Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын petition.parliament.mn цахим системд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн тоймыг (2025.04.09-2025.04.15) танилцуулж байна.
Тухайн хугацаанд нийтийн өргөдлийн цахим системд нийт 10 өргөдөл ирүүлсний “Хотын даргыг нийслэлийн иргэдийн сонгуулиар шууд сонгодог байх тухай хуулийн төсөл санаачлах санал”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөх тухай хуулийн төсөл санаачлах санал”, “Улаанбаатар хотын даргыг ард иргэд сонгодог болох талаар ажлыг хэсэг байгуулах санал”, “Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаачлах санал” зэрэг 4 өргөдөлийг системд байршуулжээ. Бусад 6 өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Харин иргэн Билэгтийн Батбилэгийн petition.parliament.mn цахим системд 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байршуулсан “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай асуудлаар хуулийн төсөл санаачлах” нийтийн өргөдлийг 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 100033 иргэн дэмжсэн байна.
D-өргөдөл буюу Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын petition.parliament.mn цахим системд Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн Та Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 болон 8-д заасан Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд шаардлага хангасан өргөдлийг 30 хоногийн хугацаатай байршуулах юм. Тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах агуулга бүхий нийтийн өргөдлийг Монгол Улсын 18 насанд хүрсэн 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол, хуулийн төсөл санаачлах саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурал авч хэлэлцэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.