Цэс

Холбоо барих

ХЗБХ: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.04.12) хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэн, шийдвэрлэлээ.


Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сүхбаатар даргалсан бөгөөд тэрбээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.1-т “Цэцийн дүгнэлтийг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор Хууль зүйн болон холбогдох Байнгын хороо хэлэлцэж бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь /хэсэгчлэн/ хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудлаар санал, дүгнэлт гаргах” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн ... 41.1.3, ... -д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн байна. Тус хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго, Б.Буяндэлгэр /илтгэгч/, Ц.Нанзаддорж, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан аж. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар томилогджээ.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар тухайн маргааныг хэлэлцээд, дараах дүгнэлтийг гаргасан болохыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.


Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 41.1.3, 41.1.6, 41.1.7-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж заасны "... 41.1.3, ..." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ..." гэснийг тус тус зөрчсөн хэмээн дүгнэлт гаргасан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд тодруулга хийж, Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохоор хуульд заасан нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон ч тухайн асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэхээр дээрх заалтад заасан нь шүүхийн шийдвэр хэрэгжихэд саад учруулж байна гэж гаргасан иргэний маргаан нь хууль хэрэглээний явцад үүссэн ойлголтын зөрүү гэж үзэж байгаагаа илэрхийлээд, найруулгын засвар хийх байдлаар засварлах боломжтой гэж үзэж байгаагаа Ц.Мөнхцэцэг гишүүн илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Э.Бат-Амгалан нар Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээж авахгүй байх нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлээд, тус тусын холбогдох дэлгэрэнгүй тайлбарыг хийж, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараас зарим зүйлийг тодруулж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, дээрх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, хуулийн зүйл, заалтын томьёолол маргаан үүсгэхүйц салаа утгатай байх нь буруу, маргаан үүсгэж байгаа л бол маргаангүй байхаар найруулгын засвар хийх нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Үндсэн хуулийн цэцэд энэ төрлийн маргаан ирж байна гэхээр зарим нэг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ салаа утгаар ашиглан, асуудлыг удаашруулах, төлөөлөгчдийг хаацайлах гэх зэрэг хийдэл гарах эрсдэлтэй гэдэг байр суурийг илэрхийллээ.


Ийнхүү гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 41.1.3, 41.1.6, 41.1.7-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж заасны "... 41.1.3, ..." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ." гэснийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 9 нь буюу 75 хувь нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзав.


Дараа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 41.1.3, 41.1.6, 41.1.7-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж заасны "... 41.1.3, ..." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ..." гэснийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэнгүй. Ингээд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтож, хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл