Цэс

Холбоо барих

УИХ дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын яамны Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан өнөөдөр (2025.04.14) Монгол, Хорватын улс төрийн зөвлөлдөх уулзалтад оролцохоор манай улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын яамны Төрийн нарийн бичгийн дарга Франо Матушич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Бүлгийн дарга Ж.Алдаржавхлангийн зүгээс хоёр улсын хүн амын тоо, ардчилсан тогтолцоо, нэг танхимтай парламент зэрэг олон зүйлээр ижил төстэй гэдгийг  дурдаад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүх салбарт бэхжүүлэн хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Төрийн нарийн бичгийн дарга Франо Матушичийн зүгээс Азийн улс орнуудтай найрсаг харилцааг эрхэмлэн хөгжүүлэх Бүгд Найрамдах Хорват Улсын гадаад бодлогыг танилцуулж, хоёр улсын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал ач холбогдолтойг онцоллоо. Мөн тэрээр бүлгийн дарга Ж.Алдаржавхланд Бүгд Найрамдах Хорват Улсын парламент дахь Хорват-Монголын парламентын бүлгийн даргын мэндчилгээг уламжлав.

Бүлгийн дарга Ж.Алдаржавхлан Монгол-Хорватын парламентын бүлэг хооронд цахим уулзалтыг ирэх сард хийх саналтай байгааг дурдав. Уулзалтад Бүгд Найрамдах Хорват Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Дарио Михелин байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл