Цэс

Холбоо барих

Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны танилцуулга

2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр хот Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн С.ГАНБААТАР Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын гишүүдээс 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Төсвийн байнгын хороо 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дараах танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна: Нэг.Нэгдсэн хуралдаанаар санал хурааж шийдвэрлэсэн асуудлуудыг хуулийн төсөлд бүхэлд нь тусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хувилбарыг боловсрууллаа.Үүнд: 1/Хуулийн төслийн нэрийг “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль” гэж өөрчиллөө. 2/Зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд болон татварын мэргэшсэн зөвлөхөд тавигдах шалгуур, шаардлагыг өндөрсгөж төсөлд тусгалаа. 3/Үйлчлүүлэгчийн эрх, үүргийг тодотгон зааж, түүнд зөвлөх үйлчилгээг сайн дурын үндсэн дээр авах, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан бол хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах, татварын мэргэшсэн зөвлөхөд гаргаж өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцахаар заав. 4/Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, зөвшөөрлийг түдгэлзүүлэхтэй холбоотой хэсгийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн өөрчиллөө. 5/Татварын мэргэшсэн зөвлөхийн байгууллагын чиг үүргийг дэлгэрүүлэн тусгалаа. 6.”Зөвлөх үйлчилгээнд тавих хяналт” гэсэн зүйл нэмж түүнд Сангийн сайд энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн дүрмийн биелэлтэд Нийгэмлэг хяналт тавихаар заалаа. 7.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээтэй холбогдуулан түүнд оролцогч этгээдийн буюу татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд, татварын байцаагч, үйлчлүүлэгчид хориглох хэм хэмжээг зааж, түүнтэй холбогдуулан төслийн хариуцлага хүлээлгэх тухай зүйлийг бүхэлд нь өөрчлөн найрууллаа. 8.Хуулийн төслийн нэр томъёог жигдлэх, зөвлөх үйлчилгээг үзүүлэх этгээдийн үйл ажиллагааны давхардлыг арилгах, хоорондын ажил үүргийн уялдааг тодотгон заах, мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, түүнд хамаарах ажил үйлчилгээг төсөлд хэт ерөнхий байдлаар тодорхойлсныг дэлгэрүүлэн, журмаар зохицуулах боломжтой тангараг өргөх, хувийн тэмдэг хэрэглэх тухай заалтыг хасч Нийгэмлэг журамлахаар өөрчиллөө. Хоёр.Энэ хууль батлагдсантай холбогдуулан дагаж мөрдөх журмын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24.6-д заасныг үндэслэн батлан гаргах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд түүнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд энэ хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу тусгай зөвшөөрөл авах, шинэчлэн бүртгүүлэх, эрхээ авсан татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын эрхийг үлдэж байгаа хугацаагаар сунгах зэрэг шилжилтийн харилцааг энэ хуулиар зохицуулахаар хуулийн төслийг боловсрууллаа. Гурав.Төсвийн байнгын хорооны хуралдаанаас төслийн анхны хэлэлцүүлгээр санал хураан шийдвэрлэсэн зарим зүйл, заалтыг тодорхой болгох, хуулийн зүйл, заалтын дотоод уялдааг хангах, бусад хуулиудтай нийцүүлэх шаардлагын дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т заасныг үндэслэн Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар дараах асуудлыг дахин санал хураан шийдвэрлэж гишүүдийн олонхийн дэмжлэг авсан болно. 1.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний зарчмыг тогтоосон 5 дугаар зүйлд “бие даасан, хараат бус байх” гэсэн зарчмыг нэмж тусгах 2.Төслийн 10 дугаар зүйлд “үүсгэн байгуулагч нь татварын мэргэшсэн зөвлөх байх” гэж нэмэх 3.Төслийн 12 дугаар зүйлээс “тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлт, хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр” гэсэн 12.1.7 дахь заалтыг хасах 4. Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан саналын дагуу төслийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтын “нягтлан бодогч, эдийн засагч,” гэснийг “нягтлан бодогч” гэж өөрчлөх санал Байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа. Дөрөв.Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг батлахтай холбогдуулан бусад хуулийг энэ хуульд нийцүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах шаардлагын дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5-д заасныг үндэслэн Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хороо санаачлан боловсруулж, хэлэлцүүлэхээр оруулж байна.Үүнд: 1.Аудит болон татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг тус тусдаа эрхлэх хуулийн шаардлага энэ хуулиар тавигдаж байгаатай холбогдуулан Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтын “...татварын тайланг хянаж дүгнэлт гаргах” гэснийг хасах, 4 дүгээр зүйлийн “албан татвар, төлбөр, хураамж, шимтгэлийн тооцоог хянах, дүгнэлт гаргах, татварын мэдүүлгийг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх” гэсэн заалтыг хүчингүй болгох 2.Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйл буюу татварын албаны бүрэн эрхэд ”хууль тогтоомжид заасны дагуу татварын зөвлөх бэлтгэх, эрх олгох ажлыг зохион байгуулах, үйл ажиллагаанд нь туслалцаа үзүүлж, хамтран ажиллах;” гэж заасныг хүчингүй болгох Тав.Хуулийн төслүүдийг хууль зүйн техник, хэл найруулгын талаас нь хянаж зохих засвар өөрчлөлтийг тусгалаа. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээнд баримтлах зарчим гэсэн 5 дугаар зүйлийг Үндсэн хууль, энэ хуульд хэрэглэсэн нэр томьёонд нийцүүлэн найруулах, төслийн 9.2 дахь хэсэгт татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн оноосон нэрийн ард “ТМЗ гэсэн өргөтгөлтэй байна” гэснийг “ТМЗ гэсэн товчилсон тэмдэглэгээтэй байна” гэж өөрчлөх, төслийн 14.1-д “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг хүчингүй болгох” тухай заалттай нийцүүлэн төслийн 22.1.1 дэх заалтын “татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг хүчингүй болгох” гэсэн өгүүлбэрийг хасах, төслийн 17.1.1 дэх заалтыг “эрхийн хугацаа дууссан бөгөөд түүнийг сунгуулах хүсэлтээ гаргаагүй” гэж тодотгон найруулах саналыг найруулгаар тусган оруулах боломжтой гэж үзлээ. Зургаа.Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хууль, түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулиуд, Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар мөрдөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллаагааны тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хуулийн төслүүдийг Та бүхэнд тараасан болно. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Байнгын хорооноос оруулсан зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн шийдвэрлэж, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг баталж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВААСҮРЭН
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл