Цэс

Холбоо барих

ТБХ:Зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв

 

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2023.12.05/ зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай  Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн  Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулж  асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.

Дараа нь  Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.

Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Иймд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулахаар тогтлоо.

Хуралдаан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсантай холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилэв.

Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан  саналыг тогтоолын төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбартай холбогдуулан гишүүд үг хэлж, санал гаргасангүй. Иймд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулахаар тогтлоо.

Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт,  түүний үр нөлөөний талаарх аудитын тайлантай танилцлаа

Дараа нь  Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт,  түүний үр нөлөөний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлантай танилцав.

Аудитын тайлангийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, Санхүү, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулсан юм.

Татварын шинэчлэлийн бодлогыг Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийцүүлж боловсруулсан, эсэх татварын хуулийн шинэчлэл нь төрийн санхүү, төсвийн бүрдүүлэлт болон нийгэм, эдийн засагт үр нөлөөтэй хэрэгжиж байгаа эсэх асуудлын хүрээнд аудитыг хийж гүйцэтгэснийг дурдаад аудитад Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар тэдгээрийн харьяа хэлтэс, зарим байгууллагын 2019- 2022 оны үйл ажиллагааг түүвэрчлэн хамруулсан гэж байлаа.

Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан татварын үйл ажиллагааг зохицуулсан найман арга хэмжээнээс долоон арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж, хүн амын өсөлтийн бодлогын хүрээнд 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн хөтөлбөрийг хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохтой холбогдуулан хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсан байна. Гурван тулгуурт хөгжлийн бодлогоор 27 зорилтын хүрээнд 149 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс 79 арга хэмжээг үр дүнтэй,  48 арга хэмжээг тодорхой үр дүнд хүрсэн буюу 70 хувь, 21 арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай буюу 40 хувийн хэрэгжилттэй гэж Үндэсний хөгжлийн газраас 2019, 2020 онуудыг хамруулж үнэлсэн бөгөөд бодлогыг хэрэгжүүлэх хугацаа дууссан байна. Аудитаар үнэлгээг дахин нягтлахад ажлын байр олноор бий болгоход татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх зорилтын хэрэгжилтийн үр дүн тодорхойгүй байгааг тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулгадаа онцолсон.

Татварын шинэчлэл болон тухайн жилийн төсөвт баримтлах татварын бодлогыг Монгол Улсын 2019, 2021, 2022 оны төсвийн тухай хуулийн үзэл баримтлалд тусгаж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан боловч, хэрэгжүүлэгч байгууллага хүрэх үр дүнг нь тодорхой тусгаагүй байна. Татварын үйл ажиллагаанд мөрдөх дунд хугацааны стратеги болон жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг Сангийн яам, Татварын ерөнхий газар тус тус баталж хэрэгжүүлэх арга хэмжээ харилцан адилгүй, Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 7-д заасны дагуу төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг уялдуулан батлах гэж заасны дагуу бодлогын баримт бичгийн уялдааг сайжруулж, үнэлж дүгнэх шаардлагатай байна.

Түүнчлэн УИХ-аас 2019 онд Татварын хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдсөн бөгөөд тус хуулийг дагуулан 28 төрөлжсөн хуулийн татварын үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Татварын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах үүднээс Сангийн сайдын тушаалаар 26 дугаар журам, Татварын ерөнхий газраас баталсан нийтээр дагаж мөрдөх 51 захиргааны хэм хэмжээний актад өөрчлөлт оруулсан байна. Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, түүний үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитаар илэрсэн алдаа зөрчилтэй холбоотой Гаалийн ерөнхий газарт 13.9 тэрбум төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 25.9 тэрбум төгрөгийн албан шаардлага, Татварын Ерөнхий газарт таван зөвлөмж, Сангийн яаманд гурван зөвлөмжийг тус тус хүргүүлсэн гэж байлаа.

Тэргүүлэх аудитор танилцуулгын эцэст, аудитаар илэрсэн асуудлыг шийдвэрлэхийн тулд Татварын ерөнхий хуульд заасан татварын хуулиудыг Гаалийн тухай хууль, Үл хөдлөх, хөрөнгийн тухай хууль,  Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийг татварын шинэчлэлийн шаардлагад нийцүүлж уялдуулах талаар шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, татварын ачааллыг салбар сегментийн хэмжээнд тооцож иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг бодитоор үнэлж, дүн шинжилгээ хийх, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалыг баталж хэрэгжүүлэх, татварын эдийн засгийн жигд өсөлтөд дэмжлэг үзүүлж, тогтворжуулах, чиг үүргийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах, төсвийн бодлогыг татварын бодлоготой уялдуулан төлөвлөж татварын орлогыг улс, орон нутгийн төсөвт хуваарилах талаар холбогдох хуульд нийцүүлэн журамд өөрчлөлт оруулж, мөрдөж ажиллах зөвлөмжийг Сангийн яаманд хүргүүлсэн гэв.

Мөн Татварын ерөнхий газарт хувиараа болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн татварын тайлагнал, ноогдуулалт, хураалтыг хүртээмжтэй зохион байгуулах, и-баримтын олголтоор дамжуулан тавих хяналтыг сайжруулах, хуримтлагдсан болон эргэн төлөлтөд хүндрэл учирсан татварын өрийг барагдуулах талаар бодитой арга хэмжээ авах, татварын албадан гүйцэтгэх үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчныг сайжруулах, салбар хоорондын уялдааг хангах замаар үр дүнтэй хэрэгжүүлэх, татварын үйл ажиллагааг мэдээлэл технологийн дэвшилттэй уялдуулан бодит цагийн горимоор оновчтой зохион байгуулж, дэвшилтэт технологийг төрийн бусад байгууллагуудад таниулж, мэдээлэл солилцож байх, төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалахад анхаарч, холбогдох хуулиудыг мөрдөж ажиллах гэсэн зөвлөмж хүргүүлсэн гэж байлаа.

Тайлантай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс хүн амын өсөлтийн бодлогын хүрээнд 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн чухал заалтын хэрэгжилтийг хойшлуулсан шалтгаан болон татварын шинэлчлэлийн үр дүнгийн талаар илүүтэй тодруулав.

Тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг хариултдаа, 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлэх хөтөлбөрийг хойшлуулсан шалтгаан нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг айл, өрх бүрд олгож байгаа асуудалтай давхардаж байгаа учраас татварын хөнгөлөлтийг хойшлуулсан гэсэн. Энэ асуудлыг аудитын тайланд тусгасан гэдгийг онцолсон. 

2019 оноос эхэлсэн татварын шинэчлэлийн асуудлыг таван жилийн дараа эргэн харахад үр дүнгээ маш сайн өгч байгаа. Ер нь татварын орчин ойлгомжтой, ил тод, хамгийн гол нь тогтвортой байх нь чухал гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа тодотгоод 2019 оноос хойш дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдсэн, татварын орлого бүрдүүлэлт хоёр дахин нэмэгдсэн. Харин татварын хувь хэмжээнд огт өөрчлөлт ороогүй. Зөвхөн архи, согтууруулах ундааны онцгой татвар дээр л өөрчлөлт орсон. Ийм байхад татварын орлого, татварын ил тод байдал нэмэгдэж байгаа нь 2019 оны татварын шинэчлэлийн үр дүн харагдаж байна гэв.   

Хуралдааны төгсгөлд  Уул уурхайн салбарын төсвийн орлогын бүрдүүлэлт, гүйцэтгэлийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэв.

Тайлангийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, Санхүү, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг хийлээ.

Тэрбээр Үндэсний аудитын газраас өгсөн аудитын дүгнэлтийг танилцуулахдаа, Урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт тусгасан уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт удааширсан нь баялгийн санд төвлөрүүлэх орлого буурахад нөлөөлсөн байна. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрөл эзэмших, шилжүүлэх, бүртгүүлэх үйл ажиллагаа хангалтгүй байгаа нь холбогдох төрийн байгууллагуудын тавих хяналт сул байгаатай холбоотой. Уул уурхайн салбарын экспортын бүтээгдэхүүнээс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг бодитой тооцох, мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлснээр төрийн байгууллагуудын харилцан мэдээлэл солилцох ажлын уялдаа холбоо хангагдах боломжтой байна. АМНАТ-ийн ноогдуулалт, тайлагналд тавих хяналтыг бүрэн хэрэгжүүлж, төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх боломж байна. Эдийн засгийн ач холбогдол бүхий дагалдах ашигт малтмалын нөөцийг иж бүрэн бүртгээгүй, үнэлгээ хийж дүгнэлт гаргаагүй нь татварын байгууллагаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт ноогдуулах боломжийг алдагдуулж байгааг онцлов. 


Мөн аудитаар илэрсэн асуудлыг шийдвэрлэх хүрээнд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна. Тухайлбал, Сангийн яаманд Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын газрын тосны газар зэрэг байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцох, хяналт хэрэгжүүлэх, мэдээллийн нэгдсэн системийг бий болгох технологийн шийдлийг холбогдох бодлогын яамтай хамтран боловсруулж шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, ажлын уялдаа холбоо холбоог сайжруулахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ авч ажиллах зөвлөмжийг хүргүүлжээ.  

Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хууль эрх зүйн актад тусгасан уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэх, түүнд тавих хяналтыг сайжруулах үр дүнг тооцож тайлагнаж байх, Ашигт малтмалын газрын тосны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагуудын харилцан мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулах ажлын уялдаа холбоог сайжруулах арга хэмжээ авч ажиллах, Ашигт малтмалын ордны геологийн болон үйлдвэрлэлийн нөөцөд бүртгэсэн үндсэн болон дагалдах ашигт малтмалын талаарх хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах талаар санал боловсруулж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах зөвлөмжийг өгчээ.

Харин Ашигт малтмалын газрын тосны газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, шилжүүлэх эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүрд нь төрийн байгууллагуудад мэдээллийг хүргүүлэх зөвлөмжийг хүргүүлжээ.

Татварын ерөнхий газарт АМНАТ-ын ноогдуулалтыг бусад төрийн байгууллагуудын цахим системтэй уялдуулж, мэдээ мэдээллийг бодит цагийн горимоор авах боломжийг бүрдүүлж, солилцсон мэдээллийн үнэн зөв, иж бүрэн, цаг хугацаандаа байгаа хэсэгт дотоод хяналтыг тогтмол хэрэгжүүлэх, уул уурхай салбарт үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх талаар мэдээ, мэдээллээр хангах, эрх зүйн актыг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцож ажиллах гэсэн зөвлөмжийг хүргүүлсэн гэж байлаа.

Тайлантай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэлэв. Гишүүд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг яаралтай чуулганаар хэлэлцүүлэн батлуулахыг анхааруулахын зэрэгцээ төрийн захиргааны байгууллагуудын мэдээллийн санд байгаа тоо, бүтээгдэхүүн, экспортын хэмжээ зөрүүтэй байгаад арга хэмжээ авах, эсэх хуулийн зарим заалтуудыг бүрэн хэрэгжүүлээгүй байгаа шалтгаан зэргийг тодруулсан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариултдаа, "Салбарын яамнаас Ашигт малтмалын тухай хуулийн төслийг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд, дараа нь шинэчилэн найруулсан төслөө 10  дугаар сарын 1-нд УИХын гишүүдэд тараасан. Бид ашигт малтмалаа ашиглуулсан сум, аймагт АМНАТ-ын орлогын 10 хувийг үлдээнэ гэснийг 30 хувь болгож өсгөсөн. Энэ тохиолдолд ашигт малтмалаа ашиглуулж байгаа орон нутаг хөгжих суурь болно" гэдгийг тодотгов. Мөн тэрбээр, “Холбогдох хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд аж ахуйн нэгжүүдийн гаргаж байгаа тайлан, мэдээлэлд аудит хийдэг болгох зохицуулалтыг тусгасан. Салбарын яам аж ахуйн нэгжүүдээс гаргаж өгсөн тоо, баримтыг шалгаад, хянаад, эсвэл мэдээллийг нь нэгтгэдэггүй, өгч байгаа тоо, баримтыг цааш нь дамжуулдаг төдий. Энэ мэдээлэл гааль, татварын мэдээлэлтэй зөрөх асуудал бий. Үүнийг холбогдох хуулийн төсөлд засах тодорхой зохицуулалт тусгасан” гэсэн нэмэлт тайлбарыг өгснөөр хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл