Цэс

Холбоо барих

ИНФОГРАФИК: Бүгд Найрамдах Киргиз Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 24 дүгээр тогтоолын танилцуулга

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль, тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байхаар боллоо. Энэ удаа Бүгд Найрамдах Киргиз Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын 2018 оны 24 дүгээр тогтоолын төслийн инфографик, тогтоолын танилцуулгын хамт толилуулж байна.

БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСАД ЭЛЧИН САЙДЫН ЯАМ 

НЭЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 

2018 ОНЫ 24 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА 

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 

2018 оны 03 дугаар сарын байдлаар Монгол Улсын 29 Элчин сайдын яам, 11 Ерөнхий консулын болон Консулын газар, 2 Байнгын төлөөлөгчийн газар, 1 Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байна. 

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 43 дугаар тогтоолоор Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо Ерөнхий консулын газар байгуулахаар шийдвэрлэсний дагуу 2014 онд Ерөнхий консулын газрыг 4 хүний орон тоотойгоор нээн ажиллуулж байна.


Монгол Улс Бүгд Найрамдах Киргиз Улстай 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд уламжлалт найрсаг харилцаатай. Иргэд харилцан визгүй зорчдог. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулж байгаа 18 гэрээ, хэлэлцээр байдаг бөгөөд Төв Азийн бүс нутаг дахь манай улсын чухал түнш орны нэг юм. Хоёр улсын хооронд түүх, соёлын гүн бат хэлхээ холбоотой бөгөөд нүүдлийн соёл иргэншил, нүүдлийн мал аж ахуй, хэл, ёс заншлын адил төсөөтэй олон нийтлэг зүйлтэй.   2017 оны 11 дүгээр сарын байдлаар хоёр орны худалдааны нийт эргэлт 600,000 ам.доллар, үүнээс экспорт 268,600 ам.доллар, импорт 328,000 ам.доллар байна. 

Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод байрлах  Ерөнхий консулын газрын түвшинг Элчин сайдын яам болгон ахиулсанаар хоёр орны түүх, соёлын эртний уламжлалт харилцаа, хэлхээ холбоо бэхжих, худалдаа, эдийн засгийн харилцааг түүхэн уламжлал, туршлагадаа тулгуурлан харилцан ашигтай хэлбэрээр хөгжүүлэх, бүс нутгийг хамарсан эдийн засгиийн томоохон төслүүд болох газрын тос, хийн хоолой, дэд бүтцийн төслүүдэд оролцох боломжтой болох, Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болон бүс нутгийн орнуудтай хийх худалдааны эргэлт сайжрах чухал ач холбогдолтой юм. 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл