Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын байнгын хороод

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИАС...

19 дүгээр зүйл. Байнгын хороо

 

19.1. Байнгын хороо нь хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого, Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох санал боловсруулах, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллана.

 

19.2. Байнгын хороо тус тусын эрхлэх асуудлын хүрээнд дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

            19.2.1. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах;

 

            19.2.2. нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах;

 

            19.2.3. Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэгтэй холбогдсон асуудлаар санал, дүгнэлт гаргах;

 

            19.2.4. Улсын Их Хурлын даалгаснаар, эсхүл өөрийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газар /цаашид “Засгийн газар” гэх/-т санал оруулах, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр биелүүлэхийг шаардах;

 

            19.2.5. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлт, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх;

 

            19.2.6. Засгийн газар, түүний гишүүн, Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллага, тэдгээрийн удирдлагын тайлан, мэдээллийг сонсож хэлэлцэх, тэднийг томилох, сонгох, чөлөөлөх, огцруулах тухай санал, дүгнэлт гаргах;

           

            19.2.7. чуулганаар хэлэлцэх асуудлаар болон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар судалгаа, тайлан, мэдээ, санал, дүгнэлт зэрэг баримт материалыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, тэдний мэдээллийг сонсох;

 

            19.2.8. Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор дагнасан болон холимог бүрэлдэхүүнтэй шалгалтын ажлын хэсэг байгуулж ажиллуулах;

           

            19.2.9. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргахад туслалцаа авах, мэргэжлийн байгууллага болон олон нийтээс санал авах зорилгоор шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулах;

 

                       19.2.10. /Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

            19.2.11. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын гаргасан эрх зүйн актыг хянаж, хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ авах.

           

19.3.Байнгын хороог төрийн бодлогын салбар, чиглэлээр гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулах бөгөөд дараахь Байнгын хороодтой байна:

 

            19.3.1. Аюулгүй байдал, гадаад бодлогын;

            19.3.2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн;

            19.3.3. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны;

            19.3.4.Өргөдлийн;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

           19.3.5. Төрийн байгуулалтын;

/Энэ заалтын дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

            19.3.6. Төсвийн;

/Энэ заалтын дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

            19.3.7. Хууль зүйн;

/Энэ заалтын дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

            19.3.8. Эдийн засгийн.

/Энэ заалтын дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

           

19.4.Өргөдлийн байнгын хороо нь энэ хуулийн 19.2-т заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

                        19.4.1.Улсын Их Хурал, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх;

 

                        19.4.2.өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах.

 

/Энэ хэсгийг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

 

20 дугаар зүйл. Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээ

 

Байнгын хороод бүрэн эрхээ дараахь эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлнэ:

 

20.1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

 

            20.1.1. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал;

            20.1.2. Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчин;

            20.1.3. төрийн нууцын хадгалалт, хамгаалалт;

            20.1.4. гадаад бодлого;

            20.1.5. гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудал;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            20.1.6. Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улс олон улсын байгууллагад элсэх тухай асуудал.

 

                        20.1.7.цөмийн энерги ашиглах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

20.2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

 

            20.2.1. газар тариалан, үрийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн бодлого;

 

            20.2.2. хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал;

 

            20.2.3. хөдөөгийн хөгжлийн бодлого;

            20.2.4. хөдөөг хөгжүүлэх бодлоготой холбоотойгоор хэрэгжих гадаад орны болон олон улсын байгууллагын зээл тусламжийн асуудал;

 

            20.2.5. мал аж ахуйн бодлого;

            20.2.6. малын даатгал болон малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах;

 

            20.2.7. газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, агаар мандал болон байгалийн бусад баялаг;

 

            20.2.8. улсын тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар;

 

            20.2.9. геологи, уул уурхайн холбогдолтой эрэл, хайгуул, ашиглалтын ажилд тавих байгаль орчны хяналт;

 

            20.2.10. агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал;

           20.2.11. цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын болон цаг уур, орчны хяналтын асуудал;

 

            20.2.12. усны бодлого, нөөц, усны бохирдол;

            20.2.13. хог хаягдал, дахин боловсруулалт;

            20.2.14.  байгаль орчны бодлого;

            20.2.15. байгаль орчны судалгаа, хөгжил;

            20.2.16. ан агнуур.

                        20.2.17.газрын сангийн нэгдсэн бодлого, зохицуулалт;

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

            20.2.18.газрын кадастр, зураглал.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

20.3. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо:

            20.3.1. хүн ам, хөгжлийн бодлого;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            20.3.2. эрүүл мэнд;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            20.3.3. нийгмийн халамж, хамгааллын бодлого;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            20.3.4. нийтийн биеийн тамир, спортын талаархи бодлого;

            20.3.5.хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр хамгаалал;

            20.3.6. боловсрол;

            20.3.7. соёл, урлаг;

            20.3.8. шинжлэх ухаан;

            20.3.9. ард түмний түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого;

            20.3.10. монгол хэл, бичиг, үндэстний цөөнхийн хэл, бичиг, ёс заншил.

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            20.3.11.жендерийн тэгш байдлыг хангах бодлого.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

20.4.Өргөдлийн байнгын хороо:

 

            20.4.1.иргэд, байгууллагаас Улсын Их Хурал, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх асуудал.

 

/Энэ хэсгийг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

           

20.5. Төрийн байгуулалтын байнгын хороо:

 

            20.5.1. төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх дээд байгууллага, Ерөнхийлөгчийн асуудал;

 

            20.5.2. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль;

 

            20.5.3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хилийн цэс;

 

            20.5.4. төрийн алба;

            20.5.5. төрийн бэлгэ тэмдэг, төрийн дуулал;

            20.5.6. ард нийтийн санал асуулга;

            20.5.7. төр, сүм хийдийн харилцаа;

20.5 8. хэвлэл мэдээллийн хараат бус байдал;

            20.5.9.төрийн ба төрийн бус байгууллага, улс төрийн намтай харилцах;

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            20.5.10. гишүүний бүрэн эрхийн асуудал;

            20.5.11. гишүүний ёс зүй;

            20.5.12. гишүүний хөдөлмөр, ахуйн асуудал;

            20.5.13. Улсын Их Хурал, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт;

 

            20.5.14. гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг;

            20.5.15. чуулганы хуралдааны дэгийн асуудал.

 

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

20.6. Төсвийн байнгын хороо:

 

            20.6.1. улсын нэгдсэн төсөв, түүний гүйцэтгэл, хяналт;

            20.6.2. төрийн санхүү, зээлийн болон татварын бодлого;

20.6.3. аудитын асуудал;

            20.6.4. гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан  зээлийн гэрээ, хэлцэл;

 

            20.6.5. Улсын Их Хурлын төсөв.

            20.6.6.төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газраас гаргах үнэт цаасны тухай асуудал.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

20.7. Хууль зүйн байнгын хороо:

 

            20.7.1. эрх зүйн бодлого;

            20.7.2. хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа;

            20.7.3. гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого;

            20.7.4. Улсын хил хамгаалалтын бодлого;

            20.7.5. хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс, ялын бодлого;

            20.7.6. шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;

 

            20.7.7. нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн үндэс;

            20.7.8. эрүү, иргэн, захиргааны байцаан шийтгэх ажиллагаа;

            20.7.9. өршөөл үзүүлэх асуудал;

            20.7.10. патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг;

            20.7.11. цагаачлал, иргэний харьяалал;

            20.7.12. архив;

            20.7.13. эрх зүйн туслалцаа;

            20.7.14. өмгөөлөл;

            20.7.15.иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

20.8. Эдийн засгийн байнгын хороо:

 

            20.8.1. эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл;

            20.8.2. эдийн засгийн дотоод, гадаад бодлого;

            20.8.3. бүсчилсэн хөгжил;

            20.8.4. төрийн мөнгөний бодлого, банк, Монголбанкны үйл ажиллагаа;

            20.8.5.даатгалын бодлого, энэ хуулийн 20.6.6-д зааснаас бусад үнэт цаасны тухай асуудал;       

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

                        20.8.6. төрийн өмчийн удирдлага, зохицуулалт, хувьчлалын бодлого;

            20.8.7. гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн нэгдсэн  бодлого;

            20.7.8. /Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

            20.8.9. ашигт малтмалын суурь судалгаа, эрэл хайгуул, ашиглалтын бодлого;

 

            20.8.10. газрын тосны асуудал;

20.8.11. үйлдвэрлэл, үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого;

            20.8.12. шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах бодлого;

            20.8.13. төрөөс аж ахуй эрхлэлтийг дэмжих бодлого;

            20.8.14. стандартчилал, хэмжил зүй, чанарын баталгаажуулалт;

            20.8.15. албан ёсны статистикийн үйл ажиллагааны зохицуулалт;

            20.8.16. үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт;

            20.8.17. барилга, хот байгуулалт;

            20.8.18. түлш, эрчим хүч;

            20.8.19. зам тээвэр, шуудан;

            20.8.20. орон сууц, нийтийн аж ахуй;

20.8.21. аялал жуулчлалын хөгжлийн стратеги;

20.8.22. аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил;

            20.8.23. мэдээлэл, технологийн хөгжил;

            20.8.24. харилцаа холбоо;

            20.8.25. техник, технологийн шинэчлэл.

            20.8.26.газрын эдийн засгийн үр ашгийн бодлого.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

20.9. Байнгын хороо хууль тогтоомжид нийцсэн дүрэмтэй байх бөгөөд түүнийг хуралдаанаараа батална.

 

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

20.10. Байнгын хороо тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

20.11. Байнгын хорооны үйл ажиллагааны зардлыг Зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу Улсын Их Хурлын төсөвт тусгана.

 

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

20.12. Улсын Их Хурлын төсвийн Ерөнхий менежер нь Байнгын хорооны даргын саналаар Байнгын хорооны зардлыг зориулалтын дагуу зарцуулна.

 

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

            20.13.Байнгын хороо нь эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, судалгаа, мэдээллээр хангах, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албатай байна.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

21 дүгээр зүйл. Байнгын хорооны ажлын зохион байгуулалт

 

21.1. Байнгын хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

 

21.2. Байнгын хорооны нийт гишүүний олонхи нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.

 

21.3.Байнгын хорооны хуралдааныг чуулганы чөлөө цагт зохион байгуулж болно.

 

21.4. Байнгын хороо эрх хэмжээнийхээ асуудлыг хуралдаанаар хэлэлцэж хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

 

21.5. Ажлын хэсэг байгуулах, түүнчлэн бодлогын баримт бичиг боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангаж зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх шаардлагатай бол Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд тогтоол гаргаж болно.

 

21.6. /Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

21.7. Байнгын хорооны хуралдааны явцыг хуралдааны тэмдэглэлд нэг бүрчлэн тэмдэглэнэ.

 

21.8.Байнгын хороо энэ хуулийн 21.5-д заасан тогтоолын төслийг хуралдаанаараа хэлэлцэн батална.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

22 дугаар зүйл. Байнгын хорооны бүрэлдэхүүн

 

22.1. Байнгын хороо 10-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн нэгэн зэрэг гурваас дээшгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болно.

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

22.2. /Энэ хэсгийг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

22.3. Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ.

 

22.4. Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно.

 

22.5. Байнгын хорооны дарга хорооныхоо өдөр тутмын ажлыг удирдаж хуралдааныг даргална.

 

22.6. Байнгын хорооны дарга 7-оос дээш хоног түр эзгүй байх тохиолдолд түүний саналыг харгалзан Улсын Их Хурлын даргын захирамжаар үүргийг нь аль нэг гишүүнд орлуулж гүйцэтгүүлнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

23 дугаар зүйл. Байнгын хорооны даргын чиг үүрэг

 

23.1. Байнгын хорооны дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

            23.1.1. Байнгын хорооны хуралдааны бэлтгэлийг хангаж зохион байгуулах;

 

            23.1.2. Байнгын хорооны хуралдааныг удирдах;

            23.1.3. Байнгын хорооны нэрийн өмнөөс бусад байгууллагатай харилцах;

 

            23.1.4. Байнгын хорооны ажлын алба болон тодорхой төсөл боловсруулахаар Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

 

            23.1.5. Байнгын хорооны ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнах.

 

24 дүгээр зүйл. Дэд хороо

 

24.1. Байнгын хорооны бүрэлдэхүүнд дор дурдсан дэд хороо байгуулж болно:

 

            24.1.1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын;

 

            24.1.2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын;

 

24.1.3. Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Нутгийн удирдлагын,  Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

 

            24.1.4. Төсвийн байнгын хороонд Төсвийн зарлагын хяналтын;

            24.1.5. Хууль зүйн байнгын хороонд Хүний эрхийн;

            24.1.6. Эдийн засгийн байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн.

            24.1.7.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд  Агаарын бохирдлыг бууруулах асуудлын.

/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

24.2. /Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

24.3. Дэд хороод нь харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг эрхэлнэ:

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

            24.3.1.Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаархи хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг;

 

            24.3.2. Ёс зүйн дэд хороо нь гишүүний ёс зүй, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэгийг сахиулах асуудлыг; 

 

            24.3.3. Нутгийн удирдлагын дэд хороо нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн удирдлагын байгууллагын төлөвшил, хөгжил, удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг;

 

24.3.4. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хурал, түүний гишүүний бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг;

 

24.3.5.Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг;

 

            24.3.6. Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг;

 

            24.3.7. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг;

 

            24.3.8. Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо нь Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтуудыг хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх асуудлыг.

 

            24.3.9.Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо нь Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын асуудлыг;

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

            24.3.10. /Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

                        24.3.11.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаархи хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг.

/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

24.4. Ёс зүйн, Төсвийн зарлагын хяналтын, Тусгай хяналтын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороод өөрсдийн эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулж болно. 

 

24.5. Дэд хороо нь тухайн эрхэлсэн асуудлаараа шалгалт, судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэд, байгууллагаас тайлбар авах, өөрийн байгуулсан дагнасан буюу хамтарсан ажлын хэсгээр хяналт шалгалт хийлгэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж харьяалах Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх эрхтэй.

 

24.6. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын болон Ёс зүйн дэд хорооноос бусад дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүний тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байна.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

24.7. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд тэрбээр Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна.

/Энэ хэсгийн зарим хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

24.8. Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалагдах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөнд тооцно.

 

24.9. Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

24.10. Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байх ба түүнийг улируулан сонгож болно.

 

24.11. Дэд хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд түүнд дэд хорооны гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.

 

24.12. Дэд хороо асуудлыг хуралдаанаар хэлэлцэж оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана.

 

            24.13. Нэг нам, эвсэл олонхийн суудал аваагүй тохиолдолд Зөвлөл нам, эвслийн бүлгийн зөвшилцлийн үндсэн дээр Байнгын хороо, дэд хорооны даргын суудлыг хуваарилна.

 

25 дугаар зүйл. Түр хороо

 

25.1. Тодорхой асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороог Улсын Их Хурлын тогтоолоор  байгуулан ажиллуулж болно.

 

25.2. Түр хороо зөвхөн гишүүдээс бүрдэх бөгөөд түүний бүрэлдэхүүн, ажиллах хугацааг тухай бүр тогтооно.

 

25.3. Түр хороо хариуцуулсан ажлын гүйцэтгэлийг хангахдаа Байнгын хороотой адил  эрх эдэлнэ.

 

25.4. Түр хороо хариуцуулсан ажлын гүйцэтгэлийг хангаж, ажлынхаа дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулан зохих шийдвэр гаргуулмагц түүнийг Улсын Их Хурал татан буулгана.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.