Цэс

Холбоо барих

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан хэлэлцүүлэг зохион байгуулав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Гэр бүлийн талаархи бодлого, эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.05.15/ Төрийн ордонд зохион байгууллаа. 

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1993 онд “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тэмдэгдэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж, дэлхий нийтээр 1994 оноос, Монгол Улсад 2003 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Энэ удаагийн гэр бүлийн өдрийн хүрээнд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, шийдвэр гаргах арга замыг хамтран тодорхойлж, хуулийн төсөлд тусгахаар зорилго тавьжээ. 



Хэлэлцүүлгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг удирдаж, УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг нээж үг хэллээ. Тэрбээр “Нийгмийн хөгжлийг дагаад үүсч байгаа шинэ нөхцөл байдалтай уялдуулж, гэр бүлийн тухай хуульд шинээр тусгах олон асуудал урган гарч байна. Гэр бүл цуцлалт, таагүй уур амьсгал, хүчирхийллийн улмаас хүүхдэд тавих эцэг, эхийн анхаарал, халамж суларч, хүүхдийн ахуй амьдрал, сурлага хүмүүжилд сөргөөр нөлөөлж, улмаар гэр бүлээсээ дайжиж, гудамж, асрамж халамжийн газруудад амьдрах, гэмт хэрэгт холбогдох, хорих газарт ял эдлэх, хүнд хөдөлмөр эрхлэх, хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн золиос болох, олдмол хөгжлийн бэрхшээлтэй болох зэрэг эрсдэлд өртөж байна. Тиймээс гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар ажиллаж байна. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд төрөөс гэр бүлийн тогтвортой, хамтын амьдралыг дэмжих, гэр бүлийн талаар явуулж буй бодлого, үйлчилгээг гэр бүлд шуурхай хүргэх үүрэг бүхий төрийн байгууллагын чиг үүргийг тодорхойлж, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг сайжруулах, гадаадын иргэн оролцсон гэр бүлийн асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлагатай байна” гэлээ. 

Албан ёсны мэдээллээс үзэхэд, 2017 оны байдлаар Монгол Улсад 885.6 мянган өрх айл байгаагаас 65 хувь нь хот суурин газарт, 35 хувь нь хөдөөд амьдарч, нэг өрхөд 3.5 хүн ногдож байна. Мөн онд 20.4 мянган хос гэрлэлтээ бүртгүүлсэн нь өмнөх оноос 22 хувиар өсөж, 3.9 мянган хос гэр бүлээ цуцлуулсан нь өмнөх оныхоос 1.4 хувиар буурчээ. 

2010 оны хүн ам, орон сууцны тооллогоор гэр бүлтэй болон хамт амьдардаг хүн амын 86 хувь нь хууль ёсоор батлуулсан бол 14 хувь нь батлуулаагүй байна. Залуу гэр бүлийн 60 орчим хувь нь эцэг, эхтэйгээ амьдарч байна. Судалгаанд хамрагдсан 850 мянган залуусаас 173.5 мянга нь орон сууцанд, 673.3 мянга нь гэрт амьдарч байна. Орон сууцанд амьдарч байгаа залуучуудын 35.1 хувь нь орон сууцны зээлтэй байгаа ажээ. 



УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийсэн мэдээлэлдээ Монгол Улсын Засгийн газраас гэр бүлийн хөгжлийн чиглэлд 2016-2020 онд хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. Тухайлбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүтцийг бий болгох, гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхэд төрсөн цагаасаа эхэлж өмчийн эзэн байх эрх зүйн орчинг бүрдүүлэх, залуу гэр бүл, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг тэргүүнд ээлжинд орон сууцжуулах, орон сууцны түрээсийг урьдчилгаанд шилжүүлэн тооцуулдаг аргачлалыг үе шаттай нэвтрүүлэхээр ажиллаж байна гэв. 



Хэлэлцүүлэгт олон улсын Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ “Монгол гэр бүлийн үнэт зүйл ба өнөөгийн байдал” сэдвээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах “Гэр бүл, хүүхдийн эрх ашигтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэлтийн байдал” сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогчид холбогдох хүмүүсээс асуулт асууж, санал бодлоо хэллээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл