Цэс

Холбоо барих

ҮББХ: Төмөр замын төслүүдийн зардал, үр дүнгийн талаарх аудитын тайланг илүү тодорхой болгох нь зүйтэй гэж үзлээ

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2023.11.22)-ийн хуралдаанаар Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонсож, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Үйлдвэржилтийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдын нэрийг дэвшүүлснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив. 

Төмөр замын төслүүдийн талаарх аудитын дүгнэлтүүдийг тус Байнгын хорооны энэ сарын 15-ны буюу өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн боловч Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам ХХК зэрэг холбогдох аж ахуйн нэгжүүдийн удирдлага, албан тушаалтнууд ирээгүй тул хойшлуулаад байсан юм. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслүүдийн хөрөнгө зардал, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг төсөл тус бүрээр танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, бодлогын түвшинд төслүүдийг эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөгөөр эрэмбэлж цогц байдлаар төлөвлөөгүй, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүдийн ажил бүрэн дуусаагүй, мөн төлөвлөөгүй нэмэлт ажлууд гарсан, нэгж километрт ногдох өртөг ялгаатай, зарим үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт дутмаг, нууцын зэрэглэлд хамаарч байсан шалтгаанаар холбогдох хууль зөрчсөн, үргүй зардал гаргасан, зориулалт бусаар зарцуулсан зөрчлүүд илэрсэн нь залилангийн эрсдэлтэй зэрэг олон асуудал байгааг дурдсан юм.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хувьд, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлаагүй, төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д заасан дүнгээр фидик гэрээг дотоодын аж ахуйн нэгж хооронд байгуулсан ч гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийн зарим заалтууд хууль, тогтоомжид нийцээгүй, харилцан ашигтай байхаар тохиролцоогүй байна. Тавантолгой, Гашуунсухайт өртөөдөд ажилтан, албан хаагчдын амьдрах суурьшлын бүс байгуулах 45.0 сая ам.долларыг Гашуунсухайтын шилжүүлэн ачих терминал барих ажилд буюу зориулалт бусаар зарцуулжээ. Нүүрс ачих логистикийн төвийн ТЭЗҮ-ийг хууль, журамд нийцүүлэн баталгаажуулаагүй, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох төмөр замын төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй байхад гэрээ байгуулж, гүйцэтгүүлсэн байна. Гашуунсухайт-Ганц модны хил дамнасан төмөр замын холболтын ажлын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулаагүйгээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл ойрын хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэхээргүй болжээ. Тавантолгой төмөр зам ХХК-ийн удирдах албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, гуравдагч этгээдийн баталгаагүйгээр их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид олгожээ. Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг ТЭЗҮ-д заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхдээ 2022 оны жилийн эцсийн байдлаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн олгосон нийт 8.1 сая тонн нүүрсийг өрсөлдөөний журмаар борлуулах бус, хөнгөлөлттэй нөхцөлөөр өгснөөс ойролцоогоор 57.4 сая ам.долларын орлого олох боломжийг алджээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хийгдэх талбайн 471 га нь улсын хилийн зурваст, 495 га нь улсын тусгай хамгаалалтай Говийн бага Дархан цаазат газарт хамаарч байхад холбогдох байгууллагаар шийдвэр гаргуулалгүй бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн уг төмөр замын төслийн ажил гүйцэтгэх гэрээ, санхүүжүүлэх гэрээг тусад нь байгуулсан, ажлын гүйцэтгэл удааширсан, санхүүжилтийн гэрээнд төлбөрийг нүүрсээр 60 сарын хугацаанд ижил хэмжээгээр барагдуулахаар байсныг өөрчилсөн зэргээс болж гүйцэтгэлээс 56.6 тэрбум төгрөгөөр илүү санхүүжилт олгосон байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн хувьд, зарим ажлын төсөвт өртөг, ажлын гүйцэтгэлийг бодитой хянаж, баталгаажуулаагүй, хууль тогтоомжийн дагуу ногдуулах татвар, хураамжийг төлөөгүй, гэрээний үнийн дүнгээс татварыг хасаж байгуулсан зэргээр хууль зөрчжээ. Түүнчлэн төслийн ажлыг төрийн нууцад хамааруулан худалдан авах ажиллагааг нээлттэй зохион байгуулахгүйгээр дэд ажлын хэсгийн зөвлөмжөөр холбогдох хууль, тогтоомжоор тавигдах шаардлагыг хангаагүй хуулийн этгээдтэй шууд гэрээ байгуулж, давуу байдал олгосон байж болзошгүй байгаа юм. Ирээдүйн өв санд төвлөрүүлэх 750.0 тэрбум төгрөгөөр Эрдэнэс Тавантолгой ХК хаалттай өрийн бичиг худалдан авч бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлсэн, дээрх хөрөнгөнөөс Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдэд 67.0 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлэхдээ тухайн жилийн улсын төсөвт тусгаж батлуулаагүй нь хууль зөрчсөн байна.

Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Улаанбаатар төмөр зам ХНН нь өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлж, төмөр замын далан, хоолой, гүүр, эрчим хүч, шилэн кабель, холбоо дохиоллын ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжийн удирдлагын зардлын 30 хувийг суутган авч, нийт 15.4 тэрбум төгрөгийг үйл ажиллагаандаа зарцуулсан нь барилга, байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг бүрэн хэрэгжихгүй байх, алдагдах эрсдэлд хүргэжээ. Төмөр замын трассын дагуу баригдсан инженерийн хийцтэй худгуудаас ахуйн хэрэглээнд ашиглаж буй ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын стандартыг хангахгүй байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөр байгааг Үндэсний аудитын газрын тайланд дурдсан байна.

Үндэсний аудитын газрын тайлан, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ,  Г.Ганболд, Ж.Батжаргал, Д.Батлут, О.Цогтгэрэл нар асуулт асууж, гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулсан үйл явц, байгуулсан гэрээ, зөвлөх үйлчилгээний болон бусад ажлууд, тэдгээрийн нэг бүрийн гэрээ хэлцэл, баталгаажуулалт зэрэг олон асуудлыг хөндөн ярьсан юм. Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын захирал Д.Энхболд тэргүүтэй аудиторууд, “Бодь интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Долгормаа, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Будбаяр нар хариулт өглөө. Гэвч тэдний өгч буй хариултууд хангалтгүй, өөр хоорондоо зөрчилтэй, нэгдмэл ойлголтгүй байгааг Улсын Их Хурлын гишүүд шүүмжилж, Үндэсний аудитын газрын дүгнэлт, зөвлөмжийг илүү тодорхой болгож нарийвчилсны үндсэн дээр Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслүүдийн талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл