Цэс

Холбоо барих

Инфографик: Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Дотоодын цэргийн тухай хуулиар дотоодын цэргийн чиг үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахаар заасан бөгөөд алба хаагчдын үүрэг гүйцэтгэх нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, улсын онц чухал болон бусад объектын хамгаалалттай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон.

Хуулиар “Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага мөн.” гэж тодорхойлон, төрөлжсөн болон дэмжлэг үзүүлэх, энхийг дэмжих, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох нэгжтэй байхаар зохицуулсан.

Улсын онц чухал объектын хамгаалалтын найдвартай, аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, дотоодын цэргийн алба хаагчдыг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын нэгэн адил алба хаасан хугацааг тооцохдоо ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцож нийгмийн баталгаагаар хангаж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөл бүрдэнэ.


Дотоодын цэргийн штабын даргаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч, эсхүл цэргийн мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай Монгол Улсын иргэнийг томилох, мөн Штабын дарга нь Дотоодын цэргийн командлагчийг түр эзгүйд түүнийг энэ хуулиар олгосон эрхийн хүрээнд орлох бөгөөд гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна.

Дотоодын цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байх үед албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг нэгжлэг хийх тохиолдолд тухайн алба хаагчийг шууд захирах даргад мэдэгдэх, Улсын онц чухал объектын хамгаалалтын найдвартай аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалуулагч байгууллагын нэмэлт санхүүжилт авч болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батлах зэрэг зохицуулалтыг тусгасан болно.

 

 Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл