Цэс

Холбоо барих

Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс “Хүний эрхэд суурилсан бодлого, төлөвлөлт” сэдэвт ээлжит сургалтыг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр “Хүний эрхэд суурилсан бодлого, төлөвлөлт” сэдэвт сургалтыг өнөөдөр (2023.03.03) зохион байгуулав.


Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан нийгмийн мэдлэг (мэдрэмж) олгох цуврал сургалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалтыг Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын 110 гаруй ажилтан хамрагдлаа.

Хүний эрхийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, хүний эрхэд суурилсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах арга зүйд суралцах, асуудалд нийгмийн мэдрэмжтэй хандах чадварыг төлөвшүүлэхэд энэхүү сургалтын зорилго чиглэсэн юм.


Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлаас батлагдан гарч буй хууль, тогтоомжийг хүний эрхийн хангах, хамгаалахад  чиглэсэн олон улсын хүний эрхийн стандартад нийцүүлэх, хууль тогтоомжийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэхдээ хүний эрхэд суурилсан хандлагыг ашиглахын чухлыг тэмдэглэлээ.

“Хүний эрхэд суурилсан бодлого, төлөвлөлт” сэдэвт сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрхийн сургалт, сурталчилгааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэцгээ удирдан явуулсан юм.



Тэрбээр илтгэлдээ, “Хүний эрхэд суурилан хөгжих хандлагын хүрээнд хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэх замаар хөгжилд хувь нэмэр оруулах, чөлөөтэй, идэвхтэй, утга учиртай оролцох эрхтэй. Хүмүүс зөвхөн үйлчилгээ хүртэгч, идэвхгүй хүлээн авагч бус харин хөгжлийн гол оролцогч байж, хөгжлийн бүх оролцогчдын хариуцлагатай байдлыг дэмжих нь нэн чухал. Үүний тулд хувь хүн, бүлгүүдийг гэгээрүүлэх, мэдлэг олгох нь хөгжлийн үйл явцад дэмжлэг үзүүлж, тогтвортой байдлыг хангана. Мөн хөгжлийн хөтөлбөрүүдийг нийгмээс тусгаарлагдсан, хязгаарлагдсан, тусгай хэрэгцээт бүлгийнхэнд илүү чиглүүлж, ялгаатай байдлыг бууруулахад анхаарах ёстой. Хүний эрхэд суурилсан хандлага бол хүн төвтэй хандлага. Иймээс аливаа хууль тогтоомжийг боловсруулахдаа олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийн дагуу хүний эрхийн зарчмыг баримталж, төрийн үүргийг тодорхой тусгаж, иргэдийн оролцоог хангах нь нэн чухал” хэмээн онцлов.



Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран энэ онд хоёр удаагийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Өнөөдрийн сургалтын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад Хүний эрх ба хүний эрхэд суурилсан хандлага; Хүний эрхэд суурилсан хууль тогтоомжийн төсөл боловсруулах, батлах; Хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хүний эрхэд суурилсан хандлагад суурилж үнэлэх; Хууль тогтоомж, захиргааны байгууллагын шийдвэрт ХЭҮК-ын болон Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг тусгах зэрэг сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл