Цэс

Холбоо барих

Б.Мижид: Бид цаг үрж суух шаардлага алга, таръя гэж хэлсэн


Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

Б.Мижид:Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлэг нийт депутатуудын 65 орчим хувийн саналаар батлагдсан бөгөөд би татгалзсан

Амьдрал агуу билээ. Шинэ Үндсэн хуулийг хэлэлцэх үед социализм, коммунизмын тухай онол практикийн асуудлыг судалж, ойлгож мэдрээд 30 гаруй жил болсон байлаа. Коммунизмын эхний шат социализм байгуулахад хүн бүр чадлаараа хөдөлмөрлөж хийснээрээ авна. Коммунизм буюу социализмын хоёр дахь шатанд хүн бүр бололцоогоороо хөдөлмөрлөж, хэрэгцээнийхээ хэрээр авна гэсэн онол дэвшигдэж байлаа. Хүмүүс хөдөлмөрлөхгүй бол хэн баялгийг бүтээх вэ гэсэн асуултад онолчид бүх зүйл автоматчилагдана, цөөн оюунлаг хэсэг нь удирдана гэж хариулна. Өмчийн асуудал ч социализмын онолчдын хувьд маш их маргаантай хоёр том урсгал байсан билээ. Нэг хэсэг нь нийгмийн харилцааны гол үндэс суурь нь үйлдвэрлэлийн хэрэгслийн бүх ард түмний өмчид суурилсан социалист үйлдвэрлэлийн харилцаа гэж байсан бол нөгөө хэсэг нь бүх нийтийн хамтач ажиллагаа бол үйлдвэрлэлийн харилцааны гол үндэс гэж үзэж байсан юм. Капиталист төрийн өмчийн нэг хэлбэр нь социалист өмч мөн гэж үздэг хэсэг байв. Үйлдвэрлэлийн явц дахь хүмүүсийн хоорондын харилцаа ба хүмүүс үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй харьцах харилцаагаар нийгмийн байгууллыг тодорхойлдог тийм онол ноёлж байсан үе юм. Үүнийг нуршихын учир нь үзэл суртлын хувьд ийм онолыг үндэс болгосон нийгэмд олон арван жил ажиллаж амьдарсан депутатууд бид яагаад Үндсэн хуулиа шал өөр өнцгөөс харж боловсруулж хэлэлцэн баталж чадав аа. Миний бодлоор бол өмч гэдэг нь хүн бүрийн өдөр тутмын амь зуулга, амьдралын анхдагч хэрэглээ байдаг. Бүх нийтээрээ өмчилсөн өмч тухайн хүнд өдөр тутам өгөөжөө шууд өгч чаддаггүй.

Ер нь амьдралын ач холбогдлоороо ямар нийгэм гэж нэрлэх нь чухал бус, харин хүн ямар эрх чөлөөтэй байж, ямар илүү үр өгөөжтэй, яаж баян чинээлэг амьдрах вэ гэдэг л гол нь байсан. Мөн аль нэгэн улс гүрний мэдэлд байж, тэдний гарыг харж амьдрах нь тусгаар тогтносон улс гэхэд дэндүү харамсалтай. Үүний нэг томоохон жишээ нь “Эрдэнэт” үйлдвэрийг бүрэн дамжлагатай барьж байгуулах гэж бүх шатандаа санал нэгдэж байсан ч чадаагүй явдал юм. Энэ бүхнийг л шинэ Үндсэн хууль дээд боломжоор нь баталгаажуулсан учраас бүх ард түмний ашиг сонирхлын төлөө депутатууд нэгдэж чадсан гэж боддог.

Миний тухайд Үндсэн хуулийг тал бүрээс нь ул суурьтай сайтар хэлэлцэж, депутатуудын саналыг тусгах, орон нутгийн бие даасан байдлыг социализмын үеийнхээс үндсээр нь өөр болгож бэхжүүлэх тал дээр хатуу зогсож байлаа. Би аймаг хариуцаад таван жил шахам ажиллаж бэрхшээл, хүндрэлийг биеэрээ амсаж ямар нөхцөлд сайн ажиллаж болохыг мэдэрч байсан юм. Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын дарга П.Очирбат, Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид, Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдорж зэрэг уг төсөл боловсруулах үйл ажиллагаанд оролцож байсан зарим хүмүүс депутатуудаас гаргасан санал, тавьсан асуултад дэлгэрэнгүй тайлбар өгч, ерөнхийдөө төслөө амархан батлуулах гэсэн хүсэл байгааг би ажиглаж мэдсэн. Ингээд үг хэлэхдээ “П.Очирбат, Б.Чимид, Р.Гончигдорж Та нар депутат бидний санал хүсэлт, үгийг хүлээн авахгүй гэж байгаа бол өөр өөрсдийнхөө гэр бүл, ах дүүс, найз нөхөд, дэмжигчдээ авч ирж байгаад наад төслөө батлуулчих. Бид цаг үрж суух шаардлага алга, таръя” гэж хэлсэн. Үүний дараа Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид нэлээд хүнд байдалд орсон шинжтэй “За даа би олон юм хэлж болохгүй болоод байна” гэж бэрхшээлтэй тулгарсан байдалтай асуудалд хариулж байлаа.

Ер нь Үндсэн хуулийг уламжлал, ёс заншлаа хадгалахын зэрэгцээ огт өөрөөр, цоо шинэ хэлбэрээр баталж, эцсийн шийд гаргана гэдэг тийм амар асуудал биш байсан. Ингээд шийдэж орхивол олон түмэн юу гэх бол гэдэг бодол байнга толгойд эргэлдэж байсан юм. Олуулаа байсан учир тэр бүр үг хэлэх боломж олддоггүй. Харин Засгийн газрын бүрэн эрхэд “нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх гэсэн...” хэсгийн удирдан гэдэг үгийг хасах саналтай байсан юм. Удирдах гэдэг ойлголт нь төрийн нэг байгууллагын болон харьяалал нь шууд салбарлан ижил чиг үүрэг хүлээж хамтран өдөр тутмын үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд хэрэглэх нь тохиромжтой гэж би үздэг. Нутгийн захиргааны байгууллагыг удирдах төрийн удирдлага нь хууль биелүүлэхэд хяналт тавих гол агуулгатай. Нутгийн өөрөө удирдах ёсыг Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрсөн нөхцөлд Засгийн газар удирдах нэрийн дор нутгийн захиргааны ажилд хутгалдан орох, ингэснээрээ өөрөө бүх хариуцлага хүлээх нь оновчтой биш гэж үзэж байв. Үүний нэг жишээ нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын хөрсний бохирдолтой холбоотой 2006-2008 оны турш үргэлжилсэн маргаан билээ. Үүнээс болж аймаг, сумын төрийн захиргааны байгууллага сугарч үлдэн, Засгийн газар огцрох нэг шалтгаан болсон.

Мөн аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын хуулиин төсөл санаачлах эрхтэй байх саналыг минь хэлэлцүүлээгүй. Хуулийн эхийг баригч манай улс Холбооны улс биш гэдэг хариултаар хаасан юм. Хурлын санаачилсан хуулийн төсөл болгон батлагдах албагүй. Харин орон нутгийн төрийн байгууллагууд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд шийдэж чадахгүй асуудлаа хуулийн төсөл боловсруулах замаар шийдүүлж байсан бол өнөөдөр орон нутгийн бие даасан байдал шал өөр байх байсан даа гэж бодсоор явдаг даа. Үндсэн хуулийн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн Дөрөвдүгээр бүлэг нийт депутатуудын 65 орчим хувийн саналаар батлагдсан бөгөөд би татгалзсан юм. Би энэ бүлгийг баталсан орой үндэсний  телевизээр мэдээлэл хийж, эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Үүнтэй холбогдуулан маргааш өглөө нь АИХ-ын дарга агсан Ж.Уртнасан надтай уулзаж, “Үндсэн хуулиа өлгийдөж аваагүй байхад чи эсэргүүцэл илэрхийллээ” гэж хэлсэн. Үүнтэй холбогдуулан одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч хурлын завсарлагаанаар надтай уулзаж, та яагаад эсэргүүцээд байгаа юм гэдгийг лавлаж асууж байсныг тодхон санаж байна. Миний гол санаа бол орон нутаг нийгэм, эдийн засгийн амьдралын бүх асуудлаа мэдэж, хэнээр ч заалгаж, хэнээс ч тусламж хараад суухгүй  бие даан ажиллах зарчим баримтлах нь зүйтэй гэж үздэг байв. Ингэж чадвал нутгийн өөрөө удирдах ёс жинхэнэ утгаараа хэрэгжиж улсын хэмжээнд аймаг сумд хоорондоо өрсөлдөөнтэй хөгжих боломж бүрдэх бөгөөд орон нутгийг тэнцвэртэй хөгжүүлэх хөшүүрэг болох ёстой гэж бодож явдаг.

Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга гэдэг нэрийг өөрчилж Аймгийн Засаг дарга гэж нэрлэхийг ч эсэргүүцэж “аймгийн Засаг даргын байшин” гэж хаяглах уу гэж асуухад бид хоёрын ойлголт яг адилхан нэг юм байна гэж ганцхан томьёогоор хоёр янзаар л ойлгосон бололтой юм хэмээн Б.Чимид гуай хариулсан нь ойлгомж муутай байсан.


Ч.Гомбосүрэн: Америк болон бусад орны хуулийг хуулбарлахгүй байх, төрийн сүлдээ шувуугаар дүрслүүлэхгүй байх зэрэг олон асуудлаар маргадаг, тэмцдэг байсан

Монголын ард түмэн боловсролтой оюунлаг байсны үр дүнд ардчилал, чөлөөт зах зээлийн харилцааг бүх шатанд дэмжиж, ардчилсан Үндсэн хуулиа ард түмнээрээ шүүн хэлэлцэж, олон санал санаачилгыг гаргаж байсан нь анхны ардчилсан Үндсэн хууль батлахад дөхөм үзүүлж байлаа. Ардчилсан Үндсэн хуулиа батлахад үг, үсэг бүрээр утга, агуулга бүрээр нэг бүрчлэн хэлэлцэж, олон хоног, сар болж 72 хоногт баталж чадсан нь тэр үеийн депутатуудын гол гавьяа байлаа.

Миний бие Монгол Улсын парламент хоёр танхимтай байх, Бага Хурал 20-30 хүнтэй байнгын ажиллагаатай хууль боловсруулж баталдаг, баталсан хуулиа Их Хурлын дээд танхимаар хэлэлцүүлж эцэслэн баталдаг, Дээд танхимын Их Хурлын гишүүд бүх салбарын төлөөлөлтэй, манай орны онцлогоос шалтгаалж хөдөө, ахмад, залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөлөл зэрэг улс орны бүх салбараас сонгогдсон хүмүүс дээд танхимд ажиллуулах санал гаргадаг байлаа.

Мөн Эрдэнэт, Дархан, Говьсүмбэр аймгуудын төвийг хотын статустай байх санал дэвшүүлдэг байсан. Үндсэн хуулиа батлах энэ үеэр санал зөрөх, америк болон бусад орны хуулийг хуулбарлахгүй байх, төрийн сүлдээ шувуугаар дүрслүүлэхгүй байх зэрэг олон асуудлаар маргадаг, тэмцдэг байсан. Нэг удаагийн хурал дээр Э.Бат-Үүл гишүүн бидний саналыг эсэргүүцэж “монголд  коммунистуудыг  буудах цаг ирнэ. Чамайг эхний ээлжинд буудна” гэж хэлж байлаа. Намайг өмөөрч, хамгаалж Р.Раш, Л.Энэбиш нар үг хэлж байсныг би одоо хүртэл мартдаггүй юм.


Миний монголын ард түмэн ухаалаг

Өнөөдрөөс өгчигдрийг харахад ч зарим зүйл өөрөөр төсөөлөгддөг. Тэгвэл 20 жилийн тэртээхийг эрэгцүүлнэ гэдэг түүхийг эргэн сөхөж буйтай утга нэгэн. Цаг хугацааны саалтанд үнэн нь улам тодорч ач холбогдол мөн чанар нь улам гүнзгийрдэг үйлс бүтээл гэж буй түүхийг л сайн сайхан их бадрангуй хэлбэл гайхамшигт үйл хэрэг гэнэ л дээ. Миний ч тодорхойлолт биш, мөнхийн үнэний өөрт нь байдаг мөн чанар л даа. Ийм бодлоор харахад шинэ Үндсэн хууль бол гайхамшиг л даа.

Нэрт нийтлэлч Баабар ч тэгж л үнэлсэн. Өөрөө оролцож батлалцсандаа ч биш 428 хүний дэргэд нэг хүн юуг ч төлөөлж чадахгүй. Харин их үйл хэрэгт оролцсондоо л хувь хүн цөм цугаар бахархах учиртай. Монгол хүн цагийн ая, их зөв хоёрын өмнө үргэлж сэргэг байснаараа өнөөдрийн энэ Монгол Улс маань оршин тогтсон нь лавтай. Ард нь ухаантай улс үндэстэн мөхсөн түүх гэж үгүй. Ард түмний тэр сэрэмж ухаан хаана илэрхийлэгддэг вэ гэдгийг ч энэ Үндсэн хууль баталсан тэрхүү сайхан явдал гэрчлэх буй заа... Миний бие судлаач дүгнэгч нь биш ч гэлээ тэгж бодогдоод байх юм. Үүнийг ганцхан зүйлээр баталж болно.

Тэр үеийн депутатууд (1990-1992 оны) бүх асуудалд бидний ярьдгаар амбицгүй чин шударгуу зөвхөн Монгол Улсаа, түүний маргаашийн төлөө хүн төрөлхтөнд үүссэн нийгэм, эдийн засгийн байгууллын шинэчлэлийн төлөө л ухаалаг зоригтой харж зогсож чадсан юм байна гэдгийг одоо л харж байна. Цаг хугацааны алсаас гэж бодролоо эхэлсний үнэн нь энэ л дээ. Хэрэв өнөөдөр Үндсэн хуулиа баталсан бол ч гэж бодох өдөр байдгаа нуух юун. Төрийн хэрэгт иргэн хүний чин шударга сэтгэлээр хандахын тухай бодоход шүү дээ. Зөвхөн үүгээрээ ч гэсэн бидний батлалцсан Үндсэн хууль үлгэр жишээ болно л доо. Харин би үүнд бардамнах байна.

Аливаа улс орон хаантай ч, гуйлгачинтай ч байдаг. Үйл явдал ерөөс амьдрал сайнтай ч, муутай ч алагладаг. Гэхдээ алаглуулж болдоггүй, хаан мэт дээдэлж байх, нарны доор нандигнаж байх ганц эрдэнэ минь тусгаар тогтнол л доо...Энэндээ дэндүү үнэнч, дэндүү ухаалаг хандсан депутатуудаараа би бахархлаа. Үрдээ ч ярих үнэн минь энэ байх болно.

Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл