Цэс

Холбоо барих

Зарим Байнгын хорооны даргыг сонгож, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2023.12.01)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалыг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханыг сонгохоор, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нарыг улируулан ажиллуулахаар дээрх байнгын хороодоос нэр дэвшүүлсэн талаарх санал дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Т.Аубакир, Б.Баярсайхан, Б.Саранчимэг нар танилцуулав. Байнгын хорооны даргад нэр дэвшигчдийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул нэр дэвшигчдийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтаар, нэр дэвшигчдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөв.

Дараа нь Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг өгсний дагуу Байнгын хорооны хуралдааны үеэр зарчмын зөрүүтэй дөрвөн санал, төслийн зарим заалтаар дахин санал хураалт явуулсан байна. Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, хуулийн төслүүдийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн засвар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар асуулт асуув. Тэрбээр, аймаг, нийслэлийн ерөнхий архитектурын эрх, үүргийг хариуцлагыг мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдээр хэрэгжүүлнэ гэсэн заалт орсон байна. Энэ бол албан тушаалтан гарын үсэг зурдаг, хариуцлага хүлээдэг харилцаа. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, түүнд нийцүүлж газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан газар олгох, барилга барих зөвшөөрөл олгох зэрэг олон эрх, үүргийг хэрэгжүүлдэг. Эрх, үүргийг шилжүүлчихлээ, хариуцлагыг нь хэн үүрэх вэ гэлээ. Түүний асуултад хариулахдаа Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, архитектур болон хот төлөвлөгчийн эрх, үүргийг ялгаж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний чиг үүргийг гадны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр төлөвлөж байгаагаа дурдсан юм. Тэрбээр, манай улсад энэ чиг үүргийг хэрэгжүүлж чадах боловсон хүчний нөөц байхгүй гэлээ. Өмнө нь Японы хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын тусламжтай боловсруулсан Улаанбаатар хотыг 2040 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө хэрэгжээгүй, шинээр боловсруулсан төлөвлөгөөний төслийг Засгийн газар хэлэлцээд гүйцээн боловсруулах чиглэл өгсөн тул уг ажлыг гадаадын мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ хэмээн Нийслэлийн Засаг дарга хариулсан юм.

Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн үндэсний төвийн одоо эрхэлж байгаа тээврийн хэрэгслийн дугаар олгох үйлчилгээг хотын захиргаанд авчирснаар түүний орлогыг буруу зарцуулах асуудал үүсэхээс сэргийлэх шаардлагатай талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж санал хэлсэн юм.

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжлээ. Иймд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын Байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг танилцуулав. Тогтоолын төсөлд, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үндэсний тогтолцоо бүрдүүлэх, салбар бүрийн үүрэг, оролцоог тодорхойлох, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, боловсон хүчний нөөц, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхргил, тогтоолын төсөлд ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, эрүүл ахуйн стандартыг дээшлүүлж, үдийн хоол хөтөлбөрт 1-12 дугаар ангийн сурагчдыг тэгш хамруулах, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулахад төрөөс тавих шаардлага нөхцөлийг уян хатан болгох, татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулах хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажил үйлчилгээг үзүүлэхэд тухайн асуудлаар мэргэшсэн төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах боломжийг бий болгох зэрэг зохицуулалт тусгахаар санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тогтоолын төслийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлтэй уялдуулан гүйцээн боловсруулах чиглэлийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өгч, хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулсан юм. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух Улсын Их Хурлын гишүүн гараагүй тул төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл