Цэс

Холбоо барих

Байгаль орчны багц хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцогчид салбарын хуулийн давхардал, хийдэл зөрчлийг арилгахыг анхаарууллаа

 

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль хамгаалал консервацийн бүлгээс санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран өнөөдөр (2023.01.12) Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан танхимд” Байгаль орчны багц хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, С.Ганбаатар болон холбогдох яам, агентлаг, олон улсын төслийн болон төрийн бус байгууллагыг төлөөлөл, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 50 гаруй хүн оролцсон юм.

Хэлэлцүүлгийг нээж, Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Саранчимэг үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, үйлдвэрлэл, хэрэглээний хэт өсөлтөөс үүдэлтэй байгалийн нөөцийн хомсдол нь эрсдэл учруулахаар байгааг онцлоод бид энэ хандлагаараа цааш хөгжвөл 2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоосоо 1.5 дахин давна гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг. Иймд улс орон, иргэн бүр өөрсдийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлагатай байгааг дурдлаа.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” баримт бичигт нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгууртай бодлогыг баримтлахаар тусгасан. Гэвч бид эдийн засаг, нийгмийн асуудалд хэт анхааран байгаль орчны бодлогоо хойш тавьсаар ирсний үр дагавар нь өнөөгийн бидний амьдарч буй Улаанбаатар хотын жишээнээс тодхон харагдаж байна гэв.


Монгол Улсын Их Хурал “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын баримт бичгийг тус тус баталж, эдгээр бодлогын баримт бичгийн хүрээнд байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, биологийн олон янз байдлыг хамгаалах, агаар, ус, хөрсний бохирдол, газрын доройтлыг бууруулах, салбарын хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байгаа ч бодлого, зорилт, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг Байнгын хорооны дарга тодотгоод 2021 оны Монгол Улсын Их Хурлын 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу байгаль орчны салбарын хууль тогтоомжийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах шаардлагатайг онцлов.

Мөн тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2019 онд Байгаль орчны салбарын 17 хуульд өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Тухайн үед эдгээр хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг миний бие ахалж ажилласан. Өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалд байгаль орчин, аялал жуулчлалын салбарт мөрдөж байгаа нийт 36 хуулийн давхардал, хийдэл, зөрчлийн асуудлыг бүрэн тусгаагүй, давхардал, хийдэл, зөрчилтэй гэж үзсэн 17 хуулийг хэрхэн сонгосон нь тодорхоогүй,  нийт 115 давхардал, 181 хийдэл, 167 зөрчил тогтоосон гэж тусгасан боловч өргөн барьсан төслүүд нь зөрүүтэй байсан. Тус ажлын хэсгээс салбарын бүх хуулиудыг багцаар нь хамруулах, үндэслэл, судалгаа, үр нөлөөний үнэлгээг сайтар хийж, үзэл баримтлалыг дахин боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх шаардлагатай гэж үзсэнээр Засгийн газраас эдгээр хуулийн төслийг 2022 онд буцаан татсан гэж байлаа.

Аливаа хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө холбогдох судалгааг үндэслэлтэй сайн хийж, чиглэл чиглэлийн оролцогч талуудын саналыг тусгаж, агаар, ус, хөрс, амьтан, ургамал, уур амьсгал, цөлжилт, газрын доройтол зэрэг байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг бүрээр болон экосистемийн түвшинд цогцоор нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулах шаардлагатай байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход бэлтгэлийг сайтар ханган ажиллах нь чухал. Улсын Их Хурлын Байгаль хамгаалал консерваци лобби бүлэг энэ ажилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгийг Байнгын хорооны дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд онцолсон.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг Улсын Их Хурал дахь Байгаль хамгаалал консервацийн бүлгээс өнгөрсөн жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар товч танилцуулав.

 

Үргэлжлүүлэн Байгаль орчны салбарын хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах дүн шинжилгээ хийх, салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах судалгааны ажлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга танилцуулав.

Байгаль орчны салбарын хууль тогтоомжийн харилцан хамаарлыг системчлэх аргаар судалж, хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг судлан илрүүлж, дүн шинжилгээ хийх, тулгамдсан асуудлыг тодорхойлон хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, цаашид холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чиглэсэн санал, зөвлөмж гарган хуулийн төсөл боловсруулах ажлыг Монгол Улсын Их сургууль болон Отгонтэнгэр Их сургуулийн профессор, доктор, багш нараас бүрдсэн судалгааны багаар эрхлэн гүйцэтгүүлсэн. Судалгааны баг нь байгаль орчны салбарт мөрдөгдөж буй 33 хуулийн давхардал, зөрчил, хийдэлд дүн шинжилгээг хийсэн бөгөөд судалгааны үр дүнд нийт 96 давхардал, 164 зөрчил, 335 хийдэл  байгаа нь цаашид байгаль орчны салбарын багц хуулийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлт гарсныг Төрийн нарийн бичгийн дарга танилцуулгадаа онцоллоо.

Уг судалгааны дүгнэлтэд, байгаль орчны салбарын багц хуулийн шинэчлэлийг хийхийн зэрэгцээ тус яамны хэмжээнд 2050 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх стратегийн төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэх, олон улсын бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан дэлхий нийтийн бодлогын үзэл баримтлал, удирдамж, чиглэлийг бодлого болгон хэрэгжүүлэх, Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэх, үндэсний хууль тогтоомжийг эдгээр олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх, уялдуулах, БОХтХ-д тодорхой харилцааны нарийвчилсан зохицуулалтыг батлах эрхийг төрийн бусад байгууллагад шилжүүлсэн боловч нарийвчилсан зохицуулалт батлагдаагүй байгааг дурдсан байна.

Мөн ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд батлагдсан хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, хяналт тавьж ажиллах, газрын чанарын төлөв байдлын хяналт-шинжилгээний сүлжээг боловсронгуй болгох талаар хуульчлах, хуулийн зохицуулалтын бичвэрийг бусад хуульд давтан хуулбарлан хуульчилсан, эрх бүхий этгээдийн чиг үүргийн давхардлуудыг арилгах, эрх зүйн хийдлийг арилгах, хэм хэмжээнүүдийг боловсронгуй болгоход эрх зүйн системчлэлийн техникийг ашиглах шаардлагатайг дурджээ.


Түүнчлэн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон байгаль орчинд халтай үйл ажиллагаанд олгодог татаасыг дэс дараатай бууруулж, ногоон хөгжил, ядуурлыг бууруулах үйл ажиллагаанд шилжүүлэх судалгаа хийх, мэргэжлийн байгууллагын оролцоотой хэрэгжүүлэх, байгаль орчинд нөлөөлөх арга хэрэгслийг дайсагнах бусад аливаа зорилгоор ашиглахыг хориглох тухай конвенцын “байгаль орчинд нөлөөлөх арга хэрэгсэл”-ийн үзэл баримтлалын талаар хуульд нийцүүлэх, байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд газрын төлбөрийн орлогоос эсвэл зөвхөн тусгай хамгаалалттай газарт газар ашигласны төлбөрийн орлогоос эргүүлэн зарцуулах уу гэдгийг нэг мөр болгох шаардлагатай талаар дурдсан байв.

Хуулийн зорилттой нийцэхгүй хэм хэмжээ, хуулийн нэр томьёог өөр өөрөөр хуульчилсан, салбарын төрөлжсөн хуулиудад БОХтХ-ийг эшлэлээр авахдаа алдаатай, хүчингүй болсон хэм хэмжээг эшлэлээр авсан, БОХтХ-д төлбөр, хураамж тогтоосон хэм хэмжээ цөөнгүй, хуулийн зүйл, заалт нь тухайн хууль болон өөр хуулийн заалттай зөрчилдсөн байдлыг арилгах, зарим хуулийн нэр томьёоны тодорхойлолтоос эхлээд зохицуулах харилцааны агуулгыг бүхэлд нь конвенц болон "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хуулийг нийцүүлэх, төрийн байгууллага, албан тушаалтнаас тодорхой асуудал шийдвэрлэхээр хуульд заасан хугацаа нь тодорхойгүй, хуульд хориглосон зохицуулалтаар хүлээлгэх хариуцлагын талаар Зөрчлийн тухай хуульд зохицуулалтгүй, хуульчлах шаардлага бүхий харилцаа цөөнгүй байгааг судалгааны дүгнэлтэд дурдсан байлаа.


Монгол Улсын нийгэм, эдийн засаг, эрх зүйн ижил төстэй гадаадын зарим орны байгаль орчны салбарын хуулийн сайн туршлагыг нэвтрүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрч, түгээмэл хэрэгжүүлж буй байгалийн баялгийн зохистой ашиглалтын онол, үзэл баримтлалыг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг салбарын яамны Төрийн нарийн бичгийн дарга танилцуулгадаа тодотгохын зэрэгцээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг 1995 онд баталснаас хойш 27 жил дагаж мөрдөхдөө 28 удаа нэмэлт, өөрчлөлт орсон нь салбарын төрөлжсөн хуулийн давхардал, зөрчил, хийдлийг шалган тогтоож, түүнд үндэслэн цаашид байгаль орчны салбарын суурь хууль болох Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлийг тодорхойлох зайлшгүй шаардлага байгааг онцолсон.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам судалгааны багийн тайлан болон эрх зүйн системчлэлийн кодификацийн аргаар байгаль орчны салбарын багц хуулиудыг нэгтгэн боловсруулах шаардлагатай гэсэн санал дэвшүүлснийг хүлээн авч, байгаль орчны салбарын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг хамтран хэрэгжүүлэхээ мэдэгдсэн юм.


Хэлэлцүүлэгт оролцогчид сэдвийн хүрээнд салбарын яамны удирдлагууд болон судалгааны багийнхантай санал солилцож, асуулт асууж, хариулт авсан. Оролцогчид Байгаль орчны багц хуулийн төслийг салбарын эрдэмтэн, судлаачид, төлөөллөөрөө хэлэлцүүлэн мэдэх эрхийг нь хангаж буйд талархахын зэрэгцээ байгаль хамгаалах иргэд, төрийн бус байгууллагуудтай Байгаль орчин, аялал жуулчлалын яам салбарын хэлэлцээр хийдэг олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх, зохицуулалтыг холбогдох хуулийн төслүүдэд тусгах, цаашлаад байгаль орчны багц хуулийн төслийг нийгэм, эдийн хөгжлийн 10-20 жилийн ерөнхий төлөвийг харж боловсруулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Тухайлбал, "Цэнгэг усны хүрээлэн" төрийн бус байгууллагын тэргүүн, доктор Д.Доржсүрэн, "Байгаль орчны салбарын хүрээнд 33 хууль батлаад хэрэгжүүлж байхад өнөөдөр байгаль орчны бохирдол ямархуу дүр зурагтай байгаа нь бидний хийж буй ажлууд байгаа олоогүйг харуулж байна. Цаашид хуулийн төслүүдээ боловсруулахдаа байгаль орчныг хамгаалах, орчны бохирдол доройтлоос сэргийлэх, биологийн олон янз байдал гэсэн гурван чиглэлээр багцлахад анхаарах шаардлагатай" гэсэн саналыг хэлсэн бол Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн, "Байгаль орчны салбарын хуулиудад судалгаа хийсэн баг, салбарын яамныхан  дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд байгалийг ашиглагч нь хамгаална, бохирдуулагч нь төлбөр төлнө гэсэн зарчимд тулгуурлан хуулиудаа эргэн харах  нь зүйтэй. Мөн байгалийг ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд бүрэн эрх ч байхгүй,  хариуцлага ч хүлээдэггүйг анхаарч, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, албадлагаас илүүтэй эдийн засгийн хөшүүрэг рүү шилжих, олон нийтийн хяналт, оролцоог хангуулахад хуулийн төслөө чиглүүлж, тодорхой зохицуулалтуудыг тусгах шаардлагатай" гэж байв.

Хэлэлцүүлгийг хааж Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлсэн үгэндээ, Байгаль орчны багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг цаашид цувралаар явуулахаар болсныг мэдэгдээд салбарын яам, судалгааны багийнхан өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг тэмдэглэж, боломжтой бол төсөлд тусгах, мөн хуулийн төслүүдэд иргэдийн санал өгөх боломжийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл