Цэс

Холбоо барих

Дээд боловсролын тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.


Эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал танилцуулж, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр эцсийн хэлэлцүүлэг өндөрлөж, хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.  

Дараа нь Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Төсвийн байнгын хороо 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн дагаж мөрдөх хугацааг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Өнөрболор танилцуулсан.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт гараагүй бөгөөд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

Мөн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр  дахь хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн зарлагын дэд хорооны Б.Пүрэвдорж танилцуулав.

Тэрбээр, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батсуурь төрийн аудитын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын хүрээнд хариуцлагын ямар арга хэмжээ авсан, хэдэн хүнд хариуцлага тооцсон талаар, УИХ-ын гишүүн Пүрэвдорж 2022 оны дүгнэлтээр нийт хэдэн төгрөгийн зөрчил илрүүлсэн, нийт хэдэн шийдвэр гаргадаг албан тушаалтан байгаа талаар тус тус асуулт асууж хариулт авсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал гадаадын зээл тусламжийг хугацаа, хүү, үйлчилгээний төлбөрөөс гадна ханшийн хэлбэлзлийг тооцож төлөвлөдөг байх, өнгөрсөн онуудын гүйцээгүй дутуу барилга, байгууламжийг 2024 оны төсвийн төслийг боловсруулахдаа бүрэн дуусгахад анхаарах, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн төсвийн гүйцэтгэлийн танилцуулгад төсвийн орлого, зарлагыг эдийн засгийн ангиллаар болон төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн баталсан төсвөөс зөрүүтэй зарцуулсан шалтгааныг тайлбарласан дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргаж байх, гадаад зээл, тусламжийн төлөвлөлт гүйцэтгэлийн зөрүү их байгаад анхаарч, цаашид төсвийг бодитой төлөвлөж ажиллах, батлагдсан 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй харьцуулахад төсвийн төлөвлөлтийг өөрчлөн нэмэгдүүлж байгаад дүн шинжилгээ хийж, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдох хууль тогтоомжийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах гэсэн саналуудыг хэлсэн.


“Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Түүнчлэн Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос Төрийн аудитын байгууллагаас гарсан дүгнэлтэд дурдсан зөрчлүүдэд хариуцлага тооцох арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл өгөх албан тоот хүргүүлэхээр тогтсон  хэмээн танилцууллаа.


Дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, аливаа ажилд гүйцэтгэл, үр дүн их чухал. Засгийн газрын тайлан, аудитын дүгнэлтийг харахад зогссон, удаашралтай, хийгдээгүй ажил олон байна. Гурван өдөр бороо ороход гэр хорооллын хөрсний бохирдол тэр чигээрээ хот руу урсаж ирлээ. Олон орон сууц усанд авлаа. Энэ бүхэн авлигад автсан, ажлын гүйцэтгэлд хяналт тавьдаггүй, эргээд хариуцлага тооцохгүй явж ирсэнтэй холбоотой. Гэр хорооллыг хөгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд хийгдэхгүй, удаашралтай байсаар байна. Үүнд хэрхэн хариуцлагата тооцох вэ хэмээн асуугаад, цаашид холбогдох албан тушаалтнуудад хугацаатай үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлд хяналт тавих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж, Төсвийн гүйцэтгэлд маш хариуцлагагүй хандсан байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, үерийн далантай холбоотой хөрөнгө оруулалтыг хангалттай тавьжээ. Гэтэл албан тушаалтнууд нь тендер шалгаруулалтад өөрийн халаасны компаниа дэмждэг, тэднийхээ чанаргүй бүтээн байгуулалтад хяналт тавьдаггүйгээс төсвийн гүйцэтгэлд ингэж муугаар нөлөөлж байна. Цаашдаа төсвийн гүйцэтгэлтэй холбоотой хяналтын сонсгол зохион байгуулж, хариуцлага тооцож явах хэрэгтэй байна хэмээн хариулсан.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Дээд боловсролын тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Боловсролын, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу хуулийн төслийн зарим зүйл заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь үзсэн тул ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцууллаа.


Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хороогоордэмжигдсэн зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулж, хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Боловсролын, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Боловсролын, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Байнгын хороо зарчмын зөрүүтэй 9 саналаар санал хураалт явуулахад 8 санал дэмжигдэж, 1 санал дэмжигдээгүй хэмээн УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Байнгын хороогоор дэмжигдсэн болон дэмжигдээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.

“Монгол-Хятадын 1955 оны Хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар “Монгол-Хятадын 1955 оны Хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.


Ерөнхий сайдын 2023 оны 109 дүгээр захирамжаар Гашуун сухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийн болон барилга байгууламжийг цогцоор нь барих ажлыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Тус ажлын хэсэг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Гашуун сухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Гашуун сухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан хэмээн танилцуулав.

Тогтоолын төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ. Тодруулбал, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг судлах хэрэгжилтийг эрчимжүүлэх; Гашуун сухайт-Ганц мод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын Ганцмод боомт хүртэлх төмөр замын суурь бүтэц өмчлөгч төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлогоос санхүүжүүлэхээр тусгажээ. Мөн БНХАУ-ын Ганцмод төмөр замын өртөө хүртэлх төмөр замын суурь бүтэц өмчлөгч төрийн өмчит компани болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хооронд үе шаттай, жил бүр 20 сая тонн хүртэлх нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой зах зээлийн зарчимд нийцүүлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг зөвшөөрөхөөр төсөлд тусгажээ. Тавантолгойн нүүрсний ордыг иж бүрэн ашиглах, олборлолт, тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг, хэрэгжилтийг тайлагнахыг Засгийн газарт даалгахаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн уг тогтоолын дагуу аливаа гэрээг ашигт малтмалын түүхий эдээр төлөх нөхцөл(off-take)-өөр байгуулахгүй байхаар тусгасан байна. Төсөл батлагдсанаар Тавантолгойн бүлэг ордын үнэ цэн өсөх, тээврийн өртөг зардал буурах, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтээс үүсэж буй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурах, төсвийн орлого болон валютын нөөц нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээлээ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ж.Бат-Эрдэнэ нар Ганцмод өртөө хүртэлх төмөр замын суурь бүтэц өмчлөгч нь төрийн өмчит компани байх эсэх, төмөр замын бүтээн байгуулалт, хил дамнасан байгууламж, нүүрсний квотын талаар асуулт асууж, хариулт авсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.

Тогтоолын төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.


Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Ганболд, Тогтоолын заалтуудыг харахад ажлыг гүйцэтгэх компанийг заажээ. Төмөр замын суурь бүтцийг эзэмшиж байгаа хятадын компанитай гэрээ хийж, “Эрдэнэс таван толгой” компаниас зардлыг санхүүжүүлэхээр тусгасан байна.  Жилд 20 сая тонн нүүрсийг худалдах гэрээ хийхээр мөн зааж. УИХ ийм тогтоол батлах нь хэр оновчтой вэ хэмээн тодруулсан. Тэрбээр, техник, эдийн засгийн үндэслэлийг маш сайн хянаж баталсны дараа гэрээ хийх нь зөв хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, 2004 онд Монгол-Хятадын хил боомтын дэглэмийн гэрээ байгуулж, хоёр улсын хиллэж байгаа энэ 17 боомтын аль нь төмөр замын, аль нь авто замын боомт байх вэ гэдгийг тодорхойлсон. Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам,  Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны хооронд хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдсан. 2022 онд “Эрдэнэс таван толгой”, “Чайна энержи компаниудын хооронд ерөнхий хэлэлцээрүүд байгуулагдсан. Эдгээр хэлэлцээрүүдэд жилд 20 сая тонн нүүрс тогтвортой худалдах, худалдан авахаар тусгасан.  Гэхдээ энэ асуудлаар улс төрийн шийдвэр гаргаж, УИХ-ын тогтоолоор баталгаажуулах шаардлагатай байгаа.

Хоёр улсын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил маш нарийн, инженерийн төвөгшил ихтэй зургаар хийгдэхээс гадна хоёр улсын хилийн болон бусад байгууллагуудаас олон зөвшөөрөл авах шаардлага бий болсон. Нөгөө талдаа хилийн хоёр талд байгаа төмөр замын үндсэн бүтээц нэг л бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх учир БНХАУ-ын төрийн өмчит Чайна энержикомпаниар гүйцэтгүүлэхээр санал тавьсныг нөгөө тал хүлээн авсан.

Гүйцэтгэлийн зардлыг борлуулсан нүүрснийхээ үнээс төлөхөөр байгаа. Зам, тээврийн хөгжлийн яам төмөр замын бүтээн байгуулалтын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах сонгон шалгаруулалт зарлан шалгарсан компани ТЭЗҮ боловсруулах ажилдаа орчихсон байгаа гэсэн хариулт өгсөн.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийг үзэл баримтлалын хүрээнд нь хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир тогтооын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хорооны тайлан сонсов

Дараа нь Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хорооны тайлан сонслоо.

Тайланг тус түр хорооны дарга Г.Ганболд танилцуулсан юм.

Тэрбээр, Хянан шалгах түр хороо нь 2022 оны 12 дугаар сард нэг удаа хугацаагаа сунган ажиллаж, 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөр хугацаа дуусгавар болсон. Энэ хугацаанд Хянан шалгах түр хорооноос томилогдсон хянан шалгагч, шинжээчдийн цуглуулсан нотлох баримт, материалуудад хийсэн дүн шинжилгээнд үндэслэн Хянан шалгах түр хороо 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Хянан шалгах түр хорооны явцын тайланг хэлэлцүүлсэн гэлээ.  

Хянан шалгах түр хороо нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд хилийн боомтуудаар нүүрс тээвэрлэж, нэвтрүүлж байгаа байдал, хилийн боомтын үйл ажиллагаанд оролцож байгаа мэргэжлийн хяналт, гааль, хил хамгаалах, цагдаа, хилийн боомтын үндэсний зөвлөлийн ажлын уялдаа холбоо, мэдээ мэдээлэл солилцож байгаа байдал, гаалийн хяналтын бүсийн зохион байгуулалт, боомтод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, нүүрсний ачаа, тээвэр логистикийн үйл ажиллагаа, экспортод гаргаж байгаа нүүрсний гаалийн бүрдүүлэлт, тээврийн хэрэгслийн бүртгэл, хилийн боомтоор нэвтэрсэн нүүрсний бодит тоо хэмжээ, бүртгэл, хяналт, уул уурхайн салбарт төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нүүрс экспортлохтой холбоотой гэрээ, эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн худалдааны үнэ тарифын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн нууцаас ил болгосон гэрээнүүд, үүний дотор офф-тейкийн гэрээнүүдийн хэрэгжилт, “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн экспортын бодлого, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой сэдвийн хүрээнд нотлох баримт, материалыг цуглуулан хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ хэмээн Түр хорооны дарга Г.Ганболд онцолсон.


Энэ хугацаанд Түр хороо нь 7 удаа хуралдаж, хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой 14 тогтоолыг баталж, нийт 77 албан бичгийг холбогдох газруудад хүргүүлж, 45 албан бичгээр ирүүлсэн материал, нотлох баримтуудыг цуглуулж, Ховд аймгийн Булган хилийн боомт, Баян-Өлгий аймгийн Цагааннуур чөлөөт бүс, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт, Дорноговь аймгийн Ханги боомтын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж. тэмдэглэл үйлдэж, баримт цуглуулсан байна.

Түр хорооны дарга Г.Ганболд, “Хянан шалгах түр хороо нь 2022 оны 11 дүгээр сард Гаалийн ерөнхий газраас 2013, 2018 онд хийсэн шалгалтын ажлын тайланд үндэслэн хилийн боомт, чөлөөт бүсийн үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн байгууллагуудын удирдлагуудыг оролцуулан Түр хорооны хуралдаан, мөн 2022 оны 12 дугаар сард төрийн нууцаас ил болсон гэрээнүүдийн хэрэгжилт,  2013 оноос хойших нүүрсний хэргүүдийг шийдвэрлэсэн байдлын талаар төрийн байгууллага, хууль хүчний байгууллага, гэрээнд оролцогч аж ахуйн нэгжүүд болон тухайн үед нүүрсний асуудлаар жагссан жагсагчдын төлөөлөл зэрэг олон талын оролцоог ханган Ерөнхий хяналтын сонсголыг тус тус зохион байгуулсан.

УИХ-ын Хянан шалгах түр хорооны 2023 оны 11 дүгээр тогтоолоор “Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тов”-ыг баталж, 2023 оны 04 дүгээр сарын 10,11,12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр олон нийтэд зарлан бэлтгэл ажлыг хангасан боловч сонсголд гэрчээр дуудахаар товлосон 100 гаруй этгээдийн 50 орчим хувь нь Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагад нэгэнт шалгагдаж, гол гэрчүүдийн хувьд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нь түр хорооны сонсголыг зохион байгуулахад хүндрэлтэй нөхцөл бий болсон.  Мөрдөн байцаах ажлын нууцыг хамгаалах, үр дүнг дээшлүүлэх шаардлагаар Авлигатай тэмцэх газраас 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06/5464 дугаартай албан тоотоор Түр хорооны сонсголыг хойшлуулах хүсэлт тавьсныг анхааран үзэж сонсголыг хойшлуулах шийдвэр гаргасан.

Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо нь холбогдох хуулийн хүрээнд төрийн нууцаас ил болгосон гэрээнүүдийн хэрэгжилт, офф-тейкийн гэрээнүүдийн хэрэгжилт, хилийн боомтоор нэвтэрсэн нүүрсний тоо хэмжээ, түүний бүртгэл, хяналт, Гаалийн байгууллагаас хийсэн 2013, 2018, 2022 оны шалгалтын үр дүн, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн экспортын бодлого, худалдан авалт зэрэг асуудлаар хянан шалгагч нарын цуглуулсан нотлох баримтад шинжээчид дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан” гэлээ.

Тэрбээр, Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар, зөрчлүүд олон удаа давтагдан гарсан нь дараах шалтгаан, нууцад хамруулсан гэрээнүүдийн талаар, “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам”-ын, “Богдхан төмөр зам”-ын, Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын төслийн талаар, Төрийн өмчит компаниудын худалдан авалтын талаар, Боомтын нүүрс тээвэрлэлтэнд учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Түр хорооноос гаргасан саналыг танилцуулсан юм.

Төрийн өмчийн эдийн засаг, төсвийн салбар дахь авлигатай тэмцэх үндсэн арга бол төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой томоохон компаниудыг олон улсын нээлттэй компани болгон өөрчлөн байгуулж, түүнд хамаарахгүй төрийн өмчийн компаниудыг эрчимтэй хувьчлах замаар төрийн үүрсэн ачааллын ихээхэн хэсгийг хувьд шилжүүлэх нь зүйтэй гэж Түр хороо үзжээ. Мөн ашигт малтмалын экспорт, тээвэрлэлтийн мэдээллийн гааль, боомт, хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг хамааруулсан мэдээллийн нэгдсэн цахим сүлжээ байгуулж, импортолж байгаа ерөнхий мэдээллээ тогтмол солилцож байх гэрээ хэлэлцээр байгуулах, зөрчил, гэмт хэргийн шинжтэй мэдээллийг цаг тухайд нь шалгаж шийдвэрлээгүй, ойлгомжгүй шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон хууль хяналтын байгууллагын удирдлагатай хариуцлага тооцож, цаашид ийм байдал үргэлжлэх нөхцөл байдлыг таслан зогсоох зэрэг есөн саналыг танилцуулсан юм.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Хянан шалгах түр хороо тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулснаар уг хороо татан буугдсанд тооцно хэмээн заасны дагуу Түр хороог татан буугдсанд тооцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл