Цэс

Холбоо барих

“Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

“Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоол батлагдав

  Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.01.12) нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад гишүүдийн 53.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.


  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Тус хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэн хэлэлцүүлжээ.

  Баттөмөрийн Энхбаяр нь 1994 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль, 1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр. 1998-2004 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуульд багш, 2000-2001 онд Улсын Их Хурлын гишүүний туслах, 2001-2002 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх, 2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зурагзүйн газрынТамгын газрын дарга, 2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2009-2011 онд Нийгмийн даатгалын өрөнхий газрын Тамгын газрын дарга, 2011- 2013 онд Монгол Ардын Намын бүлгийн даргын зөвлөх, 2014-2016 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн зөвлөх, 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

  Хууль зүйн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.


  Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, Б.Энхбаяр гишүүнээс хариулт авсны дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 55 гишүүний 47 буюу 85.5 хувь нь дэмжив. Үүгээр “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нэгдсэн хуралдаанд эцсийн найруулгыг танилцуулсан юм.

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

  Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

  Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүнээс 2016 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2022 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр, 2023 оны нэгдүгээр сарын 05, 06-ны өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

  Тус Байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ.


  Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас санал хураалт явуулахгүйгээр төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулахаар Байнгын хороонд шилжүүлсний дагуу Ажлын хэсэг төслийн 10, 25 дугаар зүйлүүдэд заасан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран батлах журмуудын ерөнхий зохицуулалтыг дэлгэрэнгүй тусгасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд бэлтгэснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг үндэслэн санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

  Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн болохыг Ц.Цэрэнпунцаг гишүүн танилцуулав.

  Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, С.Бямба-Очир, Б.Дэлгэрсайхан, Д.Ганбат нар асуулт асууж, Байнгын хорооны дарга, ажлын хэсгээс хариулт авлаа. Бусад улс орны төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банкууд хөрөнгө оруулалтын чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалтын талаарх гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулт өгөхдөө “Төслийн 15.2 дахь заалтаар зохицуулахаар тусгасан байгаа. Гадаад улс орны төрийн өмчит хуулийн этгээд Монгол Улсад хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл хүссэн бол Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21.1-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас буюу гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Эдийн засгийн хөгжлийн яамнаас урьдчилсан зөвшөөрөл авах юм. Дээрх заалтын хүрээнд уул уурхай, банк, санхүү, хэвлэл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд урьдчилж зөвшөөрөл авах зохицуулалттай” гэдэг хариулт өгсөн. Төслөөр хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк төсөл санхүүжүүлэх зорилгоор харилцагчийн үнэт цаасны зах зээл, мөнгөний зах дээр арилжаалагдах үнэт цаас, санхүүгийн хэрэгслийг худалдаж, худалдан авч болох бөгөөд компанийн хувьцааг тав хүртэлх жилийн хугацаанд эзэмших зохицуулалтын талаар С.Бямбацогт гишүүн тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан юм.


  Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үндсэн үйл ажиллагаа нь төсөл санхүүжүүлэх бөгөөд үнэт цаас, санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах үйл ажиллагаа нь үндсэн үйл ажиллагааг дагалдах хэрэгсэл болно гэдэг тайлбарыг хэлэв. Тодорхой төслийг санхүүжүүлэх явцдаа төслийнхөө талаар, үйл ажиллагааных нь талаар мэдээлэлтэй байж, амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой байх үүднээс харилцагч, түүний холбогдох этгээдийн гаргасан хувьцааны 20 хүртэл хувийг хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь эзэмшиж болох бөгөөд эзэмшиж байгаа хувьцаа нь саналын эрхгүй байхаар төсөл тусгасан байна. Харин энэ төрлийн харилцааг нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран баталсан журмаар зохицуулах аж. Хөрөнгө оруулсан компанийнхаа хувьцааны тодорхой хувийг худалдан авч, тав хүртэлх жилийн хугацаанд эзэмших зохицуулалтыг олон улсын жишгийн дагуу оруулсан бөгөөд бусад улс орнуудад 5-9 жил байдаг гэв. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсын дараа Эдийн засгийн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын 2 томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Төслийн 8 дугаар зүйлийг 10 дугаар зүйл болгон, бүхэлд нь өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 53 гишүүний 52.8 хувь нь, төсөлд “Хяналт шалгалт” гэсэн 25 дугаар зүйлийг шинээр нэмэхийг гишүүдийн 51.9 хувь нь дэмжив. Ийнхүү Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

  “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав.

  Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ш.Адьшаа нарын 15 гишүүнээс 2022 оны арван хоёрдугаар сарын 05-ны өдөр нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлт ирүүлсний дагуу “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагуудын тайлан мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсголыг 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж, Улсын Их Хурлын 2023 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсголын тайланг хэлэлцүүлсэн.

Сонсголын тайлан сонссонтой холбогдуулан “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооноос санаачлан боловсруулж, 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ.

  Тогтоолын төсөлд нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой эрх бүхий байгууллагуудын удирдлага, хяналт, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаатай Засгийн газрын шалгалтын ажлыг уялдуулах, Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн бүтээгдэхүүний ил тод байдлын тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэх, 1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг судлан үзэж, саналаа танилцуулах, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударгаар  хүртээх зорилгоор “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэн бүрд шинээр хувьцаа эзэмшүүлэх асуудлыг судалж, танилцуулах, иргэний мэдээлэл авах эрхийг хангах хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид үндэслэн аж ахуйн болон хөрөнгө оруулалтын чиглэлийн аливаа оффтейк гэрээ байгуулахгүй байх, улсын нууцад хамааруулахгүй байх, шаардлагатай тохиолдолд Улсын Их Хуралд танилцуулж, хэлэлцүүлэх, “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас санхүүжүүлсэн оффтейк гэрээний хүрээнд хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа төмөр замын бүтээн байгуулалтад хөндлөнгийн аудит оруулах, аудитын дүгнэлтэд үндэслэн санхүүжилтийг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх зэрэг тодорхой арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.


  Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлах сонсголыг Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан зохион байгуулах, нийтийн эрх ашгийг хөндсөн Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалт, үр нөлөөг сайжруулах зорилгоор оролцогчдын хамрах хүрээ, эрх, үүргийг тодорхой болгох, сонсголын үр дүнг мэдээлэх, холбогдох байгууллагад үүрэг чиглэл өгөх, биелэлтэд хяналт тавих, шаардлагатай гэж үзвэл холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаарх саналаа Улсын Их Хуралд танилцуулахыг холбогдох Байнгын хороодод даалгасан болохыг Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан байна.


  С.Чинзориг гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Амарсайхан, Н.Ганибал, Ж.Батжаргал, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Т.Доржханд, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 онд 1072 ширхэг хувьцаа эзэмшигч 2.171.000 иргэнд 154 тэрбум төгрөгийн ноогдол ашгийг хувааж олгосон баримтыг М.Оюунчимэг гишүүн танилцуулаад энэ жишгээр 2020, 2021, 2022 онуудын мөн хэмжээний ноогдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэдэдээ олгох боломж бий хэмээн үзэж буйгаа хэлсэн. Мөн тогтоолын төсөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн босгосон бондуудын зарцуулалтын тайланг олон нийтэд ил тод болгох асуудлыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан тогтоолын төсөлд “2021, 2022 онуудад 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох” хэмээн тусгасан байгааг дурдаад, үүнийг бэлэн мөнгөөр олгохын оронд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт суутгах, орон сууцны төлбөрт суутгах гэх зэрэг олон хувилбараар ашиглах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хувьцааны үр өгөөжийг хуваарилах саналыг хэлж байв. Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт, түүнд тавих хяналтыг сайжруулж, ил тод байдлыг ханган, үр ашгийг дээшлүүлэх үүрэг чиглэлийг Засгийн газарт нэн тодорхой хэлбэрээр өгөх ёстой гэдэг байр суурийг Ж.Батжаргал гишүүн илэрхийлсэн. Уул уурхайн салбар, ашигт малтмал олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжүүд, тэдгээртэй холбоотой бусад төрлийн үйл ажиллагааг хяналтад оруулж, үр ашгийг нийтэд хүртээх асуудлаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагын талаар Ш.Раднаасэд гишүүн байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын хэмжээнд нийтдээ 1148 ширхэг ашиглалтын лиценз байгааг 3.4 сая хүнд хувааж тооцоход 2800 хүн тутам нэг лиценз ашиглах тооцоолол гарч байгааг дурдаад тогтоолын төслөөр ердөө ганц аж ахуйн нэгж буюу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн асуудлыг бус байгалийн баялгийн үр өгөөжийг нийтэд тэгш, хүртээмжтэйгээр хуваарилах асуудлыг шийдвэрлэх санал гаргаж байлаа. 

  Ийнхүү “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл