Цэс

Холбоо барих

“Хэмжээт цаазатаас Бүгд найрамдах засагт шилжсэн нь” номын нээлт боллоо

2024 онд Монгол Улсын Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ой тохионо. Энэхүү түүхэн ойг угтаж Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Батбаяр нар “Хэмжээт цаазатаас Бүгд найрамдах засагт шилжсэн нь” ном бүтээжээ. Шинэ номын нээлт өнөөдөр (2023.12.25) Монгол Улсын Их Хурлын Номын санд боллоо.

“Хэмжээт цаазатаас Бүгд найрамдах засагт шилжсэн нь” бүтээл 1924 онд батлагдсан Анхдугаар Үндсэн хуулийг түүх-эрх зүйн талаас нь судлан шинжилж, үзэл баримтлал, агуулга, ач холбогдлыг нэгтгэн дүгнэснээрээ онцлог юм.

-Номыг хүн тархи, оюунаараа бичдэг байхад энэ номыг бичихэд зүрх сэтгэл оролцсон. Тухай цаг үе, түүхийн ээдрээ сүлбээг уудлан үзэх тусам тэр цаг үеийн дээдсээ маш их өрөвдсөн. Яг тухайн үед улс орны тусгаар тогтнол амин чухал байсныг Анхдугаар Үндсэн хуулийн агуулгаас хүртэл харж болно хэмээн доктор, профессор Д.Лүндээжанцан номынхоо нээлтийн үеэр хэлэв. Анхдугаар Үндсэн хууль, түүний агуулга, ямар зам туулж батлагдсан зэргийг судалж,  эрх зүйн үүднээс шинжилж байхад маш олон зүйл тодорхой болж, учиг зангилаа тайлагдах хэдий ч эдүгээчилж хэрхэвч болохгүй гэдгийг тэрбээр онцолсон юм. Их түүхээ эдүгээчлэн сэтгэж, Монгол Улсын анхдугаар удаагийн бичмэл Үндсэн хуулийг Зөвлөлт оросоос хуулсан гэх буруу үзэл хандлага их байгаад бид хариу өгөхийг зорьсон хэмээн доктор, профессор Ц.Батбаяр өгүүлээд, Улсын анхдугаар Их Хурлын гишүүд хэрхэн сонгогдож, хэчнээн хоног хуралдаж, Үндсэн хуулийг хэрхэн баталж, Улсын бага хурал яаж байгуулагдсан талаар товч дурдав.

Уг бүтээл Ардын хувьсгал ялж, ардын эрхтэй хэмжээт цаазат засгийг тогтоосон 1921 оноос Улсын анхдугаар их хурлыг хуралдуулж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсан 1924 оныг хүртэлх түүхэн цаг үеийг хамарчээ. Ингэхдээ шинэ хууль цааз тогтоох үйл ажиллагаа, тухайлбал “Тангаргийн гэрээ”, “Нутгийн захиргааны дүрэм” зэрэг Үндсэн хуульчилсан баримт бичгүүдийн агуулга, үзэл баримтлал, Улсын түр цагийн хурал буюу анхны парламентын үүсэл, Үндсэн хуулийн төсөл боловсруулах оролдлого, төслүүд, Улсын Анхдугаар их хурал, Үндсэн хуулийн төслийг боловсруулан батлахад Зөвлөлт Орос Улс, Коминтерний үзүүлсэн нөлөө, шахалт дарамт, Бүгд найрамдах засгийг сонгосон шалтгаан зэрэг түүхэн, сонирхолтой үйл явцыг судлан дүгнэсэн байна.

Түүнчлэн Анхдугаар Үндсэн хуулийг Зөвлөлт Орос Улс, Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс, Тува, Туркестан зэрэг улсын Үндсэн хуультай харьцуулан судалж, Анхдугаар Үндсэн хуулийн агуулга, ач холбогдол, онцлогийн талаарх гадаадын судлаачдын судалгаа, түүнд дэвшүүлсэн байр суурь, үзэл бодлыг нэгтгэн толилуулжээ.

Мөн 1889 онд батлагдсан Японы Үндсэн хууль болон Английн Үндсэн хуулийн шинжтэй актуудыг тухайн үеийн орчуулгаар нь кирилл үсэгт, 1926 оны Тувагийн Үндсэн хуулийг монгол бичгээр анх удаа буулган, судалгааны эргэлтэд оруулсан нь сонирхолтой юм.

Номын нээлтэд Түүхийн ухааны доктор, профессор З.Лонжид, Н.Хишигт, Д.Эрдэнэбат, Б.Пунсалдулам, Монгол Улсын Гавьяат хуульч, доктор, профессор Ж.Бямбадорж, В.Удвал, Л.Өлзийсайхан, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Т.Очирхүү, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил зэрэг түүх, хууль зүйн ухааны эрдэмтэн, судлаачид оролцлоо.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл