Цэс

Холбоо барих

ТБХ: “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2023.01.19) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.


    Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Ж.Ганбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. 

    Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, С.Ганбаатар, Б.Пүрэвдорж нарын гаргасан тогтоолын төслийн  "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 27 дугаар бүлгийн “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн 0-5” гэснийг “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн 5” гэж өөрчилсүгэй” гэсэн 3 дугаар заалтыг хасах гэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Үргэлжлүүлэн, 3 дугаар заалт хасах зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан Байнгын хорооноос боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж, шийдвэрлэсэн юм. 


    Ингээд “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

    Хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. 


    Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Танилцуулгадаа, Монгол Улс, Азийн хөгжлийн банктай хамтран “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг Уур амьсгалын ногоон сан, Европын хөрөнгө оруулалтын банкны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

    Тус хөтөлбөрийн хүрээнд Эдийн Засаг, хөгжлийн яамнаас хөдөө аж ахуйн ложистик, ханган нийлүүлэлтийн төв, үйлдвэр болон кластерын зориулалттай байршлуудыг тодорхойлж, мөн Азийн хөгжлийн банкны зүгээс нийгэм, эдийн засаг байгаль орчин зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн тодорхойлсон байршлуудад харьцуулалт хийж нийт 15 аймгийн төв болон 34 сумын төвүүдэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сонгосон.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол батлагдсан. Энэ хүрээнд Засгийн газарт гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах үүргийг өгөөд байгаа боловч тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр хангалтгүй бөгөөд тодорхойгүй байгаа юм. Иймд аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр хэрэгжсэнээр хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохиромжтой эхний 15 аймгийг сонгож, цаашид гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай дэд бүтэц, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөл боломж бүрдэнэ.Түүнчлэн тус хөтөлбөр хэрэгжсэнээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 6 хөгжлийн тулгуур болох “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжиж, эдийн засаг, нийгмийн хувьд өрсөлдөх чадвартай аймаг, сумдын төвийг бий болгон, мал аж ахуйн өртгийн сүлжээг өргөтгөх ба цаашлаад бүтээгдэхүүний өртгийг бууруулах чиглэлээр хөгжлийн загвар, хувьслыг дэмжих чухал үр дүнг бий болгоно. Мөн Монгол Улсын хөгжлийг аймгийн төвүүд рүү чиглүүлэх, хотоос хөдөө рүү шилжин явах хөдөлгөөнийг дэмжих ба байгаль орчны эерэг үр нөлөөллийн хувьд тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, бэлчээрийн менежментийг сайжруулах зорилготой болно. 

    Тус хөтөлбөрийг дараах үе шаттайгаар зохион байгуулж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд: 

Нэгт. Аймаг болон сумын төвүүдийн дэд бүтцийг хөгжүүлэх. Үүнд төвлөрсөн дулаан хангамж, ус зайлуулах хоолой, бохир усны хоолой зэрэг аймаг, сумдын дэд бүтцийн дутагдлыг шийдвэрлэхэд 395.7 сая ам.доллар   

Хоёрт. Нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ бэлчээрийн доройтлыг арилгах зорилгоор малчдын бэлчээрлэх дадлыг сайжруулах, сүргийн бүтцийг чанаржуулахад 99.2 сая ам.доллар 

Гуравт. Агро-бизнес эрхлэгчдэд тулгардаг санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх үүднээс зах зээлээс бага хүүтэй, нөхцөл сайтай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа ихтэй зээлийг жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүргэх, бизнес эрхлэгчдэд зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэхэд 117.6 сая ам.доллар

Дөрөвт. Тус хөтөлбөрийн үр дүнг бататгах, хэрэгжилтийг хангах, хөтөлбөрт оролцогчдын чадавхыг сайжруулах зорилгоор хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтэд шаардлагатай төлөвлөгөө, арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрийн паркийн менежменттэй холбоотой төр-хувийн хэвшлийн түншлэлийн зохицуулалтыг судлах зэрэг болно. 

    Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 3 транч бүхий урьд өмнө байгаагүй өндөр дүн бүхий буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлүүд олгогдохоор байна. Тухайлбал нийтдээ 78 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Азийн хөгжлийн банк /3.0 сая ам.доллар/, Уур амьсгалын ногоон сан /45.0 сая ам.доллар/, Европын хөрөнгө оруулалтын банк /30.0 сая ам.доллар/-нуудаас хуваарилахаар мэдэгдээд байна. Цаашид Ерөнхий хэлэлцээрийг яаралтай батлуулснаар Уур амьсгалын ногоон сангаас олгох 45 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг хадгалах боломжтой болно.

    Түүнчлэн, Уур амьсгалын ногоон сангаас авч буй зээл /130 сая ам.доллар/ нь 0 хувийн хүүтэй 10 жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 40 жил эргэн төлөх нөхцөлтэй, мөн Азийн хөгжлийн банкнаас авч буй зээл /270 сая ам.доллар/ нь 2 хувийн хүүтэй 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн эргэн төлөх нөхцөлтэй бөгөөд Европын хөрөнгө оруулалтын банкнаас авч буй зээл /150 сая ам.доллар/ нь тогтмол 2.92 хувийн хүүтэй 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн эргэн төлөх нөхцөлтэй байна гэлээ. 


    Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир асуулт асууж, хариулт авав. Тэрбээр, зээлийн нөхцөлөөс харахад үр ашигтай хөтөлбөр байна гэж үзэж буйгаа илэрхийлээд  хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өрийн тааз нэмэгдүүлэх эсэх, мөн хөтөлбөр хэрэгжих сумдыг сонгосон эсэх, иргэдэд зээлийг хэрхэн олгох талаар тодруулав. Ц.Сандаг-Очир гишүүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан зээлийн нөхцөл ашигтай, хөтөлбөр 2032 он хүртэл хэрэгжих учир өрийн таазад  нөлөөлөх сөрөг дарамт харьцангуй бага, 15 аймгийн 34 байршилд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сонгочихсон байгаа талаар хариуллаа. Мөн зөвшилцөх эрхээ авч, Азийн хөгжлийн банктай хэлэлцээр үргэлжлүүлэн, ирэх хавар гэхэд соёрхон батлуулахаар дахин Улсын Их Хуралд оруулж ирэх дэс дарааллаар явах талаар хэллээ. Мөн ажлын хэсгээс нэмэлт хариулт өгөв. 


    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын  гишүүн С.Ганбаатар үг хэлсэн. Тэрбээр, ашигтай нөхцөлтэй зээлийг авахыг дэмжинэ,  харин зарцуулалтад хяналт тавьж, оновчтой зарцуулах талаар онцгой анхаарах талаар хэллээ. 

    Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувийн саналаар  дэмжигдэж, уг асуудлыг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл