Цэс

Холбоо барих

"Эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын танилцуулга

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2015 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ”

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-д зааснаар Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар дараа жилийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталдаг. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж улмаар чуулганы 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Засгийн газар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, салбаруудын хөгжлийн хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичгүүд, яам, агентлагуудаас ирүүлсэн саналд үндэслэн, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй нягт уялдуулан боловсруулжээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд макро эдийн засгийн бодлого, эдийн засгийн өсөлтийг дэмжих, салбаруудын бодлого, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн 5 бүлэг 24 зорилтын хүрээнд 90 гаруй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгаад байна.

Макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, ДНБ-ий өсөлтийг 10-аас доошгүй хувь, инфляцийн түвшинг 1 оронтой тоонд байлгаж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 6.6 хувь хүртэл бууруулахаар заасан. Эдийн засгийн салбаруудын өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, аялал жуулчлал, үйлчилгээний салбаруудыг дэмжих чиглэлээр тодорхой бодлого дэвшүүлж хэрэгжүүлэн ажиллахаар боллоо. Тухайлбал, эрчимжсэн мал аж ахуй, гахай, шувууны аж ахуй эрхэлж байгаа аж ахуйг дэмжих зээлийн санг 50 тэрбумаас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх, мах махан бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зорилгоор махны нөөц бэлтгэхэд 14 тэрбум төгрөг төлөвлөөд байна. Уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр бүс нутаг дахь эрчим хүчний хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, эрчим хүчний дотоодын хэрэгцээний 80 хувийг хангах, аялал жуулчлалыг бүс нутгийн онцлогт тулгуурлаж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.

Хот, орон нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр бүс нутгийн дэд бүтцийг сайжруулах, сумын төв, хилийн боомтуудыг хөгжүүлэх, үйлдвэр, технологийн парк технологи дамжуулах төв бий болгоход тодорхой бодлого, арга хэмжээ боловсруулан авч хэрэгжүүлэх юм. Орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх бодлогыг Засгийн газар баримтлан ажиллах юм.

Боловсролын салбарт хүүхэд, сурагч, багш нэг бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, сургалтын арга зүй, технологийг шинэчлэнэ. Эрүүл мэндийн бодлогыг сайжруулах чиглэлээр оношилгоо, эмчилгээний чанарын стандартыг шинэчлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

Хууль эрх зүйн бодлогын хүрээнд шүүхийн захиргаа, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрх зүйн стандартыг шинэчилж, эрүүгийн бодлогын шинэчлэлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх, тэднийг хамгаалах чиг үүрэг бүхий нэгжийг байгуулах, зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд энэ хүрээнд улсын төсвөөс 14 тэрбум төгрөгийг төлөвлөсөн.

 

 

ХЗҮХ /ЭЗБХ/-ийн зөвлөх Н.Мөнхзэсэм

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл