Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг өнөөдөр (2018.01.26) Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтрийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Жон Лангтри хүлээн авч уулзаж буйд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэгт талархал илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг хоёр улсын, тэр дундаа батлан хамгаалах салбар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа боловсрол, Зэвсэгт хүчний салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэхийн зэрэгцээ 2013 оноос талууд БНСУ-д суугаа Батлан хамгаалахын атташегийн албыг албан ёсоор харилцан хавсран суулгах болсон нь хоёр орны батлан хамгаалах харилцаа хөгжихөд чухал алхам болсныг онцолсон.
Уулзалтын үеэр талууд цаашид хоёр улсын батлан хамгаалах салбар хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс харилцан айлчлалыг тогтмолжуулах, батлан хамгаалах бодлогын яриа хэлцлийг уламжлал болгож зохион байгуулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх явц, энхийг дэмжих ажиллагааны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Уулзалтад Австрали Улсаас Монгол Улсад хавсран суух Батлан хамгаалахын атташегаар шинээр томилогдсон хурандаа Ник Болтон, Австралийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Бен Фаллет нар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.