Цэс

Холбоо барих

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдрийн үдээс өмнөх /2023.06.22/ Монгол Улсын чуулганы нэгдсэн хуралдаан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар эхэллээ. Тус хуулийн төслийн талаар Соёлын сайд Ч.Номин танилцууллаа.


Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.3.3-т “... үндэсний агуулгатай инноваци шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацийн салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгож, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж зорьсон. Урлахуйн үйлдвэрлэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалыг дэмжиж, эдийн засгаа олон тулгууртай болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хамгаалж, хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэгддэг. Юнескогоос хийсэн судалгаанд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар 2.2 их наяд ам.долларын орлогыг бүрдүүлж, 30 гаруй сая ажлын байрыг бий болгож, экспортын нийт орлого нь 253 тэрбум ам.долларт хүрсэн тухай онцолсон байна. Соёлын яамнаас Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг анх удаа хийлгэсэн. Судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд  оруулж буй хувь нэмэр 481.4 тэрбум төгрөг хүрч байгааг тогтоосон. Энэ салбарт 11,697 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 5,665 нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байна.

Иймд дэлхийн нийтээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих төрөл бүрийн бодлогыг санаачлан хэрэгжүүлж, цар тахлын дараа эдийн засгийг сэргээх, цаашид улс орны тогтвортой хөгжлийг хангах, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хөгжүүлэх гол салбараар нэрлэж байна. Манай улсын хувьд соёлын салбарын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж үйлчилж байгаа боловч өөрийн орны өвөрмөц онцлогийг хадгалан, нөөц боломж, технологийн хурдацтай хөгжил, дижитал шилжилт зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж давамгай соёлын нөлөөлөл болон дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнийг даван туулах, мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцоор нь төрийн бодлогоор дэмжих зохицуулалт хангалтгүй байна.  

Иймд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэж үзсэн. Уг хуулийн төсөл батлагдсанаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эко системтэй уялдсан төрийн бодлогыг тогтворжуулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх орчин бүрдэн импортыг орлох, экспорт чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явцыг эрчимжүүлнэ. Мөн төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэр тодорхой болж соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээх, туурвихтай холбогдолтой үе шат бүрд бүртгэл мэдээллийн тогтолцоо нэвтэрч, соёлын нийгэм, эдийн засгийн ач холбогдол хэмжих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник технологитой хослуулан хөгжүүлэх гадаад зах зээлд өрсөлдөх нөхцөл бий болгож ажлын байр нэмэгдэнэ. Улмаар үндэсний агуулгатай соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний өсөлт, хүртээмж нэмэгдсэнээр аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжих тогтвортой нөөц нөхцөл бий болохын зэрэгцээ үндэсний соёлын дархлаа бэхжих ач холбогдолтой гэв.

Түүний дараа Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн хэлэлцэх эсэх талаарх БСШУС-ын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.


Тэрбээр, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн ач холбогдолыг дурдаад байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих талаар, соёл, урлагийн ажилтны цалин, хөлсийг нэмэгдүүлэх талаар, чөлөөт уран бүтээлчдийг хэрхэн дэмжих талаар, мөн оюуны өмчийг хамгаалах тэр дундаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд Монгол Улсын уран бүтээлчдийн бүтээл, оюуны өмчийн зөвшөөрөлгүй түгээгдэж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа соёл, урлагийн байгууллагууд өөрийн орлогоо ажилчид, байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулдаг эсэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засагт оруулах хувь нэмэр ямар байгаа талаар, оюуны өмчийг хамгаалах, оюуны өмчийн зөрчлөөс үүссэн хариуцлагын асуудал хэрхэн тусгагдаж байгаа талаар асуулт асууж, санал хэлсэн гэв.  Энэхүү байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа.


УИХ-ын гишүүн Н.Ганибал, соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж чухам юуг хэлж байгаа тухай тодруулж өгөхийг хүсэв. Соёлын сайд Ч.Номин, соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж хүний оюун санаа авьяас билиг дээр суурилж, үүнийгээ оюуны өмч техник технологитой уялдуулан үүсгэн гаргаж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг томьёолж байна. Олон улсад 1995 оноос хойш хөгжиж 2,2 их наядын том зах зээлийг эзэлж байна. Зарим улс орнуудад соёлын бүтээлч үйлдвэрлэлээс олсон орлого нь  дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувийг эзэлж байна.  Улмаар  дараагийн 10 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувь хүртэл өсөх боломжтой. Тийм учраас манай улс олон улсын энэхүү  тогтолцоотой хөл нийлүүлэн алхах нь зүйтэй. Соёлын өв дээрээ суурилсан бүтээлч үйлдвэрлэл, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгож, эдийн засгаа солонгоруулах буюу олон тулгуурт болгох нь зүйтэй гэж үзсэн хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг,  соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэх хүний нөөцийг бэлтгэхэд ямар зохицуулалт хийсэн талаар, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, хууль санаачлагчийн зүгээс ямар ч зардал гаргахгүй гэсэн атал соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа худалдаж авахад нь зориулаад талон олгоно гэдгээ тодруулах, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, соёл урлагийг хөгжүүлэхэд Соёлын яам бусад яамтайгаа хэрхэн хамтран ажиллаж байна вэ, орон нутгийн соёл, урлагийн салбарынхныг хэрхэн дэмжиж байна вэ гэж тус тус асуув.


Эдгээр гишүүдийн асуултад Соёлын сайд Ч.Номин хариулахдаа, Соёлын яамны зүгээс  өнгөрсөн 2022 онд  соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогоо тодорхойлж,  Засгийн газраас 43 дугаар тогтоолыг батлуулсан. Энэ хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг 12 салбарын хүрээнд хөгжүүлнэ гэсэн. Аливаа бизнес шинэ салбарыг хөгжүүлэх нөхцөлд  бойжуулна, хөгжүүлнэ, түгээнэ дэлгэрүүлнэ гэдэг үе шатууд байдаг. Монгол Улс бодлогын бичиг баримтууддаа  олон тулгуурт эдийн засгийн суурьтай болно, цаашид мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээнэ гэж заасан. Энэ утгаараа шинэ эдийн засгийг бойжуулах хууль гэж үзэж болно. НҮБ-ын судалгаагаар  2020 оны байдлаар манай өсвөр насныхан соёлын болон бусад арга хэмжээнд хамгийн бага оролцдог гэсэн учраас  үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, ирээдүйн иргэддээ соёлоор дамжуулан өв соёлыг нандигнан хайрладаг болгох үүднээс тэднийг аливаа соёлын арга хэмжээнд оролцох боломжтой эрхийн бичгүүдийг өгөхөөр хуульчлах нь зүйтэй гэж үзсэн. Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах ажлын хүрээнд Гадаад хэргийн яамтай нягт хамтран ажиллаж байна. Ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн соёлын салбарын нийт ажилтан албан хаагчдын цалин хөлс  61 хувиар  нэмэгдэж байна. Мөн хүний нөөцөө чадавхжуулах ажлуудыг тогтмол хийж байгаа гэж хариуллаа. Мөн  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, С.Одонтуяа нар  үг хэллээ.

Түүний дараа Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр БСШУС-ын байнгын хороонд шилжүүллээ.

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр боллоо

 Чуулганы нэгдсэн хуралдааны дараагийн асуудал нь Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэхүү хуулийг УИХ-ын гишүүн  Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023 оны нэгдүгээр сарын 13-ны  өдөр өргөн мэдүүлсэн байна. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан.


Тэрбээр, Төсвийн сайн засаглалыг бүрдүүлэх үүднээс төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байдлыг бий болгох, төсвийн төлөвлөлт, ил тод байдлыг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт хариуцлагыг дээшлүүлэх, гадаад зээл тусламж, өрийг хязгаарлах хүрээнд төсвийн шинэчлэлийн дөрвөн бодлогыг дэвшүүлж байна.  Хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүдийн бараг тал хувь нь буюу  30 гаруй гишүүд дэмжин,  хамтран санаачлагчаар оролцож байгааг энд онцлон тэмдэглэе гээд тус  хуульд өөрчлөлт оруулах шаардлагуудыг онцоллоо. Мөн тэрбээр цааш нь улс орны эдийн засгийн аюулгүй байдал, төсвийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах үүднээс аль ч улстөрийн хүчин эрх барихаас үл шалтгаалан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа заавал мөрддөг байх ёстой. Энэ үүднээс хуулийг заавал хэрэгжүүлдэг байх суурь зарчмыг мөрдөх зохицуулалтыг тусгалаа гээд хуулийн төслийн чухал өөрчлөлтүүдийг танилцуулав.

Тухайлбал, жил жилийн төсвийн хууль батлуулахтай зэрэгцэн төсөвтөө нийцүүлэн төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчлөгддөг буруу жишгийг халж, хуулийнхаа үндсэн суурь зарчмаар шийдэгддэг болно. Төсвийг бүрдүүлэгч, татвар төлөгчид төсвийн төлөвлөлт, боловсруулалтад оролцох оролцоог хангах, төсвийн талаарх мэдээллийг ил тод байх өөрчлөлтийг хийж байна. Түүнээс гадна зээл тусламж, хөрөнгө оруулалтын  ач холбогдол, үр өгөөж, үр ашиг, эрэмбээр нь ангилж гаргах, үр ашиггүй салбарт хөрөнгө оруулалт хийхийг хязгаарлах, төрөөс санхүүждэг төрийн, орон нутгийн өмчит оролцоотой аж ахуйн нэгж байгууллагуудыг тэмдэглэлт өдөр, өдөрлөг, ойн баярт хандив, тусламж өгөх нийгмийн шинжтэй үйл ажиллагаа, төсвийн алдагдал нөхөх зэрэг байдлаар санхүүжүүлэхийг хориглох, хувийн хэвшлээс болон аливаа төрийн бус байгууллагаас хандив мөнгө татах, шахаж шаардах зэргийг тус тус  хязгаарлахаар тусгалаа гэв. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.


Тэрбээр, байнгын хорооны хуралдаанаар  хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Жавхлан өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг  үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа боловч энэ удаагийн төсвийн шинэчлэлийг "Үндэсний хөтөлбөр" болгож,  хүрээг нь өргөжүүлэх замаар төсвийн суурь шинэчлэл болгох боломжтой эсэх талаар, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин төсвийн шинэчлэлийн хүрээнд бусад салбарын хуулиудын уялдаа, холбоо, гарах үр дагаврыг тооцсон эсэх, Засгийн газраас хуулийн төсөлд  өгсөн  саналын талаар асуулт асууж, хариулт авсан болно.  УИХ-ын гишүүн Б.Жавхлан төсвийн шинэчлэлийг Хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан дахин боловсруулах ажлын хэсэг байгуулан Засгийн газартай хамтран ажиллах нь зүйтэй, УИХ-ын гишүүн Ж. Батжаргал хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа бөгөөд төсвийн шинэчлэлийн "Үндэсний хөтөлбөр"-ийг яаралтай  боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох, энэ хугацаанд өргөн мэдүүлсэн  төсвийн шинэчлэлийн  бодлогыг цаг алдалгүй хэлэлцэх нь зүйтэй, УИХ-ын гишүүн  Д.Өнөрболор төсвийн оновчгүй  бодлого хэрэгжүүлж, мөчлөг  дагасан шинжтэй  явж ирсэн нь боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт сөргөөр  нөлөөлж  байгааг анхаарах, мөн төсвийн төлөвлөлт, зарцуулалт, тайлагналыг сайжруулах, зардлын өсөлтийг бүтээмжээр хэмждэг болох, төсвийн бодлогыг эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглэсэн цогц өөрчлөлт, шинэчлэлийг  хийх нь зүйтэй  гэсэн саналуудыг тус тус гаргасан болно гэв. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Н.Энхболд нар  дэмжиж үг хэллээ.


УИХ-ын гишүүн Д.Өнөрболор  төсвийн суурь реформыг хийх зайлшгүй цаг хугацаа ирсэн. Төсвийн төлөвлөлтөд олон нийтийн хянах боломжийг бүрдүүлж байгаад сайшаалтай гээд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг мэргэжлийн бөгөөд  улс төрөөс ангид байхаар бүрдүүлэхэд  анхаарах ёстой гэв.


Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг  хэлэлцэх нь зүйтэй хэмээн санал хураалтад оролцсон гишүүдийн 55,6 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн хуралдаанаар “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Дээрх хоёр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан уншиж танилцууллаа.


Тус байнгын хорооноос дээрх хоёр хууль тус бүрт гаргасан зарчмын зөрүүтэй нэг, нэг санал буюу уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагч буюу Засгийн газарт буцаах саналын томьёоллоор санал хураалт явуулж, уг санал дэмжигдлээ. Санал дэмжигдсэнтэй холбогдуулан УИХ-ын тогтоолыг батлав.

Түүний дараа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцууллаа.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Өнөрболор асуулт асуув. Тэрбээр, энэ хуулийн төслийг дэмжихгүй байна.  Учир нь нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулна, агаарын бохирдлыг бууруулна хэмээн хөрөнгө зарчихаад үүнийхээ эсрэг Улаанбаатарт утаа “үйлдвэрлэхээр” болж байна. Сайжруулсан шахмал түлш биш буцаад түүхий нүүрс рүүгээ шилжих ухралт хэмээн үзэж буй  учраас хуулийн төслийг  байнгын хороо руу буцаах боломжтой эсэх талаар асуув.


Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариулахдаа, 1,5 мегаватаас дээш хүчин чадалтай Дулааны цахилгаан станц барьсан тохиолдолд Гаалийн татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг 4 жилээр хойшлуулах л асуудал байгаа юм. Засгийн газар утаатай хийх тэмцлээ үргэлжлүүлнэ. Бид бодит нөхцөл байдалтай зохицохоос өөр аргагүй. ОХУ-аас БНХАУ руу нийлүүлэх хийн хоолой 2029-2030 онд ашиглалтад орно. Тэр цаг хугацаанд хүртэл бид нүүрсээ түлэхээс өөр гарц байхгүй. Хуулийн төсөлд 1,5 мегават хүчин чадалтай станц хэмээн босго тавьсан.  Ийм хүчин чадалтай станц 200 орчим айлыг халаах боломжтой юм.  Өөрөөр хэлбэл, 200 янданг халаад нэг жижиг Дулааны цахилгаан станц барина  гэсэн үг. Харин тэрхүү станцынхаа янданд шүүлтүүр тавихаас эхлээд утааг бууруулах арга хэмжээг авч болно. Энэхүү бодит байдлыг ойлгож, хуулийн төслийг дэмжиж өгөхийг хүсье гэв.


Тус байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хийхээр болж өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл