Цэс

Холбоо барих

Дээд, дунд, мэргэжлийн болон сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.06.30/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин горимын санал гаргаж, төслүүдийн талаар нарийвчлан ярилцах зүйлс байгаа тул Байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт буцаахыг хүсэв. Уг горимын саналын талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал үг хэлж, хэлэлцэх эсэхийг дэмжсэнээс хойш гурав дахь жил рүүгээ орж байгаа энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг удаашруулахгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужингийн гаргасан горимын саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд буцаалаа.

Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа, төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар зүйл нэг бүрээр хэлэлцсэнийг дурдаад, дээд боловсролын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, эрдмийн зөвлөл, хөтөлбөрийн хорооны бүрэлдэхүүн, чиг үүргийг тодорхой болгох, чанарын баталгаажуулалтыг хөндлөнгийн үнэлгээ, магадлан итгэмжлэл, дотоод чанарын баталгаажуулалт гэсэн хэлбэрээр хийдэг байх, орон нутагт төрийн өмчийн их, дээд сургуульд ажиллаж байгаа багш, ажилтанд тогтвор суурьшилтай ажиллах боломжийг нээж өгөх, санхүүжилтын эх үүсвэрийг олон талт, үр ашигтай болгох, улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлсэн судалгааны зардлыг төрөөс санхүүжүүлэх тогтолцоог бий болгох тухай санал дүгнэлт гаргасныг дурдлаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн анагаахын сургуульд суралцаж төгсөх хугацаа бусад мэргэжлийн сургуулиудынхаас урт байдгийг хэрхэн зохицуулсан талаар асуулт асууж, санал хэлжээ.

Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал гишүүн үг хэлж, ашиг сонирхлын зөрчилтэй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэж байгаа асуудлаар санал хураалтанд оролцохгүйгээ мэдэгдлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг их, дээд сургуулиуд санхүүжилтийнхээ 95-100 хувийг оюутны сургалтын төлбөрөөр бүрдүүлдэг байдлыг өөрчилж, иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах, нэмэгдүүлэхгүй тогтвортой байлгах ямар зохицуулалт орж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл сургуулиудын засаглалыг хэрхэн сайжруулж, бие даасан байдлыг хангаж, либералчилж байгаа, их, дээд сургуулиас гарч буй бүтээгдэхүүн буюу сургалтын үр дүнд хэрхэн тодорхойлж, баталгаажуулж байгаа, зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр ямар бодлого хуулийн төсөлд тусаж буй талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар сургалтын чанарын магадлан итгэмжлэл өнөөгийн түвшнээс хэрхэн сайжрах, их, дээд сургууль аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжсэн тогтолцоог яаж бүрдүүлэх, их, дээд сургуулийн удирдах зөвлөл, багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны сонголт, өсөн дэвших асуудлыг мерит зарчмаар шийдвэрлэхдээ салбарын ажилтнууд, эцэг эх, оюутан сурагчдын төлөөллийг хэрхэн хангах зэрэг асуулт асууж хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 34 саналын томъёоллоор санал хураалаа. Санал хураалтын явцад Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд цэрэг, цагдаагийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг зөвхөн төрийн өмчийн сургууль эрхлэхээр заасан нь засаглал, удирдлагын хоёрдмол байдал үүсгэж болзошгүйг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн цэргийн ангийн дугаартай тусгай сургуулиуд шаардлага гарсан үед үүрэг гүйцэтгэдэг тул энгийн сургуулиудтай адилтган үзэхгүй байх талаар байр сууриа илэрхийлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг их, дээд сургуулиудын Удирдах зөвлөлд талуудын төлөөлөл тэнцвэртэй байх нь зүйтэй гэсэн санал хэлж, их сургуулийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний орлогыг сургалтын үйл ажиллагаанд захиран зарцуулах зохицуулалтыг гүйцээн боловсруулах чиглэлч өгч буцаах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, төрийн өмчийн дээд боловсролын сургуульд улсын төсвөөс дэмжлэг үзүүлэхээр заасантай холбогдуулан эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийн жагсаалтад зоотехник, агротехникч зэрэг хөдөө аж ахуйн мэргэжлүүдийг оруулах санал гаргав.

Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцээд, сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангаж, дэргэдээ гарааны компани байгуулах, үр дүнд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан нэг суралцагчид ногдох хувьсах зардлаар санхүүжүүлэх, багш, хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг дэмжих, багш бэлтгэх тогтолцоо бүрдүүлэх, мэргэжлийн багш жил бүр аж ахуйн нэгж, байгууллагад дадлага хийж ур чадвараа дээшлүүлэх, өөрийн судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний үр дүнд бий болсон бүтээл, бүтээгдэхүүний орлогоос хувь ногдол, ашиг хүртэх, бүс, орон нутгийн хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн бүтэц, үйлдвэржилт, онцлог зэрэгтэй уялдуулан сургалтын байгууллагыг төрөлжүүлэн хөгжүүлэх зэрэг зохицуулалтыг тусгах санал гаргасан байна. Мөн, иргэн гадаад, дотоодын сургалт, үйлдвэрлэл, амьдралын орчноос олж авсан мэдлэг, ур чадвараа үнэлүүлж зохих түвшний чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, диплом авч хөдөлмөр эрхлэх боломжийг өргөжүүлэх, ажлын байр, үйлдвэрлэлийн орчин болон сургалтын байгууллагыг түшиглэн хосмог, уян хатан, нээлттэй сургалтын тогтолцоог бүрдүүлэх, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын оролцоог нэмэгдүүлж, түншлэлд суурилсан тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, Ц.Туваан нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд мэргэжлийн боловсрол, сургалтын шинэчлэлийг хөдөлмөрийн зах зээл, салбарын эрэлттэй уялдуулах, дадлага, үйлдвэрлэлд суурилсан сургалтын аргачлалд шилжүүлэх, бодлогоор дэмжих, суралцагчдын хувьсах зардал, тэтгэлгийг нэмэгдүүлэх, үргэлжлүүлэх асуудал, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх болон сувилагчийн туслах, бариач, массажист зэрэг мэргэжилтэн бэлтгэх, тэднийг дараа дараагийн шатны мэргэжлийн сургалтад хамрагдахад ахиц гаргах талаар хөндөж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр болон Ажлын хэсгийн гишүүдээс тодорхой хариулт авсан юм.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос боловсруулж бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураах үед тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг зарим заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгөхийг хуралдаан даргалагчаас хүсч, горимын санал гаргав. Түр сургалт, салбар хоорондын харилцааны асуудлаарх уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан үг хэлж, мэргэжлийн боловсролын байгууллагууд Боловсрол, шинжлэх ухааны яаманд бус салбар салбартаа хамаарах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар давхар захирагдах ёсны зарчим, хамтын ажиллагаа байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн боловсролын байгууллагын удирдлага, засаглалын асуудлаар байр сууриа илэрхийлж, мэргэжлийн болон төрийн захиргааны томилгоотой байх, тавигдах шаардлага нь өндөр байх, улс төрөөс ангид байх зарчмуудыг хуульчлах, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа мэргэжлийн боловсрол болон мэргэжлийн сургалт гэх ойлголтуудыг зааглаж, зохицуулалтуудыг нарийвчлах, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд бизнес эрхлэгчид ахиу байх нь зүйтэй гэсэн санал хэлсэн юм. Эдгээр асуудлаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан горимын саналын дагуу гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Дээрхээс бусад зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.

Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжим, биеийн тамирын багш нарын өндөр насны тэтгэвэрт гарах насыг сонголттой болгох, цэцэрлэгийн хөгжмийн багшийн хүрэлцээ, хүүхдүүдийн хоолны зардлын норматив зэрэг асуудлуудыг хэрхэн зохицуулж байгаа, малчин болон тариаланч өрхийн хүүхдийг долоон настайд нь сургуульд элсүүлж болох, эсэх талаар,  Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам ерөнхий боловсролын сургуульд судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэсэн хуулийн төслийн заалтыг хэвээр үлдээх боломжтой эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн хуулийн төслийн зарим зүйл заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос доошгүй нь үзжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуугаагүй тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнээр хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар зарлан мэдээлэв. Энэ сарын 16-нд өргөн мэдүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын аймаг, сум, бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, 23-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны Төсвийн нэгдсэн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгдсэн тайлан, 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд,  мөн өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд, 28-нд өргөн мэдүүлсэн Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хороонд, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хороонд тус тус хуваарилсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл