Цэс

Холбоо барих

Д.Мөнхөө: Шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх явцад хүүхэд төрүүлэх, асрах, өвчлөх, хөдөлмөрийн чадвараа алдахад тусламж авах эрхийг хуульд нарийвчлан тусгаж байлаа

 


Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

Д.Мандах:Хэсэг депутатууд бадтай соёмбыг төрийн сүлдээр сонгохыг санал болгож, санал маань олонхоор дэмжигдэн хэлэлцэгдэж, эрдэмтэн мэргэдийн санал сонсож, шийдвэрлэхээр болсон

Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийг 1992 онд батлалцсан 430 депутатыг ардчилсан Монгол Улсын түүхэнд анхны ардчилсан зарчмаар нэр дэвшиж, сонгогч олноосоо хамгийн шударгаар сонгогдсон, тухайн үеийнхээ нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд хошуучлан оролцдог, ажилласан салбартаа манлайлагч, тухайн нутаг орныхоо ард иргэдэд танигдаж, тэдний итгэл найдварыг хүлээсэн хүмүүс байсан гэж журмынхаа нөхдийг байнга хүндэтгэн цаг ямагт дурсаж, тэднээрээ бахархаж явдаг юм.

Миний хувьд, БНМАУ-ын АИХ-ын депутатуудын 12 дахь удаагийн сонгуулийн 32 дугаар тойрогт депутатаар сонгогдож билээ. Тухайн 32 дугаар тойрогт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга агсан Л.Энэбиш (хожим АИХ-ын дарга агсан), Налайх хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга агсан С.Лхагвасүрэн (хожим Сонгуулийн ерөнхий хорооны дарга агсан) бид гурав сонгогдож, сонгогч түмний итгэл найдварыг хүлээж, нийслэл Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, түүний харьяа байгууллагуудад хамтран ажиллаж байсан хамт олныхоо итгэл найдварыг биелүүлсэн гэж үздэг.

Нийслэлээс сонгогдсон 52 депутат тухайн үеийн аймаг, хотоос сонгогдсон 37 гаруй депутаттай хамтран Улсын Бага Хурлаар дөрвөн удаа, ард нийтээр гурван сар шахам хэлэлцсэн Үндсэн хуулийн төслийг бүлэг, зүйл, өгүүлбэр, үг, цэг, таслал нэг бүрээр нь 70 гаруй хоног шүүн хэлэлцэж, Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийг 1992 оны 01 дүгээр сарын 13-нд баталсан юм.

Улаанбаатар хотоос сонгогдсон 51 депутат бид (21 дүгээр тойргийн депутат агсан П.Мөнхдорж Үндсэн хууль батлах явцад зүрх нь зогссон) бусад депутатуудтайгаа хамтран Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж, батлах үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож, бидний санал тусгагдаагүй бүлэг, зүйл, өгүүлбэр байхгүйг одоо ч 20 жилийн ойн өндөрлөгөөс сонгогч олондоо хэлэх бүрэн эрхтэй гэж үзэж байна.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж, батлах үйл ажиллагаанд депутатууд, маргаантай, гацаанд орсон асуудлууд, Үндсэн хуульд оруулах заалт, саналыг намын бүлгээрээ хэлэлцдэг байснаас гадна, тухайн асуудлаар нам, бүлэг хамрахгүйгээр нэгдэж хурлын ажиллагаанд оролцдог баилаа. Тухайлбал, Улсын нэр, Монгол Улсын төрийн байгуулал, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, газар өмчлөл, төрийн бэлэгдэл зэрэг асуудлууд дээр нам, бүлэг хамаарахгүйгээр нэгдэж оновчтой шийдлийг олж, олон асуудлыг Үндсэн хуульд тусгуулж байсан.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж, батлах явцад, Төрийн сүлдний талаар олон хоног ширүүн маргалдаж, гацаанд оруулсан асуудлын нэг нь байлаа. Гацаанаас гаргахын тулд олон бүлэг, төрөл бүрийн санал гаргаж байсны оновчтой нэг хувилбар нь над мэтийн хэсэг депутатууд бадтай соёмбыг төрийн сүлдээр сонгохыг санал болгож, санал маань олонхоор дэмжигдэн хэлэлцэгдэж, эрдэмтэн мэргэдийн санал сонсож, шийдвэрлэхээр болсон юм.

Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, соёмбо судлалаар нэрд гарсан эрдэмтэн Далай, Сүхбаатар нарын санал, дүгнэлтийг сонсох явцад эрдэмтэд маань хоорондоо маргалдаж саналыг маань унагаж билээ.

Үндсэн хууль хэлэлцэж батлах явцад энэ мэт асуудал олон гарч, одоогийн төрийн сүлдийг (зураач Ойдовын) аймаг, сумаас сонгогдсон депутатууд хүч түрэн баталсны гадна орон нутгийн хот, нийслэлийн зарим асуудал ч энэ мэтээр л батлагдсан даа.

Миний хувьд сонгогч түмнийхээ итгэл найдварыг биелүүлж, Үндсэн хууль хэлэлцэж, батлах ажилд бусад депутатуудынхаа адил идэвх, санаачилгатай оролцсоны зэрэгцээ, хүний эрх, эрх чөлөө, улсын нэр, төрийн бэлэг тэмдэг, Монгол Улсын төрийн байгуулал, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, газар өмчлөлийн асуудлуудад онцгой идэвх гаргаж оролцсон.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж, батлах явцад, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөгүй ажил үүргээ давхар гүйцэтгэж байсан цөөхөн депутатын нэг нь би билээ. 1991 оны 7 дугаар сараас Төрийн ордны захиргааны эхний буюу сүүлчийн даргаар томилогдон, Үндсэн хууль батлах ажлын бэлтгэл, Үндсэн хууль батлах үеийн аж ахуй, зохион байгуулалтын ажлыг бусад удирдлагын хамт удирдан зохион байгуулалцсан юм.

Миний бие 2005 онд Үндсэн хуулийн холбоо байгуулах санал боловсруулж ахмад хуульчид, Үндсэн хууль тогтоогчидтой санал бодлоо солилцон, хамтран хөөцөлдөж, 2007 онд холбоог байгуулалцаж, Үндсэн хуулийг сурталчлах, амьдралд хэрэгжүүлэх ажил болон холбооны үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож журмынхаа нөхдийн хамт зүтгэж явна.


 Д.Мөнхөө: Шинэ Үндсэн хууль баталсан АИХ-ын 430 депутатын дотор 9 эмэгтэй байлаа

Шинэ Үндсэн хууль баталсан АИХ-ын 430 депутатын дотор 9 эмэгтэй байлаа. Чуулганы үйл ажиллагаанд “Эмэгтэй депутатуудын бүлэг” байгуулж, түүнийг би ахалж байсан. Манай бүлэг ардчиллын 20 жилд эмэгтэйчүүдэд олгож байгаагүй их эрх эдэлж байсныг бид дурсан санах дуртай. Учир нь эмэгтэй депутатын бүлэг зөвшилцөлд улс төрийн намуудын адил нэг саналын эрхтэй оролцдог байсан юм. Энэ цагаас хойш эмэгтэйчүүдийн төлөөллийг парламентад нэмэгдүүлэх талаар ямар ч хүчин чармайлт тавиагүйгээр үл барам дэлхийн хандлагыг сөрсөн үзүүлэлт гарсаар байна.

Бид Шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх явцад 150000 эмэгтэйн гарын үсгээ зурсан санал хүсэлтийг чуулганд өргөн барьж хүүхэд төрүүлэх, асрах, өвчлөх, хөдөлмөрийн чадвараа алдахад тусламж авах эрхийг хуульд нарийвчлан тусгаж байлаа.

Шинэ хууль батлах үйл явц үнэхээр амаргүй байсан. Бүхнийг шинээр эхлэх ёстой, та нарын амьдарч байсан цаг үед үзэшгүй муухай зүйл байсан гэсэн дайралтад алхам тутамд тулгарч сэтгэлийн хат суух цагаан толгойд суралцаж байсан гэхэд хэтрүүлэг болохгүй. Ямартаа залуу сайхан генерал хурлын танхимд бурхны оронд заларч байх вэ дээ. Тэр үед энэ хууль шиг үнэн байхгүй гэсэн мэдээлэл алхам тутамд таарч байсныг эргэн санахад одоо бид хүний боловсруулж, бидэнд хүчээр санал болгосон хуулийг баталж байжээ гэж хожуу ухаарал цухалзах болсон нь гайхал төрүүлэх юм. Цаг хугацаа үнэний шалгуур гэдэг нь үнэн юм даа гэж мунхаглах юм. Сайн зүйл ч их байна. “Монгол ардчиллын загвар орон” гээд л гадны том орнуудын тэргүүн, лидерүүд учиргүй магтах болж. Огтонын хамраас ч цус гаргаагүй хувьсгал хийсэн их ухаантнууд, нигүүлсэнгүй үзэлтнүүд байлаа” гэх магтаалын үгс он цагийг алслан цуурайтна… Энэ өөрчлөлтийг ганц манайх биш тэр үеийн социалист гэгдэж багтаж байсан бараг бүх орнууд хийсэн нь гадаад хүчин зүйл билээ. Тэр үеийнхэн харамлаад байх өмч хөрөнгө байсангүйн дээр оюун санааны болон хөгжлийн төлөө үзэл санааны үнэт зүйл нэгдмэл байсан нь, эх орны залуу үед итгэл найдвар тавьж байсан, болон дээрх гадаад хүчин зүйл гээд олон учир шалтгаан тайван өөрчлөлт хийхэд бас нөлөөлсөн гээд хэлчих зүрхтэй хүн байхгүй байгаа нь гайхал төрүүлдэг юм.

Хууль баталж байсан үеийн халуун өдрүүдийг эргэн санахад томоохон эргэлтийг хийх үйл явц ямар их үнээр олддог болохыг ухаарсан дурсамжаар дүүрэн байдаг юм.

Шинэ Үндсэн хууль хэрэгжүүлэх үйл явц эх орны хөгжлийн талаарх үндэсний зөвшилцөлд хүрсэн хөгжлийн стратеги бараг тодорхойлогдоогүйгээр нэгэн зууны тавны нэгийг ардаа орхилоо. Төрөө дээдэлж, сүсэлж ирсэн ард түмний итгэл ямар байгаа түүнд нөлөөлж буй учир шалтгааныг судалж засаглалыг шударга, ил тод, эх оронч болгоход ард түмэнтэйгээ хамтарч юу хийх талаар мэдээлэл дутагдаад байх шиг санагдана. Хэрэв шинэ Үндсэн хууль батлагдсан ойд зориулж хэлэлцүүлэг хийвэл ингэж хэлмээр санагддагаа нуухгүй. Задралыг нэгдэл рүү, ялгарлыг үнэмлэхүй дийлэнхийн зохистой тэгш байдал руу, бодлогыг залгамж чанар луу, хөгжлийг зөвхөн мөнгөнд дулдуйдах биш ухаанд тулгуурлаж явах цаг болжээ. Шинэ Үндсэн Хуульд тунхагласан жинхэнэ иргэний нийгмийг байгуулаасай гэж сэтгэлийн цацал өргөж явах юм.

                        Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл