггүй аж. Иймээс Монгол Улсын иргэд БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод суралцах ажиллах, бизнес болон аяллын зорилгоор зорчих, оршин суух явдал нэмэгдсэнтэй холбогдуулан Монгол Улс БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хооронд иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээр байгуулахаар Макаогийн талтай тохирч, төслөө 2019 онд эцэслэсэн байна. Макогийн тал хэлэлцээрийн төслийг эцэслэн хянаж гарын үсэг зурахад бэлэн болсноо 2022 онд мэдэгдсэн гэдгийг төслийн танилцуулгад Х.Нямбаатар сайд танилцуулав. Хэлэлцээрийн төсөл нь 19 зүйлтэй. Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх үндсэн зарчим, харилцах журам, эрх зүйн туслалцаа үзүүлэх хүрээ хязгаар, шүүхийн болон шүүхийн бус баримт бичгийг хүргүүлэх, нотлох баримт цуглуулах, шүүхийн даалгавар биелүүлэх, баримт бичгийн бүрдүүлбэр, тавигдах шаардлага, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан. Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт заасны дагуу Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр нь Улсын Их Хурлаар соёрхон батлах олон улсын гэрээ юм байна. Иймд Олон улсын гэрээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан соёрхон батлах олон улсын гэрээг байгуулах гэрээнд гарын үсэг зурах шийдвэрийг Засгийн газар, Улсын Их Хурал, холбогдох Байнгын хороодод урьдчилан зөвшилцөнө гэж заасны дагуу хэлэлцээрийн төслийг танилцуулж байгаа аж.


  Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, хэлэлцэж буй төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод зорчсон монгол иргэдийн тоо, мөн тэдгээрээс эрх зүйн туслалцаа авах шаардлагатай болсон тохиолдлуудын талаар тодрууллаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 12 иргэн Макаод  байнгын оршин сууж, үйл ажиллагаа явуулж байгааг ажлын хэсгээс мэдээлсэн бөгөөд 5 иргэн ял эдэлж байгаа гэв. Харин манай улсын иргэн, хуулийн этгээд нь арилжааны үйл ажиллагаанаас үүдэлтэй Макаогийн харьяалалтай иргэн, хуулийн этгээдтэй үүсгэсэн маргаан байхгүй гэдгийг мэдээлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хэлэлцээрийн хүрээн дэх зохицуулалтын талаар тодруулж асуусан юм. Монгол Улс БНХАУ-тай 1989 онд байгуулсан “Иргэн эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” гэрээний хүрээнд жилд тус улсад ял эдэлж буй 2-5 иргэнээ шилжүүлж авдаг. Одоо 80 гаруй иргэн БНХАУ-д ял эдэлж байгаа гэх мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд өгсөн. Харин тус улсын засаг захиргааны онцгой бүс Макаод дээрх гэрээ үйлчилдэггүй юм байна. 2017 оноос эл гэрээг байгуулахаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд үйл явц үргэлжилсээр өнөөдрийг хүрч байгаа аж. Ийнхүү гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, мэдээлэл авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.


  Хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх байв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа танилцуулсан.

  Монгол Улс эдийн засгийн өсөлтийг дэмжих, эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг болон аж ахуй нэгжүүдийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, хөгжлийн мега төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор Хөгжлийн банкыг байгуулсан гэдгийг тэрбээр илтгэлийнхээ эхэнд дурдав. Гэвч энэ хөрөнгө оруулалтууд зорилтот салбар, бүлэгтээ тэр бүр хүрч чадахгүй, улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор зээл олгоход баримтлах хууль тогтоомжийг зөрчин, нөлөөлж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдэд олгуулж, энэ хэрэгтээ улс төрийн болон эрүүгийн хариуцлага хүлээсэн явдал удаа дараа гарсаар байгаа гэв. Эдгээр зүй бус үйлдлүүдэд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх олон нийтийн хардлага нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурч байна хэмээн үзэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор төрийн өндөр албан тушаалтнууд төрөөс баталгаа гаргасан аливаа төрлийн зээл, хөрөнгө оруулалтыг завших, өөрийн хамаарал бүхий этгээдэд олгуулахаар нөлөөлөх асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх хуулийн төслийг боловсруулсан байна.

  Тодруулбал, төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтыг аливаа этгээдэд хууль зөрчин олгуулахаар нөлөөлөх, улс төрд нөлөө бүхий албан тушаалтан тэдгээрийн хамаарал бүхий этгээд эзэмшдэг хуулийн этгээд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор төрөөс санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрөөс үзүүлэх аливаа дэмжлэг тусламжид хамрагдахыг хориглосон зохицуулалтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.


  Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Б.Энхбаяр нар асуул асууж, төсөл санаачлагчаас хариулт авсан. Засгийн газраас ойрын хугацаанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээлсэн. Эл төслөөр нийтийн албанд улс төрд нөлөө бүхий этгээдүүдэд аж ахуй эрхлэх болон төрөөс авах дэмжлэг туслалцаатай холбоотой хязгаарлалтуудыг тодорхой болгох юм байна. Ш.Адьшаа гишүүний өргөн мэдүүлсэн, хэлэлцэж буй төслийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд Засгийн газрын дээрх төсөлтэй нэгтгэн хэлэлцэх боломжтой эсэхийг Х.Нямбаатар сайд лавлав. Төсөл санаачлагч Ш.Адьшаа гишүүн татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийллээ. Улс төрд нөлөө бүхий этгээдийн үйл ажиллагаатай холбоотой хориглолт, хязгаарлалтдаа тодорхой заагийг нарийвчлан хуульчлах шаардлагатай гэдэг саналыг гишүүд хэлж байв. Тодруулбал, 1990-ээд оны өмч хувьчлалын үеэрх цэнхэр, ягаан тасалбараар эзэмшсэн, бага хэмжээний хувьцааг нь улс төрд нөлөө бүхий этгээд эзэмшиж байгаагаас үүдэн тухайн аж ахуйн нэгж зээл, урамшуулал, төрөөс явуулж буй аливаа арга хэмжээ, хөтөлбөрт оролцох боломжгүй болох эрсдэлтэйг сануулж байв. Мөн хамаарал бүхий этгээд гэсэн хязгаарлалтаа дээрх шалтгааны улмаас нэн тодорхой болгох шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байлаа.

  Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжив. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл