Цэс

Холбоо барих

Р.Раш: Хоёр танхимтай парламент байх нь хамгийн зөв

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан түүхт 31 жилийн ойг тохиолдуулан АИХ-ын анхны депутатуудын нэг, УИХ-ын гишүүн, ЗТАЖ-ын сайд асан Р.Рашийг “Өглөөний зочин”-оор урьж ярилцлаа.


-Шинэ Үндсэн хуулийг баталсан анхны ардчилсан парламент 430 депутаттай байсны нэг нь та. Тэр үйл явдал анх хэрхэн эхэлж байв?

-1988 онд Үндсэн хуулийг шинэчлэн найруулах талаар тухайн үеийн МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бич¬гийн дарга Ж.Батмөнхийн албан даалгавар гарч Б.Чимид гуайгаар ахлуулсан Ажлын хэсэг томилогдон ажиллаж байлаа. Тэр үед би Намын Төв Хороонд зааварлагчаар ажиллаж байсан юм.

Удалгүй 1990 он гарч социалист систем, социалист байгуулал ганхаж, нуран унасан. Ж.Батмөнх даргын албан даалгаврын дагуу нэлээд ажлууд хийгдсэн байсан. Гэхдээ төр орвонгоороо эргэх нөхцөл байдал бий болж, Үндсэн хуулийг үзэл санааг нь өөрчлөхгүйгээр найруулга байдлаар хийх аргагүй байдалд хүрсэн. Улс төрийн товчоо ч огцорсон. Үйл явдлууд шил шилээ даран өрнөсөн. Тухайн үед МАХН эрх барьж, П.Очирбат гуай намын дарга болж, Б.Даш-Ёндон дарга, Л.Түдэв гуай гээд удирдлагууд хамт сууж ярилцаад “Үндсэн хуулийн шинэчлэлийг түргэн түүхий хийж болохгүй. Гадаадын улс орнуудын байдлаас харахад энэ асуудалд маш нухацтай хандах ёстой юм байна” гэсэн улс төрийн дүгнэлтийг хийцгээсэн байх. Ингээд сонгууль явуулъя, дараа нь Улсын Бага хурлыг байгуулъя. Улсын Бага хурал Үндсэн хуулийн төслийг боловсруулаг. Тэр төслөө АИХ-д өргөн барьж хэлэлцүүлье гэсэн дүгнэлтэд хүрцгээсэн юм билээ.

Яг тэр үед би төмөр замд ажиллаж байсан. Тэндээсээ АИХ-ыг сонгох 12 дахь удаагийн сонгуульд  нэр дэвшсэн. Сонирхуулж хэлэхэд, манай аав АИХ-ын 1951 оны анхны депутат байгаа юм. Би 12 дахь удаагийн сонгуульд нэр дэвшиж, төмөр замын тойргоос сонгогдон АИХ-ын депутат болж байлаа. Долоодугаар сард сонгууль явагдаж, есдүгээр сард АИХ-ын чуулган хуралдаад Улсын Бага хурал /УБХ/, Засгийн газрыг байгуулсан. Анхны Ерөнхийлөгчөөр П.Очирбат гуайг сонгосон. УБХ-ын даргаар Р.Гончигдорж сонгогдсон. С.Зориг түүнтэй өрсөлдөж, саналын илүүгээр Р.Гончигдорж УБХ-ын дарга болсон юм.

-Улсын Бага Хурлын үндсэн үүрэг, зорилго нь Үндсэн хуулийг шинэчлэх, өөрчлөх, төсөл боловсруулж АИХ-д өргөх барихад чиглэсэн үү?

-Гол үүрэг, зорилт нь тэр. Тийм л үүрэг авцгаасан. Ингээд ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулан 1991 оны намар АИХ-д өргөн барьсан. Тэр үед ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг орон даяар хэлэлцүүлсэн юм шүү дээ. Намын бүх шатны байгууллага, ард түмний дунд өргөн хэлэлцүүлэг явуулсан. Аймаг болгоны намын хороод өөрсдийн саналыг оруулж ирсэн. АИХ ч, Улсын Бага хурал ч ийш тийш явж  маш их судалгаа хийсэн. Улсын Бага хурал бол маш их юм хийсэн.

Тэр үед дэлхий тэр чигээрээ донсолгоотой, ялангуяа социалист гэгдэж байсан орнууд унаж, боссон үе байлаа. Манайхны олонх нь англи хэл мэдэхгүй, ихэвчлэн орос хэлээр дамжуулан уншиж судална. Мань мэт бол орос хэл дээр юу гарсан бэ гэдгийг л харна. Цөөхөн нь англи хэлийг халтар хултар мэдэж байсан байх. Ер нь 1980-аад оны Оросын “Престройка”-гаас хойш улс орнууд нэлээд судалгаа хийчихсэн байсан. Тэр үед Монголд өөрчлөлтийн салхийг хагалсан хүн бол Л.Түдэв гуайг гэж би боддог юм. Маш их юм хийсэн. Түүн дээр залуусын оролцоо нэлээн байсан. Ялангуяа Монголоос Эрхүүд суралцаж байсан оюутнууд их юм сурч мэдэж ирсэн юм билээ. Энэ мэт үйл явдлууд өрнөсөөр 1992 оны нэгдүгээр сарын 13-нд АИХ-аар ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байлаа.

-Зарим хүн шилжилтийн үеийн Үндсэн хууль ч гэж хэлдэг. Гол онцлог нь юу байв?

-“Шилжилтийн үеийнх” гэж нэг их яриагүй юм шүү. Гол нь ардчилсан нийгмийг байгуулъя. Зах зээлийн системийг бий болгоё. Өмч хувьчилъя, хүний эрх, эрх чөлөөг дээдэлье, Үндсэн хуулиараа баталгаажуулъя л гэж зорьсон. Ер нь тэгээд үүрэг гэдэг үг тэнд байхгүй байх. Хариуцлага гэдэг үг ч байгаагүй. Эрхийг л дээдлээд, эрхийг бататгачих юм бол гэж зүтгэцгээсэн. Ер нь бол 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хууль сайн хууль болсон юм шүү. Судлаачид ч тэгж хэлдэг. Маш их судалгаа хийсэн, өөрийн орны өвөрмөц байдалтай уялдуулан бий болгосон. Мал гэхэд л төрийн хамгаалалтад байна гэж хуульчилсан байх жишээтэй. Тэр нь 430 депутатын 200 гаруй нь нэгдлийн дарга нар байсантай холбоотой. Хүчээр түрээд “малаа хамгаална” гэж баталж байлаа. Үндсэн хууль баталснаар эдийн засгийн харилцаа зах зээлд шилжих бэлтгэл хангагдсан. Улс төр, сонгуулийн системийн хувьд анхны ардчилсан сонгуулийг би “загвар сонгууль” байсан гэж боддог юм. Дараа, дараагийн сонгуулиуд бас ч гайгүй голдирлоороо явсан. Түүнээс хойш “мөнгөний сонгууль” гээч зүйл бий болсон. Анхны ардчилсан сонгууль шиг тийм шударга сонгууль байгаагүй. Тэр л жишгээрээ явсан бол бид өнөөдрийн марзан байдал хүрэхгүй байсан байх. Даанч тэгж чадаагүй.

-1992 оны Үндсэн хуулийн ач холбогдол, үр өгөөжийг дүгнээч гэвэл та юу хэлэх бол?

-Ардчилсан шинэ Үндсэн хуулийн ач холбогдлыг дүгнэхэд олон юм байлгүй яах вэ. Социалист гэгдэж байсан Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд эргэлт буцалтгүй шилжсэн. Хуучин болохгүй, бүтэхгүй, хаалттай байсан зүйлүүд цөм ил тод болсон. Манай улс социалист системийн цөөн орон, Япон тэргүүтэй барууны хэдхэн оронтой Зөвлөлтийн нөлөөн дор зуучлалтайгаар харилцаа тогтоосон байсан. Тиймээс дэлхийгээс хол хөндий гэгдэж байлаа. Тэр харилцаа, тийм байдал өөрчлөгдсөн. Монголчууд гадаад, дотоодод чөлөөтэй аялж, зорчдог болсон. Түүний эерэг болон сөрөг үр дагаврыг бид сайн мэднэ. Гэхдээ ямар ч байсан бүгдээрээ гадаад паспорттой болцгоосон. Олон хүн гадагшаа явсан.

Хожсон юм их бий. Наад зах нь авдарт байсан бурхан ил болсон. Шашин шүтэх, хэвлэн нийтлэх, үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх, энэ бүхэн чөлөөтэй болсон. Энэ талаараа социалист гэгдэж байсан улс орнууд дотроос Монгол Улс лав л хоцроогүй байх. Хамгийн түрүүнд нь явж байсан гэвэл, би сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан цээжинд нь явж байсан гэж хэлнэ. Үүнийг нь барууныхан ч их магтсан, түүнд нь манай залуучууд нэлээн онгирсон. Тийм зүйл бишгүй бий. Тэр үедээ хөнгөн хандсан талууд ч бий байх. Хамгийн гол нь бид Үндсэн хуулиа баталсан нь юм.

-Өнөөдөр дэлхий нийт цар тахлын том давлагааг өнгөрүүллээ. Эдийн засгийн хямралыг туулаад явж байна. Геополитикийн хурдтай өөрчлөлт явагдаж, зарим оронд  сөргөлдөөн болж байна. Энэ нөхцөл байдалд манай улс Үндсэн хуулиа өөрчлөх, тогтолцоогоо шинэчлэх тухай ярьж, улс төрийн намууд тавдугаар шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулсан гэлцэж байна. Та ямар бодолтой байна?

-Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харж байхад бид тийм ч өргөн дардан замаар явж, “ногоон гэрэл”-ээр давхиж чадсангүй шүү дээ. Тойруу замаар ч явсан байх, нугачаа дундуур ч явсан л байх. Алдаж, онохын зовлонг хангалттай амслаа. Адгийн наад зах нь л гэхэд өмч хувьчлал дээр бид маш том алдсан. Хэдэн сайхан хөнгөн үйлдвэрээ алга болгочихсон, өмч хувьчлал хийгээд. Энэ бол амаа барихаас аргагүй. Эдийн засаг дээр улс орон өндийж босдог жамтай. Гэтэл бид тэрийгээ өмч хувьчлалаар нураасан. Мал аж ахуйн хувьд мөн л хувьчлал явсан, гэхдээ хожсон юм бий. Одоо эргээд харахад улс төрийн намууд маань олигтой төлөвшиж чадсангүй. Дөрөв дөрвөн жилээр сонгууль хийдэг. Ихэнх нь мөнгөний сонгууль болдог. Мөнгөтэй баян хүн л гарч ирдэг. Нам нь ч мөнгөтэй хүнийг дэвшүүлж, сонгуулийн зардал босгож гарахаас өөр арга байхгүй. Ялж л байвал боллоо гэсэн байр сууриас хандацгааж байна шүү дээ.

Гэтэл яг үүн дээр улсын эрх ашиг гэдэг зүйл хаана нь явж байна вэ гэдгээ боддог юм уу, үгүй юм уу. Ерөөсөө намаа л сонгуулиар дээш нь гаргахыг эрмэлздэг. Тэгээд иргэд, сонгогчдыг ятгадаг, мөнгө төгрөг амладаг, булхай юмнууд их байна. Тэрнийхээ горыг ч бид амсаж байна. Үүн дээр миний, чиний гэх юм ч байхгүй, цагаандаа гарсан гэх юм уу даа. Ийм л болчхоод байна. Энэ бол улс төрийн нам олигтой төлөвшиж чадахгүй байгаагийн илрэл. Гэрээр бол төр гэдэг тооно нь, нам гэдэг багана нь шүү дээ. Гэтэл тулж байгаа багана маань жаахан салхи гарахад ойччихоор байгаа нь гэр бат бэх баригдаж чадахгүй гэсэн үг. Ингээд арга буюу Үндсэн хууль руугаа эргэж оръё гэсэн асуудал үүсдэг. Энэ нь голдуу судлаачдаас гарч байгаа байр суурь юм билээ. Тэгэхээр улс төрийн хийрхэл гэж үзэж болохгүй байх. 

Эх сурвалж: Өглөөний сонин. (2023.01.06)

Сэтгүүлч: Ч.Үл-Олдох

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл