Цэс

Холбоо барих

АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙСЭН ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙСЭН ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ


2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүнЖ.Батзандан


Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын гишүүн Су.Батболдын 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэлэлцэн Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хороо 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Р.Гончигдорж, С.Баярцогт нараас үндэсний онцлогийг илэрхийлсэн уламжлалт баярын өдрүүдэд илүү ач холбогдол өгч нийтээр амрахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд харин цаашдаа Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа амрах өдрүүдийн тоог нэмэхгүй байхаар зохицуулах нь зүйтэй гэсэн саналыг хэллээ.

Төсөлтэй холбогдуулж гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д заасныг баримтлан энэхүү төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн хуулийн төслийг баталж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                               А.БАКЕЙ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл