Цэс

Холбоо барих

О.Очиржав:Үндсэн хуулийн хамгийн гол ач холбогдол нь Монголд хүний эрхийг эрхэмлэн дээдэлдэг болсон явдал юм


Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийг нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

Д.Жанцан:Ардчилсан намын дарга миний нэрийг дэвшүүлэв, Би ч нэрээ татаж авлаа

1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдон шинэ Үндсэн хууль боловсруулж батлалцаж явсан нөхөд минь үргэлжийн сэтгэлд бодогдон, нүдэнд үзэгдэх шиг байдаг нь сонин билээ.

Нэг. Анхны Ардчилсан сонгууль

1990 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж анхны ардчилсан сонгууль явуулах болж сонгуульд улс төрийн намуудаас гадна төрийн болон төрийн бус байгууллагууд нэр дэвшүүлэх эрхтэй байлаа. Тиймээс намайг аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны намын үүрээс аймгийн төв Чойбалсан хотын 188 дугаар тойрогт нэр дэвшүүлээд хэд хоносны дараа Чойбалсан сум, сангийн аж ахуйн иргэдийн хурлаас 185 дугаар тойрогт Ардын Их Хурлын депутатад нэр дэвшүүлэв. Ингээд нэг тойргоос нь нэрээ татах шийдвэр гаргах болоход өөрөө бодож, нөхөдтэй зөвлөлдөж байгаад 18 дугаар тойргоос нэрээ татаж авч билээ. Ингээд Чойбалсан суманд 10 хүн өрсөлдөн 68.0 хувийн саналаар Ардын Их Хурлын 185 дугаар тойргийн депутатаар сонгогдож байв. Ардын Их Хурлын депутатаар сонгогдоод сар гаруй болсны дараа аймгийн АДХ-ын чуулган чуулах болов.

Шинэ сонгуулиар аймгийн депутатуудын 76.0 хувь нь МАХН-ын гишүүн, 24.0 хувь нь тухайн үеийн шинэ намын гишүүд байлаа. Чуулган эхлэхээс гурав хоногийн өмнө Ардчилсан нам, Социал демократ нам, Үндэсний дэвшилт намын эвслийн төлөөлөгчид надтай ирж уулзаад таныг манай эвслээс аймгийн даргад нэр дэвшүүлнэ гэв. Би “МАХН-ын гишүүн, та нар өөрийн намын гишүүдээсээ нэр дэвшүүлээч гэж хэлэхэд шинэ ардчилсан сонгуулиар шинэ төр, засаг байгуулахад намчирхаад яахав, чадах нь хийе” гэсэн юм. Гэсэн ч чуулганд Ардчилсан намын дарга миний нэрийг дэвшүүлэв. Би ч нэрээ татаж авлаа. Ардын Их Хурлын депутатуудын 84.0 хувь нь МАХН-ын гишүүд байсан боловч Монгол Улсын дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын даргаар Социал демократ намаас нэр дэвшигч Р.Гончигдоржийг сонгосон, үүнээс үзвэл тэр үеийн Ардын Их Хурлын болон аймгийн депутатууд шинэ ардчилсан засаг, төрөө байгуулахад хэт намчирхдаггүй байжээ гэж боддог. Ингээд 1990 оны 09 дүгээр сарын 03-нд Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар Монгол Улсын анхны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгон Улсын Бага Хурлыг байгуулсан. Ерөнхий сайд, Дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурорыг томилсон. Аймаг, хотын МАХН-ын депутатуудын ахлагч нарын бүрэлдэхүүнд намайг оруулсан тул чуулган завсарласны дараа орой болгон Намын дарга Г.Очирбатын өрөөнд зөвлөлдөн ярилцаж улс төрийн бодлогыг боловсруулахад оролцож байснаа одоо хүртэл дурсаж, сонин ч юм шиг санагддаг. Зүйрлэвэл одоогийн Улсын Их Хурал дахь намын бүлгийн ч хуралтай төстэй юм.

Хоёр. Анхны ардчилсан парламент

Намайг Намын Төв хорооны тэргүүлэгчид дуудаж чамайг Улсын Бага Хурлын гишүүнээр сонгуулах саналыг Ардын Их Хурлын чуулганд оруулна. Үндэслэл нь гэвэл төр гурван шатлалттай. Чиний хувьд сум, аймгийн төр, захиргааны байгууллагад 20 шахам жил ажилласан, орон нутгийн амьдрал мэднэ. Иймд төрийн дээд байгууллагад сонгуулах нь зүйтэй гэж үзсэн гэв.

1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Бага Хурлын гишүүд: “Алд бие мину алжааваас алжаасугай Ахуй төр мину бүү алдартугай Бүтэн бие минь алжааваас алжаатугай Бүрэн улс мину бүү алдартугай” гэж тангараг өргөөд Бага Хурлын үйл ажиллагаа эхэлсэн энэ үед би биеэ эх орон, ард түмнийхээ төлөө зориулах боллоо гэж бодоод зориг ч орох шиг, бие ч чангарч, хөнгөрөх шиг болж билээ. Улсын Бага Хурал нийгмийг ардчилж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжүүлэх эрх зүй, эдийн засгийн үндсийг бүрэлдүүлэхэд олон ч хууль гаргасан. Тэр үед Улсын Бага Хурал өдөр болгон хуралдана. Бүр шөнө болтол хуралдана. Хуралдаан дууссаны дараа ажлаа амжуулж, хуулийн төслөө уншиж судалж байж л гэртээ очно. Одоогийн Улсын Их Хурал хоёр өдөр л хуралдана. Ажлаа яаж амжуулдаг юм бүү мэд. Шүүмжлэлтэй хэлэхэд бараг л амралт ихтэй юм шиг харагддаг.

Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан 20 жилийн ой болж байгааг тохиолдуулан Улсын Бага Хурлын Монгол Улсын түүхэнд онцгой байгуулсан гавьяаны нэг нь шинэ Үндсэн хуулийн төслийг нэг-жил шахам боловсруулан Улсын Бага Хурлаар гурван удаа хэлэлцүүлэн, улмаар Ардын Их Хурлын чуулганд оруулан хэлэлцүүлэн батлуулсан явдал мөн.

Гурав. Ардчилсан Үндсэн хууль батлав

Улсын Бага Хурлын чуулганаар хэлэлцэж тогтоол гарган Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатаар удирдуулан байгуулсан. Монгол Улсын Еронхийлөгч, Үндсэн хууль боловсруулах комиссын даргын захирамжаар хэсгийн хэсгүүдийг байгуулсан. Ардчилсан Үндсэн хуулийн 4 дүгээр бүлэг болох засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр, ахлагчаар нь намайг томилсон юм. Тус ажлын хэсэг орон нутагт хэлэлцүүлж, ирсэн саналыг нэгтгэн төсөлд тусгасан. Зарим саналуудыг төсөлд оруулаагүй ч Бага Хурлын чуулганд, комисст танилцуулж шийдвэрлэж байв. Тус ажлын хэсэгт ажилласан Бага Хурлын гишүүн Батчулуун, Засгийн газрын хэлтсийн дарга Лингов нар ертөнцийн мөнх бусыг үзсэн. Тэр үед хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн секторын эрхлэгч доктор Д.Дашцэдэн, Засгийн газрын референт Шарбанди, Аюурзана, Солонго нар ихээхэн үүрэг гүйцэтгэснийг санахад таатай байна.

Үндсэн хуулийн 4 дүгээр бүлгийг Ардын Их Хурлын чуулганаар оруулан хэлэлцүүлэхэд депутатуудад нэлээд загнуулж, зандруулж л байлаа. Уг төслийг Улсын Бага Хурлын чуулганаар гурван удаа хэлэлцсэн тул уг бодлогыг хамгаалах байр суурийг баримталж байсан. Бага Хурлаас ийм төсөл оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм байна. Улаанбаатар хотоос өөр хотгүй, аймгийн төвийн хотыг сум гэж нэрлэхийг нэлээд ярьж маргалдаж байж баталсан юм. Аймгийн Засаг даргыг нийт иргэдээс нь сонгож, сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга шууд томилбол яасан юм гэсэн асуудлууд удаан хугацаагаар яригдаж байж батлагдсан. Одоогийн сум, аймаг, нийслэл, дүүргийн хурал хэр зэрэг хүчтэй байлгах, иргэдийн төлөөлөгчдийг мөн хэд байх нь зохимжтой юм гэдэг асуудлыг нэлээд хөндөж депутатууд ярилцаж байв. Шинэ Үндсэн хуульд аймаг, нийслэл, сум, дүүрэг хуралтай байж нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхээр Үндсэн хуульд тусгагдсан боловч одоогийн байдлаар эрх мэдлийг хэт төвлөрүүлж, тухайлбал социализмьн үеийн төвлөрсөн төлөвлегөөт эдийн засгийн үеийнхээс ч илүү төвлөрүүлчихээд байна.

Ардчилсан шинэ Үндсэн хууль чуулганаар өдөр нь хэлэлцүүлээд оройд нь засвар хийх, маргааш нь хэлэлцүүлэх асуудлаа бэлтгэх гэж ажлын хэсгийнхэн нэлээд ачаалалтай ажилладаг байв. Миний ажлын онцлог нь орон нутгийн асуудал хариуцсан дэд хорооны даргын хувьд орон нутгийн хурал, засаг захиргааны хэлтсийг хариуцан ажилладаг ажлын хуваарьтай байв. Бага Хуралд орон нутгийн хурал, засаг захиргааны байгууллага, иргэдээс санал, хусэлт, өргөдөл, гомдол маш их ирдэг байлаа. Уг асуудлуудыг орон нутгийн хурал, захиргааны хэлтэс, яам, агентлагуудад тавьж шийдвэрлүүлдэг байлаа. Зарим хүмүүс энэ дурдатгалыг уншаад Засгийн газрын хийх ажилд Бага Хурал орж байж энэ ямар хамаатай юм гэж бодож магадгүй. Тэр үед Бага Хурал бүгдийг шийдвэрлэнэ, эсвэл Засгийн газраар хяналт тавьж гүйцэтгүүлнэ гэсэн ойлголт маш их байлаа. Тэгээд шинэ төр, засаг бүхий шатанд байгуулагдан ажиллаж буй шилжилтийн үед орж ажиллахаас ч өөр аргагүй байв. 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны орой, маргааш нь Бага Хурлын гишүүд маш их баярлаж бие биетэйгээ тэврэлдэн нуруун дээрээс ихээхэн ачаагаа буулгасан юм шиг л байсан. Сэтгэлдээ тээж яваа зарим бодлоо энд дурдахгүй өнгөрч чадахгүй байна. Үүнд:

1.Ардчилсан шинэ Үндсэн хуулийг мэдэгтүн, сахигтүн гэсний дагуу өгүүлбэр, үг нэг бүрээр ойлгож судалж мэдэх нь чухал. Тэгэхгүйгээр буруу ойлгож ярих явдал нэлээд байх юм. Үүнд сэтгэл эмзэглэж явах боллоо. Бүрэн ойлголтгүй мөртлөө өөрчлөх тухай сэтгэлийн хөөрлөөр ярих явдал их байна. Түрүүчийн Үндсэн хуульд хийсэн өөрчлөлтүүд төрийг хүчгүй, сул дорой болгоход хүргэсэн.

2.Төр, засгийн бүхий л шатанд ажлын хариуцлагыг дээшлүүлэх тодорхой ажлыг зохион байгуулж хяналт тавих ажилд эрс өөрчлөлт шинэчлэл явуулахгүйгээр Үндсэн хууль ч, бусад хуулиуд хэрэгжихгүй байна. Хариуцлагын нөөц бол шавхагдашгүй ихээхэн хөрөнгө мөн.

О.Очиржав: Депутатуудын олонх нь “нэгдлийн дарга” нар гэж гоочлуулдаг ч мэтгэлцээний явцад цаг үеэ, хаашаа явахаа зөв төсөөлөх болсноор Үндсэн хуулийг баталсан  


Би цаг үеийнхээ бүтээгдэхүүн байлаа. Өөрчлөн байгуулалтын нөлөөнд тухайн нийгэмд шүүмжлэлтэй хандах болж, улмаар ардчиллын төлөө бусад нөхдийнхөө эгнээнд орсон юм. Улс орон маань улс төрийн тогтолцооны хувьд ардчилалгүй, коммунист намын дарангуйлалд орсон, эдийн засгийн хувьд хөгжлөөр буурай, бие даан хөгжих чадваргүй, иргэд эрх чөлөөгүй байгааг өөрчлөх үзэл бодолдоо хөтлөгдсөн хэрэг.

1990 оны 2 дугаар сарын 18-нд МоАХ-ны анхдугаар их хурал, 4 дүгээр сарын 8-9-нд МоАН-ын анхдугаар их хуралд оролцож МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн, МоАН-ын Улс төрийн зөвлөлдөх төвийн гишүүн болсон билээ.

Улс төрийн үйл ажиллагаанд ийнхүү оролцож явахдаа анхны ардчилсан сонгуульд оролцон, анхны ардчилсан парламентын гишүүн болж, анхны ардчилсан Үндсэн хууль батлалцсан.

Анхны ардчилсан сонгууль. 1990 онд улс төрийн яриа хэлэлцээний үр дүнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж анхны чөлөөт ардчилсан сонгуулийг явуулсан билээ. АИХ-ын сонгуульд улс төрийн намуудаас гадна төрийн болон төрийн бус байгууллага нэр дэвшүүлэх эрхтэй байлаа. Сонгуулийн 430 тойрогт 2413 хүн нэр дэвшиж байлаа шүү дээ.

1990 оны 6 дугаар сарын 12-нд Гадаад явдлын яамны нийт ажилтны хурал болж АИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрогт намайг нэр дэвшүүлэв. Гэсэн ч энэ тойрогт “хотынхон” голдуу нэр дэвшсэн тул “эмээн” Дорнод аймагт нутагтаа очиж Эрээн хорооны 187 дугаар тойрогт нэр дэвшин 51.4 хувийн саналаар АИХ-ын депутатаар сонгогдсон юм. Эрээнийхэн маань ардчиллыг ийнхүү анхнаас нь дэмжиж ирсэнд одоо ч талархаж явдаг.

1990 оны 9 дүгээр сарын 3-нд 12 дахь удаагийн сонгуулийн АИХ-ын анхдугаар чуулган эхэлж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг сонгон, УБХ-ыг бүрдүүлэн, Ерөнхий сайд, Дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурорыг томилсон юм.

Миний бие депутатын хувьд Улсын аюулгүй байдлыг хамгаалах ерөнхий газрын ажлыг шалгах АИХ-ын түр комисст орж ажилласан, уг байгууллага МоАХ-г 1989 оны 12 дугаар сараас 1990 оны 2 дугаар сарын 21-нийг хүртэл тагнасан, гэхдээ бүх материалаа устгасан юм билээ. Мөн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудал боловсруулах АИХ-ын комисст ч ажилласан.

Анхны ардчилсан парламент. Би МоАН-аас нэр дэвшүүлснээр АИХ-ын депутатуудын 97.2 хувийн саналаар УБХ-ын гишүүнээр сонгогдсон. 1990 оны 9 дүгээр сарын 13-нд УБХ-ын гишүүд “Алд бие мину алжааваас алжаатугай, ахуй төр мину бүү алдартугай. Бүтэн бие мину алжааваас алжаатугай”, хэмээн андгай өргөснөөр УБХ ажлаа эхэлсэн билээ. УБХ Монгол Улсын түүхэн дахь анхны ардчилсан парламент болсон юм. Урьд нь нам, засаг гэж байсан бол УБХ байгуулагдсанаар төр гэж бий болсон юм. УБХ хоёр жил хүрэхгүй шахуу хугацаанд их зүйлийг амжуулсан гэж боддог. Нийгмийг ардчилж, чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Үүний эрх зүйн үндсийг ч бүрдүүлсэн, зохион байгуулалтын болон бусад холбогдох арга хэмжээг ч авсан. УБХ-ын чуулган бараг өдөр бүр, шөнө дөл болтол хуралдаж байж энэ бүгдийг амжуулсан. Чуулганы хажуугаар Байнгын хорооны болон гишүүнийхээ ажлаа ч амжуулж байв.

Тэр үед УБХ-ын гишүүдийн дунд бизнесийн ашиг сонирхлын зөрчил, хувийн атаа жөтөө байсангүй. Үзэл бодлоо өрсөлдүүлэн санаа бодлоо уралдуулдаг байв. Улс төрийн ширүүн мэтгэлцээн олонтаа гарч байсан ч зохицуулж чадаж байсан юм. Одоо санахад УБХ-ын дэд дарга К.Зардыхан 1990 оны 10 дугаар сарын 30-нд Октябрийн баярыг ажлын өдөр болгох асуудлыг хэлэлцэхэд, 1991 оны 1 дүгээр сарын 25-нд Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхэд, 4 дүгээр сарын 12-нд Засгийн газрын үйл ажиллагааны тухай Ерөнхий сайдын сонсголын тухай хэлэлцэхэд, 8 дугаар сарын 28-нд намын гишүүний харьяаллын асуудлыг хэлэлцэхэд тус тус “тэвчээр алдаж” огцрохоо мэдэгдэн явж байсан ч эргээд ирдэг байсан юм.

Би С.Баярын даргалсан Төрийн байгуулалтын байнгын хороонд орж, УБХ-ын тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Зорчих, цагаачлах тухай хууль, Үйлдвэрчний эвлэлийн тухай хууль, Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн цэдийн тухай хуулийн төслүүд дээр ажиллаж, Ардын хянан шалгах хороог татан буулгахад оролцсон юм байна.

УБХ-ын гишүүний хувьд 1991 оны 02 дугаар сарын 1-11-нд Дорнод аймагт ажилласан, 04 дүгээр сард УИХ-ын дарга улсын хилийн байдалтай танилцахаар Увс, Хөвсгөл аймагт явахад нь дагалдсан, 9 дүгээр сард Баян-Өлгий аймагт хууль хэрэгжүүлэх талаар хийж буй ажилтай нь танилцахаар Д.Лүндээжанцан, Л.Цог-Очир нартай хамт ажилласан, 1992 оны 6 дугаар сарын 20-27-нд УБХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Н.Ганбаяр тэргүүтэй төлөөлөгчид Буриадад айлчлахад оролдсон доо. Бас Монгол-АНУ-ын парламентын бүлгийн дарга байлаа, тэгэхэд УБХ-ын гишүүдийн бараг надаас бусад нь цөмөөрөө АНУ-д явсан юмдаг. Чи Гадаад яамны хүн тул АНУ-д очих боломж чамд олдоно, би нэг яваад ирье гэцгээдэг байв, тэгсэн одоог хүртэл тэр боломж нь олдоогүй л байна.

Анхны ардчилсан Үндсэн хууль. Би олон улсын хуульчийн хувьд Үндсэн хуулийн төслийг МоАН болон УБХ-аар хэлэлцэхэд, УИХ-аар хэлэлцэж батлахад идэвхтэй оролцсон гэж боддог.

Үндсэн хуулийн төслийн талаар МоАН-аас баримтлах чиг баримтлалыг боловсруулан 1991 оны 6 дугаар сарын 1,2-нд болсон МоАН-ын Улс төрийн бүрэн зөвлөлдөх төвийн хурлаар хэлэлцүүлж, Монгол Улс нь парламентын бүгд найрамдах улс байх чиглэлийг гаргуулсан билээ. Төслийг УБХ-аар хэлэлцэхэд энэ л чиглэлийг баримталсан.

УИХ-ын хоёрдугаар чуулган 1991 оны 11 дүгээр сарын 11-нд эхлэн Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж, 1992 оны 1 дүгээр сарын 13-нд баталсан. Үндсэн хуулийн төслийг олон ч хоног хэлэлцэж байж баталсан даа, энэ нь ч аргагүй байсан. Хэд хэдэн зүйл дээр ширүүн мэтгэлцээн өрнөснөөс тохиролцох гэж цаг их авч байлаа. “Ардын эрх” сонины сэтгүүлч Ө.Энхтүвшин (одоо УИХ-ын гишүүн) Үндсэн хуулийн хэлэлцүүлэг “0.5 зүйл/цагийн хурдтай явж байна” гэж бичиж байсан юм.

Гэсэн ч сайн бүтээл гарч, Монголын ард түмэн түүхэндээ анх удаа ардчилсан Үндсэн хуультай болсон юм. Ард түмний төлөөлөл болсон депутатуудын олонх нь “нэгдлийн дарга” нар гэж гоочлуулдаг ч мэтгэлцээний явцад цаг үеэ болон хаашаа явахаа зөв төсөөлөх болсноор Үндсэн хуулийг баталсан гэж боддог.

Үндсэн хуулийн хамгийн гол ач холбогдол гэвэл миний үзэж буйгаар Монголд хүний эрхийг эрхэмлэн дээдэлдэг болсон явдал юм. Үүнийг дагаад хүний эрхийг зөрчих ёсгүй ардчилсан төрийн тогтолцоотой боллоо. Төр ямар ч тохиолдолд хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх эрх чөлөөг зөрчих, түүнчлэн эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандах ёсгүй. Харамсалтай нь эрүү шүүлт тулгадаг, хүнлэг бусаар ханддаг явдал гарсаар л байна.

Хүний эрхийг зөрчих ёсгүй төрийн тогтолцоо өөрөө ардчилсан байх ёстой. Юуны өмнө ард түмнээсээ сонгогддог байна, ард түмнээсээ сонгогдоогүй хүнийг гүйцэтгэх засаглалын гишүүн болгоно гэсэн яриа гарч байх юм. Төр нь тогтолцооны хувьд хүний эрхийг зөрчихгүйгээр эрх мэдлээ хуваарилан бие биедээ хяналт тавьдаг болж байна. Гэхдээ бас л болоогүй байна гэж хэлэх гэж байна. Төрийн эрх мэдлийг хуваарилсан гэж манай хуульчид үзэж байгаа ч “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага” хэмээн Үндсэн хуульд заасан нь хууль тогтоох засаглалыг илүү давуу байдалтай болгожээ.

Цаашид гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх, хувь хүнийг шүүхээс бус хүний эрхийг зөрчөөд байгаа төрийн байгууллагуудыг шүүх эрх мэдэлгүй шүүх засаглалыг төгөлдөржүүлэх шаардлагатай байна. Төрийн байгууллагуудыг шүүх ёстой Үндсэн хуулиин цэц нь үнэндээ шүүх засаглалыг төлөөлж чадахгүй байгаа.

Манай Үндсэн хууль бол тухайн үеийн улс төрийн агуу их компромисс бөгөөд шилжилтийн үеийг амжилттай авч гарч үр дүнгээ өгсөн гэж үзэж байна.

Анкара хот, 2011 оны 12 дугаар сарын 7-ны өдөр.


О.Лханаасүрэн: Юм л бол 191-р тойрог Б.Лханаасүрэн гээд л микрофоны өмнө гарч зогсоод л саналаа хэлдэг байж билээ

1990 оны АИХ-ын 12 дахь удаагийн сонгуульд 191-р тойрогт нэрээ дэвшүүлж, гурван нэр дэвшигчтэй өрсөлдөж ялсан юм.

Улмаар 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад би депутатууд дотроос хамгийн олон удаа, нийт үргэлжилсэн хугацаагаараа хамгийн урт санал, шүүмжлэл гаргасан тооцоо гарсан талаар сонинд бичсэн байсан. Юм л бол 191-р тойрог Б.Лханаасүрэн гээд л микрофоны өмнө гарч зогсоод л саналаа хэлдэг байж билээ. “Их цааз” нэртэй орж ирсэн хуулийн төслийг нийт ард түмнээр гурван сар гаруй, УБХ дөрвөн удаа, АИХ-ын 430 депутатууд 76 хоног хэлэлцэн байж 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өрийн 11.35 цагт баталж билээ. Зарим хүмүүс асуудаг юм, “Та нар 76 хоног хуралдаад хуралдсан хоногийнхоо тоогоор УИХ-ын нэг гишүүн байхаар баталсан юм уу” гэж. Энэ тийм биш л дээ, тохиолдлоор таарсан тоонууд юм. Шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхэд депутатууд маш идэвхтэй, ажил хэрэгч оролцож, санаа бодлоо уралдуулан, олон ургалч үзэл гэж чухам юу байдгийг харуулж байсан юм.

АИХ-ын хуралдааны дэгээс эхлээд Их цаазын төслийг хэлэлцэхэд бараг зүйл, өгүүлбэр бүр дээр засвар хийж, санаа бодлоо хэлж байсан тэмдэглэл, засварласан дэвтэрүүд нандин эрдэнэ мэт надад хадаглагдаж байдаг юм. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг АИХ-ын бүх депутатууд ёсчлон баталсан, хэзээ ч мартагдашгүй түүхэн тэр өдрөөс хойш даруй 20 жил өнгөрчээ. 430 депутатын дунд төрсөн ээж хүү Д.Мөнхөө, Н.Батбаяр хоёр, зохиолч Ш.Сүрэнжав гуай хүүтэйгээ, төрсөн ах дүү Б.Лханаасүрэн, Б.Гүнджалам бид хоёр байсан нь их сонин содон зүйл байж билээ. Ингэж би шинэ Үндсэн хуулийг жинхэнэ ардчилсан, нийгмийн харилцааг үндсээр нь өөрчилж, хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг аястай хөл нийлүүлэн алхах, хүний эрхийг дээдэлсэн, зах зээлийн эдийн засагтай орон болгох үндсийг эргэлт буцалтгүй тавьсан ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн, батлалцахад оролцож явсан минь миний амьдралын түүхэнд тохиолдсон мартагдашгүй үйл явдал болсон юм. Аливаа тэмдэглэлт үйл явдал нь улс гүрэнд түүх, хувь хүнд дурсамж болон үлддэг жамтай.

Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл