Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, үнийн өсөлтийн асуудлаар мэдээлэл сонсов


Байнгын хорооны тогтоолууд баталлаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.05.03) хуралдаан 55.6 хувийн ирцтэйгээр 12 цаг 58 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Д.Өнөрболор, О.Цогтгэрэл, С.Чинзориг нар ажиллахаар болов.


Дараа нь “Ажлын хэсгийн удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалт, Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн төслийг боловсруулсан болохыг Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулав. Улсын Их Хурлаас 2019 оны арван нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, эдгээр санд байрших, байршиж байгаа мөнгөн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, эрсдэлээс хамгаалах талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамжийг батлахаар,  хэрэгжилтэд Эдийн засгийн байнгын хороо хяналт тавьж ажиллахыг даалгахаар төсөлд тусгасан байна. Байнгын хорооны дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжснээр “Ажлын хэсгийн удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдсан.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулав.


Ажлын хэсэг 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр хуралдан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэл, түүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуух зарчмын зөрүүтэй саналын 26 томьёоллыг бэлтгэсэн байна. Ажлын хэсгийн танилцуулга, төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав.


Төслийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 15 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсгийг өөрчлөн найруулахыг, мөн төслийн 20 дугаар зүйлийг 17 дугаар зүйл болгон өөрчлөн найруулахыг, 27 дугаар зүйлийг 26 дугаар зүйл болгон өөрчлөн найруулахыг, 32 дугаар зүйлийг тус тус өөрчлөн найруулахыг дэмжсэн. Түүнчлэн төслийн 4 дүгээр зүйлд “аялал жуулчлалын бүсийн менежментийн төлөвлөгөө” хэмээх нэр томьёог тайлбарласан 4.1.13 дахь заалт, 10 дугаар зүйлд “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэхэд энэ хуулийн 10.1-д заасан шаардлага хамаарахгүй” гэсэн агуулгатай 10.2 дахь заалт, 19 дүгээр зүйлд “Улсын аялал жуулчалын бүсэд хамаарах аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд аялал жуулчлалын газрын ашиглалт, хамгаалалтын асуудлыг тусгаж, хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 19.5-д заасан техникийн зохицуулалт, стандартыг мөрдөнө” гэсэн 19.9 дэх хэсэг нэмэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 19 дүгээр зүйлд “Улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа эрхлэх аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгч хоорондын орон зайн төлөвлөлтөд холбогдох техникийн зохицуулалт, стандартыг заавал дагаж мөрдөнө” гэсэн агуулгатай 19.15 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 9 гишүүн дэмжсэн. Төслийн 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь заалтыг хасахыг гишүүдийн олонх дэмжив. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд, мөн хуралдааны үеэр Б.Жавхлан гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ийнхүү хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Үнийн өсөлтийн асуудлаар холбогдох яамны мэдээлэл сонсов

Эдийн засгийн байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов. Эхлээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхөлөг Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцууллаа.

Хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор Улсын Их Хурлаас 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр баталсан Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2022 оны “Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 174 дүгээр тогтоолыг тус тус баталсан.


Уг тогтоолд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжид 130.0 тэрбум, гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид 100.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1 жилийн хугацаатай, жилийн 3-6 хувийн хүүтэй олгож, зээлийн хүүгийн 10.65 хувьтай тэнцүү хэмжээний хөнгөлөлтийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Жишсэн хүн амаар тооцоход Монгол Улсын нийт хүн амын нэг жилийн хэрэгцээг хангахад 121.7 мянган тонн мах, 225.3 мянган тонн гурил буюу 300.4 мянган тонн улаан буудай хэрэгцээтэй гэдгийг Дэд сайд М.Ганхөлөг танилцуулаад, мах, гурилын нөөц бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өгөв.

Нийслэлийн хүн амын 2023 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанктай хамтран нөөцийн мах бэлтгэлийн эх үүсвэрийг банкны саналд үндэслэн урт хугацаат репо арилжаагаар 2 банкнаас 53.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мах бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжид олгож, нийслэлийн хүн амын 2023 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 7900 тн үхэр, хонь, ямааны махыг бэлтгэж, нөөцөлсөн болохыг Дэд сайд танилцуулав. Бэлтгэж, нөөцөлсөн махыг гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үхрийн ястай махыг 10700 төг/кг, хонины ястай махыг 8600 төг/кг, ямааны ястай махыг 6400 төг/кг үнээр нийслэлийн 9 дүүргийн хүнсний 481 дэлгүүрээр, мөн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өргөтгөсөн худалдааг амралтын өдөр бүр 34-35 байршилд худалдаалж байгаа гэлээ. Өдөр бүр 8-10 тусгай худалдааны цэгийг гаргаж, хонины махыг гулуузаар нь 8300 төг/кг борлуулж байгаа бөгөөд нийслэлтэй хамтран зохион байгуулж байгаа аж.


Махны борлуулалт тавдугаар сарын 02-ны өдрийн байдлаар үхрийн мах 283.5 тн, хонины мах 856.9 тн, ямааны 11.1 тн, нийт 1,151.4 тн махыг худалдаж, гүйцэтгэл 15.0 хувьтай байгаа юм байна.  

Нөөцийн махны худалдах үнийг Хүчит шонхор захын энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн бөөний дундаж үнэтэй харьцуулахад үхрийн ястай махыг 2450 төгрөг буюу 23 хувь, хонины ястай мах 1900 төгрөг буюу 22.2 хувиар, ямааны мах 850 төгрөг буюу 13.0 хувиар, жижиглэнгийн дундаж үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 6800 төгрөг буюу 63 хувь, хонины ястай мах 4900 төгрөг буюу 57.0 хувь, ямааны ястай мах 2850 төгрөг буюу 44.5 хувиар тус тус хямд үнэтэй байна. 

Үргэлжлүүлэн Дэд сайд М.Ганхөлөг хүн амын гурилын хэрэгцээг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл танилцуулсан. Засгийн газрын 2022 оны “Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 174 дүгээр тогтоолоор  аж ахуйн нэгжийн төлөх хүүг жилийн 3 хувийн хүүтэй байхаар шийдвэрлэсэн. Гэсэн ч Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан 2022 оны 6 ба 9 дүгээр сард бодлогын хүүг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 нэгж хувь болгон өсгөсөн. Үүнээс үүдэн зээлийн суурь хүү өсөх, эх үүсвэрийн зардал нэмэгдэх эрсдэлээс болгоомжлон арилжааны банкнууд  тус хөнгөлөлттэй зээлд оролцох боломжгүйгээ илэрхийлсэн. Иймд Засгийн газрын “Тогтоолд нэмэлт оруулах тухай” 437 дугаар тогтоолоор гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөх зээлийн хүүг 6 нэгж хувь болгон нэмэгдүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан 2022 оны арван хоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Хаан, Худалдаа хөгжил, Голомт банкнаас гурил үйлдвэрлэгч 5 аж ахуйн нэгжид нийт 35.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Манай улс 2022 онд 349.8 мянган га талбайгаас 393.6 мянган тонн улаанбуудай хураан авснаас гурил үйлдвэрлэлд 193.0 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих санд (хуучнаар) 21.9 мянган тонн, нийт 214.9 мянган тонн хүнсний улаанбуудайгаар гурил үйлдвэрлэн, хүн амын хэрэгцээнд нийлүүлэх боломжтой байгаа аж.


Одоогоор гурилын үйлдвэрт 49.2 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих санд 33.0 мянган тонн (үүнээс 11.0 мянган тонн нь 2021 оны ургац), нийт 82.2 мянган тонн хүнсний улаанбуудай болон 20.8 мянган тонн гурилын нөөцтэй байгааг гурилд шилжүүлэн тооцоход 4.2 сарын нөөцтэй байгаа юм байна.

Олон улсад үүсээд байгаа хурцадмал байдал, ковид цар тахлын дараах хямрал, улс хоорондын ачаа тээврийн урсгалын удаашралт зэргээс үүдэн газар тариалангийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай үр, бордоо, ургамал хамгааллын бодисыг зохистой хэмжээгээр хэрэглээгүй, мөн цаг уурын нөхцөл байдал зэргээс шалтгаалан сүүлийн хоёр жилд хураан авсан хүнсний улаанбуудайн чанар доогуур үзүүлэлттэй буюу 70-80 орчим хувь нь 3, 4-р ангиллынх байгаа аж.  

Иймд 2023 оны ургацын улаанбуудайн гурил гарах хүртэлх хугацаанд хүн амын хүнсний  хэрэгцээт гурилын нөөц бүрдүүлэх, мөн гурилыг чанаржуулах зорилгоор 50 мянган тонн сайн чанарын хүнсний улаанбуудайг импортлохыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад зөвлөмж болгожээ.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн талаар үргэлжлүүлэн Дэд сайд мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд 2023 оны тавдугаар сарын 02-ны өдрийн байдлаар авсан судалгаагаар хүнсний гол нөгөө нэрийн бүтээгдэхүүн буюу малын мах 2.5 мянган тонн байгаа аж. Үүнд нөөцийн мах ороогүй гэдгийг М.Ганхөлөг дэд сайд онцолсон. Түүнчлэн гурил, гурилан бүтээгдэхүүн 65.7 мянган тонн, төрөл бүрийн будаа 8.2 мянган тонн, хуурай сүү 0.2 мянган тонн, өндөг 1.1 сая ширхэг, 6.6 мянган тонн ургамлын тос 24.1 мянган тонн төмс, 39.8 мянган тонн хүнсний ногоо, 17.5 мянган тонн элсэн чихэр, 0.5 мянган тонн давсны нөөцтэй байгаа юм байна. Дээрх нөөцийг хоногоор тооцвол мах, махан бүтээгдэхүүн 8 хоногийн нөөцтэй, гурил гурилан бүтээгдэхүүн 87 хоногийн нөөцтэй, төрөл бүрийн будаа 61 хоногийн, хуурай сүү 5 хоног, өндөг 1 нэг хоног, ургамлын тос 107 хоног, төмс 75 хоног, хүнсний ногоо 57 хоног,  элсэн чихэр 198 хоног, давс 18 хоногийн нөөцтэй байгаа аж. Энэ төрлийн судалгааг салбарын яам долоо хоног бүр тусгай программаар тооцолдог гэдгийг Дэд сайд нэмж хэлэв.

Дээрх судалгаанд нийслэл, орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүрүүд, хүнсний үйлдвэрүүд дэх хүнсний нөөцийг хамруулсан байна. Харин нийслэл, орон нутгийн мухлаг, жижиг дэлгүүр, айл өрхийн түвшинд хадгалсан нөөц, орон нутгийн төмс, хүнсний ногооны жижиг зоорины нөөцийг тооцоогүй аж. Түүнчлэн дотоодын гурилын үйлдвэрүүдийн агуулахын улаан буудайн нөөцийг гурилд шилжүүлж тооцсон гэв.


Байнгын хорооны хуралдаанд үргэлжлүүлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа нөөцийн махны борлуулалттай холбоотой мэдээллийг танилцуулсан. Хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор Засгийн газрын 2022 оны “Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 174 дүгээр тогтоолын хүрээнд ХХААХҮЯ-аас бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж,  нийслэлийн хүн амын 2023 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан  хонины мах 5587,9 тн үхрийн мах 1738 тн, ямааны мах 533 тн, нийт 7858.9 тн махыг бэлтгэн нөөцөлжээ.

Нөөцийн махыг худалдаанд гаргах бэлтгэл ажлыг 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Хүн амын тоо, нягтаршлыг харгалзан нөөцийн мах худалдан борлуулах хүнсний дэлгүүрийн судалгааг шинэчлэн, 9 дүүргийн хэмжээнд 431 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдан борлуулахаар агентийн гэрээ байгуулсан байна. Бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн мах савлах уут, хаяг шошгын бэлэн байдлыг хангуулж, зураасан кодын мэдээллийг Нийслэлийн Татварын газарт хүргүүлжээ. Нийслэлийн 9 дүүргийн 431 хүнсний дэлгүүрийн удирдлага, менежерүүдэд 2023.02.28-2023.03.03-ны өдөр  Нийслэлийн Татварын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газартай хамтран сургалт зохион байгуулж бар код таниулах, НӨАТ-аас чөлөөлөх тохиргоо хийх, хөргөгч, хөлдөөгчийг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэх, жин хэмжүүрийг баталгаажуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн болохыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцууллаа. Мөн бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжийн түгээлтийн 43 тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцох зөвшөөрөл олгуулж, авто тээврийн товчоодоор нэвтрэхэд хураамжаас чөлөөлүүлж, нөөцийн махны түгээлтийг саадгүй, тасралтгүй явуулах нөхцөл боломжоор хангажээ.


Бэлтгэл ажлыг хангуулсны үндсэн дээр нөөцийн махны худалдааг 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс 9 дүүргийн 431 хүнсний болон сүлжээ дэлгүүрээр үхрийн ястай махыг 1 кг-ыг 10700 төг, хонины ястай махыг 8600 төг/кг, ямааны ястай махыг 6400 төг/кг худалдан борлуулж эхэлсэн байна. Зах зээлийн үнээс үхрийн мах 45-51 хувь, хонины мах  45-47 хувь, ямааны мах 50-52 хувиар хямд байгаа гэдгийг танилцуулгад дурдлаа.

Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс томоохон 50 сүлжээ дэлгүүрийг нэмж, нийт 481 дэлгүүрээр худалдан борлуулж байгаа аж.  

Мөн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 2023 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд 4 удаа буюу 8 өдөр 33-35 байршилд, мөн сарын 17-ны өдрөөс ажлын 5 өдөрт 6-10 байршилд зохион байгуулжээ. Өргөтгөсөн худалдаагаар нийт 695,2 тонн буюу 31500 ш хонины гулууз махыг 8300 төг/кг-өөр худалдан борлуулсан байна. 


Нийт борлуулалт өчигдрийн байдлаар 1151.4 тн буюу нийт бэлтгэсэн 7858.9 тонн махны 14.7 хувьтай байна. Үүнээс өргөтгөсөн худалдаагаар 695,2 тонн буюу 60,3 хувийг, 481 хүнсний дэлгүүр болон сүлжээ дэлгүүрээр 456.2 тонн буюу 39,7 хувийг худалдан борлуулжээ. Нөөцийн махны нийлүүлэлт, хүртээмж, чанар, аюулгүй байдалд  Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар,  Нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргүүдийн ЗДТГ, Татварын хэлтэс хамтран байнгын хяналт тавин ажиллаж байгаа аж.

Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өргөтгөсөн худалдааг долоо хоног бүрийн амралтын өдөр 33-35 байршилд зохион байгуулж байгаа хэдий ч бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжийн 8 нь машин техник, хүн хүчний хүрэлцээ хангалтгүй байгаагаас нэг удаадаа 50-150 ш гулууз авчирч, хоёроос илүү рейс хийж чадахгүй байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер танилцуулсан юм.

Ажлын өдрүүдэд нөөцийн мах худалдан борлуулж буй хүнсний дэлгүүр болон сүлжээ дэлгүүрт түгээлт хийж байгаа тул бэлтгэн нийлүүлэгч 3-4 аж ахуйн нэгж нэг өдөрт 5-6 байршилд гарч байгаа ч мөн л машин техник, хүн хүчний хүрэлцээгүйгээс энэ тоо бас тогтворгүй байгааг тэмдэглэсэн. Зах, зээл дээр махны үнэ өсч буй гол шалтгаан нь ихэнх аймаг, сумдад өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрч мал туранхай байгаас шинэ махны нийлүүлэлт багассантай холбоотой хэмээн үзэж байгаа аж.

Цаашид нийслэлийн удирдлагаас нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цагийн хуваарийг нэг цагаар уртасгаж, 10:00-17:00 цаг болгох, нэмэлт автомашинаар олон удаагийн рейс хийж махны нийлүүлэлтийг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Мөн амралтын өдрүүдэд гаргаж буй өргөтгөсөн худалдааны байршлын тоог 10-аар нэмэгдүүлж 45-д хүргэх, өргөтгөсөн худалдааны хяналтыг сайжруулж ченж нарт өгөхгүй байхад анхаарч, дүүрэг, хорооноос хяналт тавих нарийвчилсан хуваарь гаргаж мөрдүүлэхэд анхаарч ажиллах аж. Түүнчлэн дэлгүүрүүдийн захиалга, нийлүүлэлт, борлуулалтад тавих хяналтыг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаагаа Байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Өргөтгөсөн худалдааны борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1 өдөрт 10 рейс хийх 2-2.5 тонн даацтай бүхээгтэй портер, бонго машин түрээслэхэд 1 өдөрт 2,500,000 төгрөг, 5-6 дугаар сарын амралтын өдрүүдэд нийт 16 удаа өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар тооцоолоход  нийт 40,000,000 төгрөгийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх тооцооллыг мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер танилцуулгынхаа төгсгөлд хэллээ.


Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхөлөгийн танилцуулга болон нөөцийн махны борлуулалтын талаарх Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагийн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Инфляцын өсөлт, түүнтэй уялдаатайгаар иргэдийн орлого, зардалд гарч буй өөрчлөлтийн талаар тооцоо хийсэн эсэхийг холбогдох албан тушаалтнуудаас Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр тодруулав. Инфляц 22 сар дараалан хоёр оронтой тоо буюу өндөр байгаа бөгөөд энэ оны нэгдүгээр улирлын төгсгөлд 12.2 хувьтай байгаа, дөрөвдүгээр сарын байдлаар бага хэмжээгээр буурсан гэх хүлээлттэй байгаа хэмээгээд холбогдох тооцоолол хийснээ ажлын хэсгээс танилцуулсан. Төв банкнаас инфляцын нөлөөллийг судалж, тооцсон бөгөөд дунджаар 15 хувь байх тохиолдолд үүний нөлөөгөөр ард иргэдийн халааснаас 3.5-4 их наяд төгрөгийг алддаг байна. Тиймээс богино хугацаанд инфляцыг бууруулах, энэ онд багтаан нэг оронтой тоонд барих зорилтыг бодлогын түвшинд хэрэгжүүлэх шаардлага бий бөгөөд шат дараатай холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа гэлээ. Инфляцын хэт өсөлтөөс үүдэн ард иргэдийн амьдралын чанарт ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн гэдэг байр суурийг Б.Баттөмөр гишүүн илэрхийлсэн. 2020 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу сүүлийн гурван жилд хэрэглээний сагс буюу үнийн түвшин дунджаар 34 хувь өссөн гэдгийг ажлын хэсгээс мэдээлсэн. Үүн дотор хүнсний бүлэг 56 хувь буюу үнийн хамгийн өндөр өсөлттэй байгаа аж. Энэ нь өрхийн хэрэглээний зардалд ямар нөлөө үзүүлж байгааг Үндэсний статистикийн хороо тооцоолдог байна. Нэг өрх сард дунджаар 10 орчим кг мах, 12 кг гурил, өндөг, талх зэрэг бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг гэж үзээд тооцоход 60 хувийн буюу 100 орчим мянган төгрөгийн зардал нэмэлтээр дарамт болж байгаа гэдэг тооцооллыг хийсэн байна. Гэхдээ энэ нь өрхийн орлогоос шалтгаалан янз бүр гэдгийг ажлын хэсэг тодотгосон. Өндөр орлоготой өрхийн нийт зардлын 8 орчим хувийг хүнсний бүтээгдэхүүний зардал эзэлдэг бол бага орлоготой өрхийн нийт орлогын 30 хувь нь хүнсэндээ зарцуулагддаг аж.


Орлого багатай өрхүүдийн орлогын нэлээд хувь нь мах, гурил авахад зарцуулагдаж байхад эдгээр бараа, бүтээгдэхүүний үнэ өдөр өдрөөр нэмэгдээд байгаа гэдгийг Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг гишүүн хэлээд, үүнийг шийдвэрлэх бодлого, арга хэмжээний талаар тодруулахаар өнөөдрийн мэдээллийг сонсож, хуралдаанаараа хэлэлцэж байгаагаа онцолсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам төдийгүй Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам ч энэ чиглэлээр ямар бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар тодруулах хүсэлтэй байгаагаа тэрбээр хэлж байлаа.

Инфляцыг бууруулах шаардлага байгаа бөгөөд бодлого, шийдвэр гаргахын өмнө нөхцөл байдалтай биечлэн танилцах зорилгоор Улсын Их Хурлын даргаас өгсөн үүргийн дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд зах, худалдааны төвүүдэд ажилласан талаараа Улсын Их Хурлын гишүү Ж.Бат-Эрдэнэ хэлээд “Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд хөтөлбөр, арга хэмжээ төлөвлөн, санхүүжилтийг шийдэн үнийг тогтворжуулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Гэсэн хэдий ч үр дүн гарахгүй байна. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ үр дүнтэй болгох, үнэ өсөөд байгаагийн бодит шалтгааныг тодруулж залруулах арга хэмжээ авах гээд ажлаа шат шатандаа хариуцсан албан тушаалтнууд нь хийх шаардлагатай байна” гэдэг шүүмжлэлийг хэлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр малчдын гар дээрээс худалдаалагдаж хэрэглэгчийн гар хүртэлх үнийн зөрүүг бууруулах, далд эдийн засгийг илрүүлэх ажлыг гүйцэтгэх санал хэлэв. Мөн фермэрийн аж ахуйг хөгжүүлж, жилийн дөрвөн улиралд бүтээгдэхүүний гарцыг жигдрүүлэх, үүний тулд суурь асуудлуудыг төр засгийн зүгээс бодлогоор дэмжих нь зүйтэй гэдэг саналыг Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэлсэн. Нэгэнт гадаад, дотоодын нөхцөл байдлаас үүдэх үр дагаварыг урьдчилан тооцоолж, угтаж арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөдөг байх шаардлага бий гэдгийг ажлын хэсгийнхэнд анхааруулж байсан юм. Махны үнэ тээврийн зардал, далд эдийн засгийн нөлөөгөөр өсөж байгаа гэх ажлын хэсгийн хариултыг Ж.Бат-Эрдэнэ гишүүн тодруулахын зэрэгцээ “Нөөцийн махны хэмжээг ихэсгэхээр зах зээл дэх махны үнийн өсөлтийг барих боломжтой гэж хэлж байна. Яг үнэндээ нөөцийн мах бэлтгэлийн асуудал чинь нэн төвөгтэй байгаа юм билээ шүү. Сая “Хүчит шонхор” зах дээр ажиллах үеэр худалдаачдын “хуушуурын мах” гэж нэрлэдэг III зэрэглэлийн махыг нөөцийн мах бэлтгэдэг аж ахуйн нэгжүүд худалдан авдаг гэж байсан. Үүнийг салбарын яам, холбодох албан тушаалтнууд мэдэж байгаа юу. Нөөцийн мах, хувийн хэвшлийнхэний нөөцөлсөн мах чинь тэс өөр байна билээ. Нөөцийн махны чанарын талаар иргэдэд тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй. Тээврийн зардал буураад байхад махны үнэ яагаад буурахгүй байна вэ” хэмээн лавлав.

Нөөцийн мах бэлтгэл дээр хариуцсан мэргэжлийн байгууллагууд тогтмол хяналт тавьж ажилладаг болохыг ажлын хэсэг тайлбарлаад сав, баглаа, боодол, хадгалалт, чанарын асуудлаар “109” гэсэн тусгай дугаараар иргэдээс гомдол, санал хүлээн авч тэр даруйд нь шийдвэрлээд ажиллаж байгаа талаараа хариулт өгсөн.

Улсын Их Хурал, Засгийн газраас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, ард иргэдийг үнийн дарамтад оруулахгүй байх чиглэлээр шийдвэр гаргасан байхад хэрэгжилт нь бодитой бус байгааг Ц.Цэрэнпунцаг гишүүн хэлээд, зээл олголт, түүний үр дүнгийн талаар ажлын хэсгээс асуулаа.

Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “мах, гурилын нөөц бүрдүүлэх, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мах бэлтгэн нийлүүлэгч, гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг банкны эх үүсвэрээр олгох”-оор заасан байдгийг ажлын хэсэг тодотгоод “Энэ хүрээнд Төв банкнаас хөрвөх чадвар сайтай активыг урт хугацаат репо арилжаагаар мөнгөжүүлэх замаар нөөцийн мах бэлтгэл дээр банкны эх үүсвэрийг дэмжиж ажилласан. Нийлүүлэлтийн таслалдал үүсэж, болзошгүй инфляцаас сэргийлэх үүднээс 63.3 тэрбум төгрөгийг урт хугацаат репо арилжаагаар мах бэлтгэн нийлүүлэгч нарт олгосон. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк хамтран гурилын нөөц бүрдүүлэхэд зориулаад арилжааны банкны эх үүсвэрээр олгогдох зээлийн хүү болон зээлдэгчийн төлөх хүүгийн зөрүү болох 3.75 тэрбум төгрөгийн татаасыг арилжааны банкнуудад олгох нөхцөлтэйгөөр 35.2 тэрбум төгрөгийг 5 аж ахуйн нэгжид жилийн хугацаатай олгосон. Хуульд арилжааны банкны эх үүсвэрээр олгох гэж заасны дагуу, хуулийн ерөнхий үзэл баримтлалтай нийцүүлэн Төв банк арилжааны банкнуудтай хамтраад энэ чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлсэн” гэлээ. Дээрх зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг тухай бүр холбогдох байгууллагад хүргүүлж байгаагаа Төв банкны зүгээс илэрхийлээд "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хүрээнд 789.3 тэрбум төгрөгийн зээлийг 22 мянга гаруй зээлдэгчдэд олгосон гэх мэдээллийг өгөв. Үүнээс 97.6 тэрбум төгрөгийг махны нөөц бүрдүүлэх зорилгоор 25 зээлдэгчид, 46 тэрбум төгрөгийг гурил, тэжээл, ургамлын тосны зориулалтаар 9 зээлдэгчид олгосон байна. Малчдыг дэмжих зээл бодлогын хүрээнд 199 тэрбум төгрөгийн зээлийг 19870 малчинд олгосон гэлээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгох бодлогын зээлийн арга хэмжээг арилжааны банкнуудтай хамтраад хэрэгжүүлэхээр төлөвлөн, ажиллаж байгаагаа Монголбанкны холбогдох албан тушаалтнууд мэдээлсэн.


Ажлын хэсгийн гишүүд Байнгын хорооны хуралдаанд судалгаа, мэдээлэл танилцуулж байгааг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир шүүмжлээд “Нөхцөл байдлыг өөрчлөх, сайжруулах бодлогын шийдэл ярилцах нь зүйтэй. Яамдууд бодлого боловсруулагчдынхаа хувиар үүсэх нөхцөл байдлыг урьдчилан тооцоолоод, үүсэх сөрөг үр дагаварыг нь бууруулах шийдлийг угтан боловсруулж, шийдлээ хэрэгжүүлэх байдлаар тохируулга хийж ажиллах ёстой шүү дээ. Улаанбаатраас 1700 километр замаар тээвэрлэж очсон хивэг Баян-Өлгий аймагт 2 дахин өндөр үнэтэй болж байна. Тэгвэл бүс нутгийнх импортын тохируулга хийгээд, хилийн цаанаас 600 км-ээс илүү хямдаар авах боломж байна. Энэ мэтийн тохируулга хийх санаачилга яагаад гардаггүй вэ. Улсын Их Хурлын гишүүд, сайд нар бодлогын түвшинд шийдэл, дэмжлэг гаргаад л байхад дунд шатандаа ажил гацаад байна” хэмээлээ. Иргэдийн амьдралын чанар, орлогын нөхцөл байдал хүнд, татварын ачаалал, дарамт их байгаа бөгөөд Улсын Их Хурал нийлүүлэлтийн таслалдал, үнийн өсөлт, хомсдол үүсэхээс сэргийлсэн бодлого, шийдвэрийг хангалттай гаргасан. Хөрөнгө санхүүг улсын төсөвт суулгасан ч үр дүн нь амьдрал дээр гарахгүй байгааг Г.Тэмүүлэн гишүүн хэллээ. Төр бодлогын түвшинд оролцоод ч үр дүнгүй байгаа тохиолдолд цаашид хэрхэх талаар шийдэл гаргах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Иргэдийг, үндэсний үйлдвэрлэлийг, зах зээлийг дэмжих чиглэлээр зээл олгох, дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжүүлсээр байхад сум, баг, хороон дээр очоод асуухаар үйлдвэрлэл эрхэлдэг ч төрөөс олгож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадахгүй, шаардлагыг нь хангаж чаддаггүйгээ хэлдгийг Г.Тэмүүлэн гишүүн хэлсэн. Иймээс бодлого хөрсөн дээрээ буухгүй байна гэж хэлж болохоор байгаа бөгөөд үүн дээр шийдлийг  Эдийн засгийн байнгын хороо, Эдийн засгийн яам, Сангийн яам хамтраад шийдэл ярихыг санал болгов. 

Бодлогын шийдвэрүүдийн суурь болдог судалгаа, статистикийн чанарын талаар Д.Батлут гишүүн хөндөж, байр сууриа илэрхийлсэн бол Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг мах, гурилын худалдаан дээр монопол үүссэн эсэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдлагаас тодруулав. Ц.Уртнасан дарга хариулахдаа “Холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монголбанк, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон бусад байгууллагад туслах үүрэгтэйгээр оролцсон. Импортын хүнсний барааны үнэтэй холбоотой хяналт шалгалтуудыг хийсэн. Манай газрын зүгээс үнийн зохиомол хөөрөгдлийг үүсгэхгүй байх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байгаа. Өнгөрсөн долоо хоногт мах, гурилын үнийн чиглэлээрх хяналт шалгалтуудыг хийсэн. Махны зах зээлийн төвлөрсөн худалдаа эрхэлж байгаа “Дэнжийн мянга” болон бусад хүнсний зах, жижиглэн худалдаа эрхлэгчид, нийслэлийн нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүдийн зоорь, нөөцөд үзлэг хийлээ. Үндсэндээ 3 шатлалт ченжийн тогтолцоо бол “Дэнжийн мянга” зах дээр байна гэж үзсэн. Орон нутгаас оруулж ирж байгаа, орон нутгаас “Дэнжийн мянга” зах руу оруулж худалдаалдаг, тус зах дээр жижиглэн худалдаа эрхэлдэг. Тэгэхээр эрэлт, нийлүүлэлтээсээ үндэслээд үнэ тогтож байна. Үүн дээр төрөөс интервенц хийхээр нөөцийн мах бэлтгэж байгаа ч тэдгээр аж ахуйн нэгжүүд сайн чанарын махаа нөөгөөд, чанаргүй бүтээгдэхүүнээ түрүүлж зах зээлд гаргаж байна гэж бид тогтоосон” гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, зах зээлийнхээ зарчмаар янз бүрийн шалтаг шалтгаанаар  бараа бүтээгдэхүүний өссөн үнийг бууруулах маш хүнд гэдгийг онцлоод "Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас үнэ тогтворжуулах нэрийдлээр өгсөн зээлүүдийнхээ талаар яриад байх юм,  үр дүн гараагүй байна.  2022 онд Улсын Их Хурлаас Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Ийм арга хэмжээ аваагүй бол шатахуун 3000 төгрөг даваад явсан байх. Хуулийн хүрээнд авсан арга хэмжээний үр дүнд бензиний үнийг тогтвортой барьж байна. Тэгвэл мах, гурилын хувьд хуулийн хэрэгжилт хангалтгүй гэж үзэхээр байна. Төрөөс олгодог урамшуулал, махны нөөцийн бэлтгэлд хэдэн тэрбум төгрөг зарцуулагдаад байгаа атал эдгээр мөнгөнүүд чинь эзнээ олохгүй байгаа юм биш үү. Бодлого нь буруу, эсвэл эдгээр арга хэмжээ нь үнэ хөөрөгдөх нөхцөл шалтгаан болоод байгаа юм уу. Энэ зарчим өөрөө хэр зөв , оновчтой юм бэ гэдэг асуудлаа ярихгүй юм уу" хэмээн салбарын яамнхынаас тодруулж байлаа. Мөн тэрбээр ажлын хэсгийнхэн шийдэл огт ярихгүй байгааг шүүмжилж, мах, гурилын үнэ дахин өсөхгүй гэх баталгаа байхгүйг сануулсан. Иймд Эдийн засгийн байнгын хороо холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг даалгасан тогтоол гаргаж, чиглэл өгөх шаардлагатай гэлээ. Инфляцыг бууруулахын тулд мах, гурил ч гэх юм уу цөөн тооны бүтээгдэхүүн онилж, бодлого боловсруулах үр дүнгүй гэдгийг ажлын хэсгээс хариултдаа хэлсэн. Учир нь хүн амын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн буюу хэрэглээний сагс нь 411 нэр, төрлийн бараа бүтээгдэхүүнээс бүрддэг. Энэ утгаараа олон улсын жишигт инфляц нь мөнгөний үзэгдэл гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого болон төсвийн бодлогоор зохицуулах ёстой гэдэг хариултыг ажлын хэсэг өгсөн. Монгол Улсын хувьд үйлдвэрлэгч биш импортлогч учраас, гадаад орчноос хамааралтай учраас үнийн өсөлтөд тухай бүр тохируулга хийгээд байх боломж хомс гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хэллээ. Бодлогын түвшинд бүх салбар, чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжиж байж инфляцыг дотооддоо зохицуулах боломжтой гэв. Нөгөөтээгүүр, чөлөөт зах зээлд шилжсэн ийм үед аливаа бараа, бүтээгдэхүүний үнийг төр, засгаас тогтоох, хянах боломжгүйг хаа хаанаа санах нь зүйтэй хэмээн Х.Болорчулуун сайд хэлсэн. Товчхондоо импортын хамаарлыг бууруулж, үндэсний үйлдвэрлэлээ сэргээснээр инфляц буурч, бараа бүтээгдэхүүний ханш буурна гэдэг байр суурийг Ц.Сандаг-Очир гишүүний асуултад хариулах үеэрээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд илэрхийлэв.  


Үнийн өсөлт, инфляцын дарамтад орон нутгийн иргэд хамгийн их өртөж байгаа гэдгийг Д.Өнөрболор гишүүн хэлсэн. Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй хүн амын бүлгийг хамгаалах бодлогын талаар тодруулсан. Хөдөө аж ахуйн чиглэлийн бүтээгдэхүүний үнэ сүүлийн 1.5 жилийн хугацаанд хамгийн бага өссөн. Өрхийн орлого нь мал, аж ахуй, газар тариалангаас бүрддэг иргэд инфляцын дарамтад их өртөж байгаа нь статистик судалгаанаас харагдаж байгааг Б.Батдаваа дарга хэлсэн. Тухайлбал, Улаанбаатар хотын нэг өрхийн дундаж орлого 1.9 сая төгрөг байхад орон нутгийн нэг өрхийн орлого 1.4-1.5 сая төгрөг байдаг байна. Энэ зөрүү сүүийн 1.5 жилийн хугацаанд нэлээн нэмэгдэж байгааг хэллээ. Монгол Улсын хувьд орлогын тэгш бус байдал маш өндөр байгааг холбогдох тооцоо судалгаанаас илт харагдаж байгааг Төв банкны зүгээс бататгаад өндөр орлоготой хэсгийн эрэлтээс үүдсэн үнийн өсөлт бага орлоготой бүлэгтээ дарамт болж байгаа гэв. Орлогын тэгш бус байдлын шийдэл нь тусдаа, бие даасан бодлогоор хэрэгжих боломжтой бөгөөд нийгмийн халамжийнх бодлогыг зорилтот бүлэгт үр өгөөжтэй байхаар тохируулга хийх хэлбэрээр хэрэгжүүлэх боломжтой талаар ажлын хэсэг хариулт өгсөн. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Засгийн газраас иргэдийн орлого, худалдан авах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлого төлөвлөлт хийж, зохих арга хэмжээ авч ажиллахыг шаардав. 70 сая толгой малтай ч үүнээс авах үр ашиг, өгөөж байхгүй гэдгээс харахад чөлөөт зах зээлийн жамаараа зохицуулагдана гэж бодлогогүй, төр оролцохгүй, зохицуулахгүй байх боломжгүй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийллээ. Үнийг шууд буулга гэж шаардахгүй, харин бодлогын оновчтой арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг саналыг хэлсэн.

Ийнхүү гишүүд мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Цэрэнпунцаг нар үг хэллээ. Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар болон нөөцийн махны борлуулалтын талаарх мэдээллийг Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаараа сонссон бөгөөд дараагийн удаа энэ чиглэлээрх Засгийн газрын тодорхой шийдлийн талаар сонсож, хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хэлсэн. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл