Цэс

Холбоо барих

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.01.25/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан бөгөөд үргэлжлүүлэн гишүүд үг хэлж хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжсэн болон дэмжээгүй байр сууриа илэрхийлсэн.


УИХ-ын гишүүн О.Баасанхүү, хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих боломжгүй гэлээ. Дээрх хуулийг шинэчилснээр бүх тогтолцоог өөрчлөх болно. Мөн маш олон мэдээлэл ил болох сөрөг талтай гэсэн байр суурьтай байсан бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, одоо мэдээллийн ухаалаг сантай болох хэрэгтэй. Гурван сая иргэндээ төрийн үйлчилгээг ухаалаг мэдээллийн сангаараа дамжуулан чирэгдэлгүй хүргэдэг тогтолцоонд шилжих ёстой хэмээгээд хуулийн төсөл батлагдвал олон төрлийн лавлагаа, түүний хуулбарыг гаргуулж, иргэдийг чирэгдүүлдэг явдал үгүй болж, мэдээллийн давхцлыг арилгах эерэг үр дүн гарна гэж ойлгож байна гэлээ.

Гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй учир хуулийн төслүүдийг Засгийн газарт буцаалаа.

Мөн хуралдаанаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр тогтсон байсан ч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх боломжгүй болсонтой холбогдуулан дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлыг түр хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гаргасан учир хэлэлцүүлгийг хойшлууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл