Цэс

Холбоо барих

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ, ТҮҮНТЭЙ ХОЛБОГДУУЛАН БОЛОВСРУУЛСАН “ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ТАЛААР ГАРГАСАН БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч: Улсын Их Хурлын гишүүн
Б.Гарамгайбаатар

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүдээ, 
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан “Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.6-д заасны дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл “Байнгын хороо газар тариалангийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, үрийн буудай, таваарын буудай, нөөцийн буудай аль нь дутагдаж байгааг тодорхой болгох, улаан буудайны үнэ, тариаланчдыг урамшуулах тал дээр анхаарах, салбарын бодлогын алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй” гэсэн саналыг хэлсэн болно.
Тус байнгын хорооны гишүүд Газар тариалангийн талаар төрөөс баримтлах цогц бодлогыг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан “Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх санал нэгтэй дэмжив. 

Улсын Их Хурлын эрхэм гишүүдээ, 
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан “Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. 

Анхаарал тавьсанд баярлалаа.


БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ
АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ
ДАРГА Г.БАЯРСАЙХАН
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл