Цэс

Холбоо барих

“Жендэрт суурилсан хүчирхийлэл, хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт “Жендэрт суурилсан хүчирхийлэл, хүний эрх” сэдэвт дөрөв дэх хэсгийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.


Уг хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн дэд захирал бөгөөд Японы хөтөлбөрийн захирал, Хүний эрх, олон улсын шударга ёсны төвийн факультетын хамтарсан захирал, Социологийн профессор, Стэнфордын Их сургуулийн Фриман Споглигийн нэрэмжит Олон улсын судлалын хүрээлэнгийн ахлах ажилтан Киёотерү Цүцуй ажиллав. Үндсэн илтгэгчээр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, панелистаар Бүгд Найрамдах Сингапур Улсын Үндэсний их сургуулийн Малай судлалын тэнхимийн эрхлэгч, Зүүн өмнөд Ази судлалын дэд профессор Мазна Мохамад, Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл нар оролцсон юм.


Жендэрт суурилсан хүний эрхийн асуудалд шийдвэр гаргах түвшинд маш анхааралтай, мэдрэмжтэй хандах хэрэгтэйг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар илтгэлийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Алтай дамнасан бүс нутаг бол газар зүйн тухай ойлголт биш. Нүүдэлчин соёл иргэншлийн тухай ойлголт юм. Энэ амьдралын хэв маяг нь биднийг нэгтгэдэг үндсэн  суурь учраас уламжлалт хандлага төстэй байдаг. Бид нийтээрээ ойлголт, хандлагаа өөрчлөх шаардлагатай. Бид жендэрт суурилсан хүчирхийллийн талаар их ярьдаг ч дорвитой арга хэмжээ авахгүй байна. Хэрэв бид энэ ноцтой асуудлуудыг шийдэж, нөхцөл байдлыг өөрчлөхийг хүсэж байгаа бол илүү олон хүнд “Жендэрт суурилсан хүчирхийлэл” гэж юуг хэлээд байгаа вэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Олон нийт ойлголттой болж, хандлагаа өөрчилж чадвал бидний хийх ажил, хэрэгжүүлэх бодлого илүү тодорхой болох юм. Ялангуяа улс төрчид, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эрэгтэйчүүд хүйсийн тэгш эрхийн асуудал, гэр бүлд суурилсан хүчирхийллийн талаарх ойлголтоо өөрчилж, манлайлалтай ажиллах хэрэгтэй. Бид нээлттэй байж, сэтгэлгээ, хандлагаа өөрчлөх бэлтгэлтэй байж, олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллах нь тогтвортой, шударга, ёс зүйтэй хөгжлийг бий болгож чадна” гэв.


Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх Монгол Улсын хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар илтгэлдээ танилцуулав. 

Соёл уламжлалын болон хувь хүмүүсийг ялгаварлан гадуурхсан итгэл үнэмшил нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг, хөдөлмөрийн хуваарь, тэдний хоорондох эрх мэдэл, хүчний ялгаатай байдлын талаарх хэвшмэл буруу ойлголтыг бий болгодог. Харин ядуурал, архидалт, мансууруулах бодисын хэрэглээ, хувийн амьдралын болон санхүүгийн байдлын улмаас үүдсэн стресс, харилцаанд тулгардаг бэрхшээл зэрэг нөлөөлөгч хүчин зүйлсээс шалтгаалан жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэгддэг.

Хүчирхийллийн хохирогчид  нийгэм, эдийн засаг, улс төрийн боломжоо эдлэх боломжгүй болдог. Мөн хүчирхийлэл үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэхгүй тохиолдолд дахин хүчирхийлэл үйлдэх нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн түвшинд хүний эрхийг хүндэтгэх байдал буурдаг. Жендэрт суурилсан хүчирхийлэл улс орны тогтвортой хөгжилд саад болдог.

Монгол Улс “Жендэр ба Хөгжил” хандлагад түшиглэсэн хууль, бодлогын орчныг 2011 онд баталгаажуулсан. Тухайлбал, 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай, 2012 онд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай, 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хөдөлмөрийн тухай, Эрүүгийн болон Зөрчлийн тухай зэрэг  Улсын Их Хурлаас жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бууруулах авах арга хэмжээг зохицуулах хүрээнд эрх зүйн орчныг тодорхой хэмжээнд бүрдүүлсэн.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд “жендэрт суурилсан хүчирхийлэл" гэж жендэрээс үүдэлтэйгээр бусдад бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны гэм хор, эдийн хохирол учруулсан, учруулж болзошгүй үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан.


Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэхэд 2017 онд Засгийн газраас нийт 24.2 тэрбум төгрөгийг зарцуулсан. Хүүхэд хамгааллын төсвийг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 13 орчим тэрбум төгрөг хүртэл өсгөсөн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа. Тиймээс салбар хоорондын уялдаа холбоог оновчтой болгох, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулах, эрх зүйн орчныг сайжруулах, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг бүх түвшинд хийх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байгааг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг илтгэлдээ дурдав.



Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг зөвхөн эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг хүчирхийллийн асуудлаар хязгаарлах нь учир дутагдалтай. Энэ төрлийн хүчирхийлэл нь хоорондоо харилцаа, холбоотой хүмүүсийн дунд үйлдэгддэг учраас шийдэхэд хүндрэлтэй байдаг. Гэр бүлийн хүмүүс, бэлгийн цөөнх, зарим тохиолдолд шашны үзлээс үүдэн гарах тохиолдол бий. Ихэнх тохиолдолд гэр бүлийн хүмүүс нэгнийхээ эсрэг мэдүүлэг өгдөггүй учраас хүчирхийлэл үйлдсэн этгээдийг шийтгэх асуудал удааширдаг. Тиймээс шийдвэр гаргах бодлогын түвшинд жендэрт суурилсан эрхийн бодлогыг нарийвчлан тогтоох, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхдээ иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, олон талын үзэл, хандлагыг судлах хэрэгтэй гэдгийг Бүгд Найрамдах Сингапур Улсын Үндэсний их сургуулийн Малай судлалын тэнхимийн эрхлэгч, Зүүн өмнөд Ази судлалын дэд профессор Мазна Мохамад хэллээ.


Монгол Улсын хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд боловч улс төр дэх, тэр дундаа шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо хуульд заасан 20 хувь, дэлхийн дундаж 26 хувьд аль алинд нь хүрэхгүй байсаар байна. Монгол Улсын Их Хурал 76 гишүүнтэй ч тэдний 13 нь буюу дөнгөж 17 хувь нь л эмэгтэйчүүд байгаа нь улс төрд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо хуульд заасан 20 хувьдаа хүрэхгүй байгаа юм. Энэ үзүүлэлтийг дэлхийн дунджаар авч үзвэл 26 хувьтай байдаг аж.

Монгол Улсын хувьд бодлогын түвшинд ялангуяа хүчирхийлэл, эмэгтэйчүүд, охидын эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг шийдэхийн тулд хууль тогтоомждоо тусгасан ч салбар хоорондын уялдааг хангаж, төсөв санхүүжилтийн асуудлыг шийдэх нь чухал. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах тогтолцоо, үйлчилгээг сайжруулах шаардлагатай. Жендэрт суурилсан хүчирхийллийг өнгөц харахад гэр бүлийн хүрээний мэт харагдах боловч цаашилбал улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд сөрөг нөлөөгөө үзүүлж байдаг. Тухайлбал, охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллээс үүдсэн эдийн засгийн 601,2 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээнд байгааг ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл илтгэлдээ танилцуулсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл