Цэс

Холбоо барих

ЁЗСХБХ: “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг батлав

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо (2023.11.01) өнөөдөр хуралдаж, Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.


Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос санаачилж “Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэн”, “Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн философи, шашин судлалын тэнхим"-тэй хамтран зохион байгуулсан “Өнөөгийн монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгээс төрийн байгууллага, олон нийтэд хандан гаргасан зөвлөмж, уриалгыг үндэслэн, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгөх агуулга бүхий тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хуралдаанд танилцуулав.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд байр сууриа илэрхийлж, санал хэлсэн юм. Тэрбээр төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, иргэн төрийн албанд анх ороход тавих ёс зүйн шаардлагыг өндөрсгөх, ёс зүйн зөрчил гаргаж байсан хүнийг төрийн жинхэнэ албанд томилохгүй, албан тушаал дэвшүүлэхгүй байх зарчмыг хатуу мөрдөхтэй холбоотой заалтыг онцолсон. Түүнчлэн Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17:30 цаг хүртэл, ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар /PDF форматаар/ хүлээн авч байгааг хуралдаанд танилцуулав.  


Ингээд төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжиж, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.

Байнгын хорооны энэхүү тогтоолын хүрээнд Засгийн газар дараах 9 чиглэлийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна. Үүнд:

1/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцүүлэн ёс зүйн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох төслийг боловсруулан Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх;

2/Монгол Улсын Засгийн газар хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн шийдвэр гаргахдаа төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжид заасан  зарчим, нийтлэг хэм хэмжээ, шаардлагад  нийцүүлж байх;

3/Төрийн өндөр албан тушаалтан хууль тогтоомжид заасан ёс зүйн зөрчил гаргавал өөрийн хүсэлтээр албанаасаа чөлөөлөгдөх, холбогдох байгууллагаар шалгуулдаг байх соёлыг хэвшүүлэхэд Засгийн газрын манлайлал, үүрэг, оролцоог дээшлүүлэх;

4/Иргэн төрийн албанд анх ороход тавих ёс зүйн шаардлагыг өндөрсгөх, ёс зүйн зөрчил гаргаж байсан хүнийг төрийн жинхэнэ албанд томилохгүй, албан тушаал дэвшүүлэхгүй байх зарчмыг хатуу мөрдөх;

5/Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороог байгуулах, уг дэд хорооны  ажлыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар ханган, үйл ажиллагааг жигдрүүлэх;

6/Нийгэмд ёс суртахууны эерэг чиг хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, шинжлэх ухаан, соёл, урлаг, хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагад дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах;

7/Цахим орчинд ёс суртахууны үнэт зүйлсийг эрхэмлэх хүрээнд нийгмийн ёс суртахууныг дээшлүүлэх, ёс зүйгүй харилцаа, хандлагыг өөрчлөх, олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хуулийн этгээдтэй хамтран ажиллах эрх зүйн орчинг бий болгох;

8/Нийгмийн ёс суртахууны түвшин, чиг хандлагын талаар мэргэжлийн байгууллага, эрдэмтдээр суурь судалгаа хийлгэж, түүний үр дүн, санал, зөвлөмжийг төрийн бодлого боловсруулахад тусгах;

9/Шинжлэх ухааны судалгаа, ололтод тулгуурлан ёс зүйн боловсролыг төлөвшүүлэх Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт “Иргэний ёс зүй” “Ёс зүйн үндэс”, их, дээд сургуульд “Мэргэжлийн ёс зүй” хичээлийг заавал судлах сэдэв болгон, сургалтын агуулга, заах арга зүйг шинэчлэн сайжруулах,  багш нарыг мэргэшүүлэх, хэвлэмэл болон дижитал сурах бичиг, сургалтын хэрэгслээр хангах ажлыг цогцоор нь шийдэж,  ёс зүйн боловсролыг чанарын шинэ шатанд гаргах.


Тогтоолын биелэлтийн явцыг Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Байнгын хороонд танилцуулахыг Ерөнхий сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Төрийн албаны зөвлөлийн дарга нарт даалгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл