Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.30) хуралдаан 11 цаг 56 минутад гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир даргалан явууллаа.
Эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, энэ талаар тухайн асуудалд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Г.Уянганхишиг танилцуулав.
Үндсэн хуулийн цэц 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцжээ.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн72.1 дэх хэсгийн "... дутуу ..." гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр уг дүгнэлтэд дурджээ.
Цэцийн дээрх дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, О.Номинчимэг, Э.Бат-Амгалан, Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, хариулт, тайлбар авав. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Н.Алтанхуяг, Э.Бат-Амгалан нарын гишүүд илэрхийлсэн бол П.Сайнзориг, Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир нарын гишүүд хүлээн зөвшөөрөхгүй байх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 13 гишүүний 53.8 хувь нь дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжээгүй бөгөөд холбогдох санал, дүгнэлтийг чуулган нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав.
Засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хоёр удаа хуралдаж гаргасан санал, дүгнэлтээ Байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанд танилцуулсан. Үүний дагуу Байнгын хороо хуулийн төслүүдтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хууль зүйн дүгнэлт гаргуулах, түүнчлэн Хүний эрхийн үндэсний комисс, Улсын Дээд шүүх болон Улсын Ерөнхий прокуророос хуулийн төслүүдтэй холбогдсон санал авахаар шийдвэрлэсэн.
Г.Уянгахишиг гишүүн Улсын Их Хурлын Тамгын газраас ирүүлсэн хууль зүйн дүгнэлтийн хүрээнд гаргасан санал, дүгнэлтийг танилцууллаа. Зөвшөөрлийн тухай хуулийн зорилт буюу уг хуулиар зохицуулах харилцаанд төлбөрт таавар, бооцоот таавар, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг хориглох асуудал хамаарахгүй хэмээн хууль зүйн дүгнэлтэд дурдсан гэв. Эрүүгийн хуулиар шинээр үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж тооцох нь хүний эрхэд халдах хууль зүйн үр дагавар бүхий асуудал тул Хууль тогтоомжийн тухай хуулийн 15.7.1-ийг үндэслэн бие даасан үзэл баримтлалтайгаар хууль сахиулах байгууллагуудын болон тухайн салбарын мэргэжилтнүүдийн санал, дүгнэлтийг авсны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байна. Төлбөрт таавар, бооцоот таавар, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг хориглох зохицуулалтыг бие даасан хуулиар шийдвэрлэх боломжтой хэдий ч Байнгын хорооны санал, дүгнэлт гаргах хүрээ хязгаарыг баримтлах шаардлагатай гэсэн байна.
Үргэлжлүүлэн Хүний эрхийн Үндэсний комиссоос ирүүлсэн дөрвөн саналыг Г.Уянгахишиг гишүүн танилцуулав. Нийгэмд үүссэн сөрөг үр дагаварыг хязгаарлах, таслан зогсоох зорилготой тул төслийн үзэл баримтлалыг дэмжжээ. Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан “бооцоот тоглоом”-ын гэмт хэргийн шинжийг илүү нарийвчлан тогтоох шаардлагатай гэсэн байна. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан “цахим мөрийтэй тоглоом”-ын гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн 20.17 дахь хэсэгт заасан мөрийтэй тоглоомоос хэрхэн ялгах асуудлыг илүү нарийвчлан тогтоох нь зүйтэй гэжээ. Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан “төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомд зуучлах” хэсгээс “өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим хаягаа бусдад ашиглуулсан” гэснийг хасах нь зүйтэй хэмээжээ.
Монгол Улсын Ерөнхий прокуророос гурван саналыг ирүүлсэн байна. Эрүүгийн хуулийн 20.17 дахь хэсгээр мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг зохион байгуулсан бол гэмт хэрэгт тооцохоор байгаа тул төслийн 20.18 дахь хэсгийг хасах шаардлагатай гэжээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд гэмт хэрэгт хамтран оролцсон төрлөөр нь журамлан, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх болормжтой тул төслийн 20.19 дэх хэсгийг хасах саналыг ирүүлсэн байна. Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд “Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйлчилгээ эрхлэгч өөрийн үйлчилгээнд төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол зөрчилд тооцох заалтыг нэмж тусгах саналыг ирүүлжээ.
Ажлын хэсэг 2025 оны 4 дүгээр сарын 28, 29-ны өдрүүдэд хуралдаж, дээрх байгууллагуудаас ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгбүрчлэн хэлэлцсэн байна. Түүнчлэн хуулийн төслийг боловсруулахад оролцсон болон хууль хяналтын байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай санал солилцсоны үндсэн дээр санал дүгнэлтээ гаргажээ.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс “төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох”-оор тусгасан зохицуулалтыг хасах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Спорт бооцоот тааврыг зөвшөөрөлтэйгөөр эрхлэх асуудлыг хуулийн төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэжээ.
Эрх бүхий байгууллагын олгосон зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад хэлбэрээр бооцоот тааврын үйл ажиллагаа эрхлэхийг гэмт хэрэгт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 20.18 дахь хэсгийг өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулахад, эсхүл ашиг олох зорилгоор хууль бусаар бооцоот таавар зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 20.19 дэх хэсгийг өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзжээ. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэрэгжих хугацааг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэсэн байна.
Спорт бооцоот тааврын үйл ажиллагааг зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхлэхийг Зөвшөөрлийн хуулийн өөрчлөлтөд тусгахаар болсонтой холбогдуулан Зөрчлийн тухай, Зар сурталчилгааны тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төслүүд дэх нэр томьёог нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн болохыг ажлын хэсгийн танилцуулгад дурдсан.
Монгол Улсын иргэн гадаад улсад казино тоглох, бооцоот тааварт оролцох нь хуулийн хориглолтод хамаарахгүй байх тул тухайн үйл ажиллагаанаас олсон орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулах, орлогыг оновчтой тогтоох, түүнчлэн Онцгой албан татварын тухай хуулийн төсөлд спорт бооцоот тааврын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор татвар ногдуулах биет хэмжээний төрөл, татварын хувь, хэмжээ тогтоох асуудлыг нарийн тооцож хуульчлах шаардлагатай байх тул мэргэжлийн байгууллагуудын саналыг авсны үндсэн дээр хуулийн төсөлтэй холбоотой саналыг бэлтгэх нь зүйтэй гэсэн саналыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх нь зүйтэй хэмээн үзснийг Г.Уянгахишиг гишүүн танилцуулгынхаа төгсгөлд тодотгов.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэн, ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.
Тухайлбал, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1, 3 дугаар зүйлийг хасахыг, төслийн 2 дугаар зүйлийг өөрчлөн найруулахыг, гишүүдийн олонх дэмжсэн. Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэв
Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлдэг.
Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа”, “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүний эрх ба цахим технологи”, “Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал” “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” гэсэн 6 бүлгийн хүрээнд боловсруулж, Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төсөлд тусгуулах 44 саналыг тусгасан байна. 24 дэх илтгэлийн талаарх ерөнхий мэдээллийг ийнхүү Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид дурдаад, тус илтгэлийн нэгдүгээр бүлэг буюу “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа”-ны талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах үзэл баримтлалд тулгуурлан Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох, иргэний олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн баталгаажуулсан. Комисс хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд 2024 оны Монгол Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, шууд, тэгш эрхийн үндсэн дээр саналаа чөлөөтэй, нууцаар гаргах үндсэн зарчмыг хэрэгжүүлсэн байдалд дүн шинжилгээ хийжээ. Түүнчлэн сонгуулийн зардал, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн талаарх гомдол, маргаан шийдвэрлэлттэй холбоотой дэд сэдвүүдийг дүгнэсэн гэлээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийг сонгууль тус бүрийн онцлогийг тусгасан байдлаар өөрчлөх, зарим давхардал, зөрчил, хийдлийг арилгах шаардлагатай гэв.
Сонгууль “Бүх нийтийн байх” зарчмын хүрээнд шилжин суурьшигчид оюутан, өөрсдийн өмчлөлийн орон байргүй түрээсийн байрт амьдардаг иргэд, уртын ээлжээр ажилладаг уул уурхай, зам тээвэр, барилга дэд бүтцийн салбарын ажилтнууд, өөрийн харьяанаас өөр хэсгийн хороодод ажиллаж буй төрийн албан хаагчид, эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчлүүлж байгаа иргэд сонгох эрхээ эдэлж чадахгүй байна хэмээн дүгнэжээ. Энэ хүрээнд бусад улс оронд хэрэгждэг цахимаар эсвэл шуудангаар урьдчилан өгөх зэрэг боломжит хувилбаруудыг хуулиар зохицуулах нь зүйтэй хэмээн Комиссын дарга Д.Сүнжид танилцуулсан. Хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн шүүхийн шийтгэх тогтоол гарсан тохиолдолд сонгох эрхийг эдлүүлэхгүй гэдэг ч олон улсын байгууллагын зүгээс гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан сонгох эрхийг олгох боломжийг эрэлхийлэх ёстой гэдэг зөвлөмжийг өгдөг хэмээгээд энэ талаар судлан үзэх нь зүйтэй гэв.
“Тэгш байдлын зарчим”-ын хүрээнд сонгогчдын тоог үндэслэн сонгуулийн тойрог байгуулах, сонгуулийн мандат тогтоох асуудлыг хуульд тусгах, мандатын тоонд ногдох тойргийн сонгогчдын тооны хэт зөрүүтэй байдлыг арилгах, тойрог тутамд ногдох сонгогчийн тоог сонгогчдын дундаж тооноос 15 хувиас илүүгүй байхаар тогтоох, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгогчийн ирцийн босго хувийг хуульд заах шаардлагатай хэмээсэн.
Мандатын тоотой тэнцүү саналыг дугуйлахыг шаардаж буй, сонгуульд өрсөлдөж буй нам, эвслийг мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод бүрэн нийцүүлэх шаардлага тавьж байгаа зэрэг нь “Чөлөөтэй байх зарчим”-д нийцэхгүй байгааг анхаарах ёстой гэв.
Хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын санал авах байрны хүртээмж, мэдээлэл авах эрх, саналаа чөлөөтэй, нууцаар өгөх нөхцөлийг хангах, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос Засгийн газарт өгсөн 2023.09.05-ны өдрийн (CRPD/C/MNG/GO/2-3) зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр сонгуулийн зардлын талаарх дэд сэдвийн хүрээнд танилцууллаа. Сонгуулийн зардлын дээд хэмжээ хэт өндөр байгаа нь ердийн дундаж иргэдийн сонгуульд нэр дэвших боломжийг бууруулах хүчин зүйл болж байгаа тул сонгуулийн зардлыг бууруулах, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад, залуучууд зэрэг нийгмийн олон бүлгээс сонгуульд нэр дэвших боломжийг дэмжих түр тусгай арга хэмжээг хуулиар тодорхойлох шаардлагатай гэжээ. Мөн нам, эвсэл, нэр дэвшигчид холбогдох сонгуулийн зардал, тайлагналтад хяналт тавих байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлж, сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлантай холбоотой зөрчлийг арилгуулах, хүлээлгэх хариуцлагыг үр дүнтэй болгох хууль тогтоомжийн зохицуулалтыг сайжруулах шаардлага бий хэмээн үзсэн байна. Өнөөдрийг хүртэл тайлангаа ирүүлээгүй 3 нам, эвсэл байгаа бөгөөд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй тохиолдолд дараагийн удаа ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй ийм нөхцөл байдал үргэлжилсээр байгаа аж. Сонгуулийн хандивыг буцаахтай холбоотой асуудлыг мөн дурдаж, зарцуулаагүй бол хэрхэх талаар хууль тогтоомжид нэг мөр тусгаж, зохицуулах шаардлагатай гэв. Сонгуулийн гомдол, маргаан хүлээж авах, шалган шийдвэрлэх хугацаа богино, хууль хэрэглээний нэгдмэл байдал хангалтгүй байгаа талаар тул сонгуулийн гомдол, маргааныг үр дүнтэй шийдвэрлэх, үр нөлөөтэй хариуцлага тооцох, зөрчигдсөн эрхийг бодитой сэргээх тогтолцоог бүрдүүлэх шаардлагын талаар, мэдээллийн ил тод байдлыг хангахтай холбоотой дүгнэлт, зөвлөмжийг танилцууллаа.
Илтгэлийн хоёрдугаар бүлэг болох “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”-ын талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов танилцуулсан юм.
Хүний эрх, эрх чөлөө, нийтийн эрх ашгийг хамгаалахад үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлдэг өмгөөлөгчид, нийгмийн шударга ёсыг шаардан, үзэл бодлоо илэрхийлж, олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө ажилладаг сэтгүүлч нь бусдын болон нийтийн эрх ашгийг хамгаалсан үйлдлийн улмаас бусдын заналхийлэл, дарамт шахалт, халдлагад өртөх, ял шийтгүүлэх, амь насаа алдах эрсдэлтэй байна.
Ялангуяа хүний эрх хамгаалагч өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нь удирдлага болгодог Өмгөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, сэтгүүлчийн хувьд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ нэгэнтээ бий болсон байна. Эдгээр хуулиар өмгөөлөгч, сэтгүүлч нь хүлээсэн үүргээ чанартай, хариуцлагатай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдлыг нь хангасан, хариуцлагын тогтолцоог оновчтой хэрэгжүүлдэг механизмтай байх нь чухал юм.
Комиссоос 2024 онд хийсэн “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” судалгааны үр дүн тулгуурлан өмгөөлөгч, сэтгүүлчийн аюулгүй байдал, хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломж, баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн санал, шийдлийг энэ бүлэгт дэвшүүлжээ.
Хүний эрх хамгаалагчийн гол бүрэлдэхүүн болох өмгөөлөгч прокурортой эн тэнцүү мэтгэлцэх үйл ажиллагаа явуулах нь Өмгөөллийн тухай хуулиар тодорхой хэмжээнд баталгаажсан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх гэх зэрэг хуулиар нарийн тодорхой зохицуулаагүйгээс өмгөөлөгч мэтгэлцэх үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзсэн байна.
Дэлхийн шударга ёсны төсөл олон улсын байгууллагаас эрхлэн гаргадаг Эрх зүйт ёсны индексээр Монгол Улс 2024 онд 142 улс орноос 66 дугаарт, иргэний шүүхийн шударга байдлын үнэлгээгээр 65-д, эрүүгийн шүүхийн шударга байдлын үнэлгээгээр 58-д тус тус эрэмбэлэгдсэн талаар дурдсан. Нөхцөл байдал өмнөх оныхоос буураагүй ч олон улсын дунджаас доогуур байгаа аж.
Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх баталгааг хангахын тулд хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан өмгөөлөгчийг эрүүгийн болон зөрчлийн хэрэгт холбогдуулан хууль бусаар шалгах, халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хязгаарлах, хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангах шаардлагатай гэжээ.
Өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан өмгөөлөгчийг айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, бусад байдлаар нөлөөлөх эрсдэл бий хэмээн дүгнэсэн бөгөөд энэ дагуу энэ төрлийн үйлдлийг үр дүнтэй мөрдөн шалгах, хуульд заасан хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан байна. Монгол Улсын өмгөөлөгчдийн чадвар сайн хэдий ч цахим шүүх хуралд үйлчлүүлэгч болон бусад оролцогчидтой чөлөөтэй харилцах талаар хууль тогтоомжид нарийвчлан зохицуулах, үйлчлүүлэгчтэй ганцаарчлан уулзах, түүний байгаа газарт чөлөөтэй нэвтрэх эрхийг хязгаарласан байгууллагын дотоод дүрэм, журмыг хуульд нийцүүлэх шаардлага бий гэв. Өмгөөлөгч ажил үүргээ гүйцэтгэх явцад нь эрүүл мэнд, амь насанд нь хохирол учрах тохиолдолд нийгмийн баталгааг хангах зохицуулалтыг судалж, шийдвэрлэх шаардлагатай гэдэг дүгнэлтийг мөн тайлбарлаж, холбогдох үндэслэл, судалгааны талаар танилцуулсан юм. Өмгөөлөгчийн үйлчлүүлэгчтэй ганцаарчлан уулзах, түүний байгаа газарт чөлөөтэй нэвтрэх эрхийг хэрэгжүүлэх бодит боломжийг хязгаарласан хууль хяналтын байгууллагын дотоод дүрэм, журмыг хүчингүй болгох талаар мөн дүгнэлт, зөвлөмжид дурдсан байв.
Үргэлжлүүлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов хүний эрх хамгаалагч сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, энэ хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.
Комисс нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж эхэлснээс хойш хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн гэх асуудлаар 2022-2025 онуудад 180 орчим гомдол, мэдээллийг хүлээж авч шийдвэрлэжээ. Сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжилтнүүдийн нас залуу байгаа нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад олон сөргөөр нөлөө үзүүлдэг, улмаар иргэдийн бодит мэдээлэл авах эрхийг хангахад төвөгтэй байдал үүсэгдэг талаар судалгаанд оролцсон сэтгүүлчид хариулжээ. Сэтгүүлчид эрүүгийн гэмт хэрэгт яллагдах, шийтгэгдэх, мэргэжлийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэх явцад сэтгэл санаа, ялгаварлан гадуурхалтад өртөх, зарим үед хүчирхийллийн шинжтэй халдлагад өртөх тохиолдол гардгийг судалгаанд оролцсон сэтгүүлчид мөн илэрхийлсэн байна. Сэтгүүлчийн эдийн засгийн баталгааг сайжруулах нь бие даасан байдлыг хангахад чухал гэжээ.
Хэвлэлийн эрх чөлөөний байдал Монгол Улсад хангалтгүйг олон улсын байгууллагууд анхааруулж байгааг тэмдэглэсэн. Тухайлбал “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн 2023 оны тайланд Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө “асуудалтай” гэж дүгнэсэн бол 2024 онд “муу” гэж дүгнэгдэн 180 орноос 109 дүгээрт эрэмбэлэгджээ. Энэ нь 2023 оны үзүүлэлтээс 21 байр ухарсан үзүүлэлт бөгөөд хэвлэлийн эрх чөлөө улам бүр хумигдаж байгаа улс орнуудын тоонд багтжээ. Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний байдлыг сайжруулахын тулд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний байдлын тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, сэтгүүлчдийн эрх ашигт нийцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв. Ерөнхийдөө олон улсын хэмжээнд сэтгүүлчидтэй холбоотой нөхцөл байдал хүнд байгаа талаар ч дурдаж байсан.
Сэтгүүлчид тулгамдаж буй асуудлаараа сэтгэл санааны байнгын дарамт, эдийн засгийн баталгаагүй байдал хэмээн онцолж нэрлэсэн болохыг дурдав. Өмгөөлөгч, сэтгүүлчдийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд төрөөс анхаарч, авч хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээний талаарх долоон саналыг боловсруулснаа нэгбүрчлэн танилцуулсан юм.
“Хүний эрх ба цахим технологи” сэдэвт гуравдугаар бүлгийг холбогдох хяналт шалгалтын эхний үр дүнд суурилан боловсруулсан бөгөөд цахим хөгжлийн суурь нөхцөл, хууль сахиулах, ял эдлүүлэх ажиллагаанд ашиглаж буй зарим төрлийн технологийн хүний эрхийн үнэлгээ, хиймэл оюуны бодлого, зохицуулалт болон Хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулийн хийдэл ба хэрэгжилтийг дүгнэн илтгэжээ. Харин дөрөвдүгээр бүлэг болох “Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдвийн хүрээнд цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа. Дээрх хоёр бүлгийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа танилцуулга хийсэн юм.
Цахим хөгжлийн суурь нөхцөлүүд болох бодлого, эрх зүйн орчин, засаглал, технологийн нэвтрэлт, иргэдийн цахим ур чадвар, цахим боловсрол, кибер аюулгүй байдлын асуудлыг хүний эрхийн үүднээс үнэлж, Монгол Улсын хууль, тогтоомж, бодлогын хөгжил, эхлэл, шатдаа хэрэгжилт хангалтгүй, ялангуяа хүний эрхийн эрсдэлийг бүрэн тооцохгүй, нэн шаардлагатай хамгаалалтын арга хэмжээ үгүйлэгдэж байгааг гуравдугаар бүлэгт анхааруулсан байна. Мөн олон нийтийн орон зай дахь камерын хяналт, зорчих эрх, хязгаарлах ялыг хэрэгжүүлэх үндсэн хэрэгсэл болох цахим гав тагнах төхөөрөмжийн эрх зүйн зохицуулалтад анхаарах хүний эрхийн асуудлууд, Монгол Улс дахь хиймэл оюуны хөгжүүлэлт, хэрэглээний нөхцөл байдал, хиймэл оюуны үндэсний стратегид тусгавал зохих хүний эрхийн зарчмуудыг танилцуулж, Монгол Улсад цахим хуваагдал бодитой оршиж байгааг тусгасан гэв. Түүнчлэн хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хийдэл ба хэрэгжилтийг үнэлж, мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг Монгол Улс зохих ёсоор бий болгож хөгжүүлэх нь чухал болохыг анхааруулжээ.
Жендэрээс үүдэлтэйгээр бусдад бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны гэм хор, эдийн хохирол учруулсан, учруулж болзошгүй үйлдэл, эс үйлдэхүйг жендэрт суурилсан хүчирхийлэл гэж нэрлэдэг. Харин мэдээлэл харилцаа холбооны технологи болон бусад цахим хэрэгсэл ашиглан энэ төрлийн үйлдлийг үйлдэхийг болбол цахим технологи ашиглан үйлдэж байгаа жендерт суурилсан хүчирхийлэл гэж олон улсад тодорхойлдог. Энэ илтгэлийн дөрөвдүгээр бүлэгт энэ тодорхойлолтыг барьж нөхцөл байдлыг үнэлжээ. Цахим хөгжлийн нэг сүүдэр бол одоо яахын аргагүй цахим технологи ашиглан үйлдэгдэж байгаа жендэрт суурилсан хүчирхийллийн асуудал гэдгийн тэмдэглэсэн. Олон нийтийн сүлжээ, цахим орчинд цахим технологи ашиглан хүний нэр төрд халдах буюу гүтгэх, доромжлох, өдөөн хатгах, ялгаварлан гадуурхах, үзэн ядсан бичвэр нийтлэх, мөрдөж мөшгөх, садар самуун зураг бичлэг илгээх, дарамтлах, дээрэлхэх, урхидах зэрэг үйлдлүүд түгээмэл гарч байгаа гэв. Ийм гэмт үйлдэлд эмэгтэйчүүд, хүүхдүүд дийлэнхдээ өртөж, жендэрт суурилсан хүчирхийллийг дэвэргэж, агуулга, хэлбэрийг нь өөрчилж байгааг дурдсан. Энэ шинэ нөхцөл байдалд Монгол Улсын Эрүүгийн хууль Зөрчлийн тухай хууль болон гэмт хэргийг мөрдөн шалгах, хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх тогтолцоо бэлэн биш байгаа хэмээгээд гуравдугаар бүлгийн хүрээнд боловсруулсан 8, дөрөвдүгээр бүлгийн хүрээнд боловсруулсан 4, нийт 12 саналыг уншиж танилцуулсан.
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал” сэдэвт тавдугаар бүлгийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан танилцуулга хийв.
Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн өсөлт хурдацтай байгааг мэдээлээд сүүлийн 5 жилийн тогтмол өссөн гэдгийг анхааруулж байсан. Тэр дундаа 14 насанд хүрээгүй буюу бага насны хүүхэд хохирогч болж байгаа тохиолдол олон байгаад нийтээрээ анхаарал хандуулж, тус бүрдээ дүгнэлт хийн анхаарал хандуулж, арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна гэв. Ядуурал, ажилгүйдэл, ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн тогтворгүй байдал, сургууль завсардалт, эцэг, эхийн хайр, халамж, анхаарал дутах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгчдийн таагүй харилцаа, найз нөхдийн сөрөг нөлөө, хяналтгүй, цахим хэрэглээ, бэлгийн гаж зан үйлтэй холбоотой этгээдүүдэд тавих хяналт сул байгаа зэрэг нь энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан болж байгаа хэмээх дүгнэлтийг Комисс гаргажээ. Тиймээс энэ асуудлыг онцгойлон анхаарч, хүүхэд багачуудаа хамгаалах хэрэгцээ шаардлага байна гэлээ. Энэ хүрээнд бэлгийн бойжилт эрт эхэлж байгаа асуудлыг анхаарах, үүнтэй холбоотой үүсэж байгаа нөхцөл байдлыг анхаарах шаардлагын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Насанд хүрээгүй хүүхэд, ялангуяа бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах ажлын хүрээнд бэлгийн боловсрол, өөрийгөө болон бусдыг хүчирхийлэл гэмт хэргээс хамгаалах мэдлэг, чадавхыг эрт буюу 12 наснаас нь олгож эхлэх шаардлагатай талаарх дүгнэлтийг танилцуулсан. Энэ бүлгийн сэдвийн хүрээнд онцгойлон анхаарах шаардлагатай удаах сэдвийг Комиссын гишүүн Ж.Хунан тэмдэглэсэн. Бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн сэдэл бүхий бэлгийн гаж зан үйлийн талаарх зохицуулалтыг оновчтой, үр нөлөөтэй болгох хэрэгцээ шаардлагын талаар танилцууллаа. Энэ төрлийн эмгэгийг оношлох, тохирсон эмчилгээ хийх, тэдгээрийг бүртгэлжлүүлж, байнгын хяналт тавих тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай гэлээ.
Бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгааг таслан зогсоох, илрүүлэх ажил учир дутагдалтай байгаа ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүүхдэд ээлгүй байгаатай холбоотой гэж үзсэн байна. Энэ хүрээнд Комисс шийдвэрлэгдсэн 40 хэрэгт дүн шинжилгээ хийгээд мэдүүлэг авах ажиллагаа нь хохирогч хүүхдийг залхаан цээрлүүлэх хэлбэрээр явагддаг учраас энэ талаар гомдол гаргадаггүй, хуулийн байгууллагад ханддаггүй, гомдол, хүсэлт, мэдээллээсээ татгалздаг байж болзошгүй хэмээн дүгнэсэн байна. Мөн мэдүүлэг авч байгаа алба хаагчийн хүйсийн байдал, асуултууд, дахин дахин мэдүүлэг авах, 2 цагаас илүү хугацаатай мэдүүлэг авах, хариуцсан мэргэжилтэн солигдох зэрэг нь хохирогч хүүхдийг сэтгэл зүйн хүнд байдалд оруулж, улмаар үнэн бодитой мэдээллийг өгөхгүй байх тэргүүтэй олон сөрөг үр дагавар гарч байгаа хэмээн үзэж, энэ чиглэлээрх олон улсын байгууллагуудын зөвлөмж, аргачлалыг нэвтрүүлэх шаардлагатай гэлээ. Мөн хэрэг хянан шийдэх ажиллагааны явцад хохирогч хүүхэд хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж чадахгүй, хохирлоо барагдуулж чадахгүй байгаа нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, эдгээр нөхцөл байдал, тоо баримтыг үндэслэж 9 санал гаргасныг нэгбүрчлэн танилцуулсан юм.
Илтгэлийн зургадугаар бүлгийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд танилцууллаа. Шударгаар шүүлгэх эрхийн агуулга нь аливаа хүн эрүүгийн хэрэгт татагдсан үеэс эхлэн ял шийтгэл эдэлж дуусах хүртэлх үе шатыг хамруулсан өргөн хүрээтэй ойлголт юм. Гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байгаа хүнтэй мөрдөн шалгах, шүүх эрх мэдлийн байгууллагууд хэрхэн харьцаж байгаа, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийг хэрхэн хүндэтгэн хамгаалж байгаагаас тухайн улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдал, хууль дээдлэх ёс ямар түвшинд хүрснийг илэрхийлэх шалгуур үзүүлэлт болдог аж.
Хүний эрхийн Үндэсний Комисст 2024 онд ирсэн гомдол, мэдээллийн 52.9 хувь нь шударгаар шүүлгэх эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл эзэлж байх ба агуулгаар нь авч үзвэл, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, хилс хэрэг хүлээлгэсэн, эрүү шүүлтээс ангид байх эрх зөрчигдсөн, хууль бусаар цагдан хоригдсон, орон байрны халдашгүй байдалд халдсан, гэмт хэрэг үйлдсэн мэтээр хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд зарласан, шүүх эрх мэдлийн болон мөрдөн шалгах байгууллагын алба хаагчдын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон зэрэг гомдлууд эзэлж байгаа гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, тэдгээрийг шийдвэрлэсэн баримтын талаар дурдаад эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлого сул байгаа хэмээх дүгнэлтийг танилцуулсан.
Мэдүүлэг авах үеийн хүний эрхийн асуудал мөн анхаарал татсаар байгааг Комиссын гишүүн Б.Энхболд дурдаад, мэдүүлэгт суурилсан нотлох ажиллагааны арга барил мөрдөн шалгах ажиллагааны үндсэн арга хэлбэр хэвээр байгаа нь эрүүдэн шүүх нөхцөл байдлыг эрсдэлийг нэмэгдүүлж байна гэв. Мэдүүлэг авах үед гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүнээс гэм буруугаа өөрөө нотлохыг шаардах, мэдүүлэг авахаар албадах, камерын хяналтгүй зориулалтын бус өрөө, тасалгаанд мэдүүлэг авах, албан ёсны мэдүүлэг эхлэхээс өмнө өмгөөлөгчгүйгээр уулзалт, ярилцлага хийх, гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхийг тулгах хандлага гарсаар байгааг дурдаж байсан.
Сэтгэцийн шинжилгээ хийх нарийвчилсан журам тогтоогүй, хүнээс сэтгэцийн шинжилгээг авахдаа ямар арга хэлбэр процессыг нарийвчлан тогтоогоогүйгээс хүний хувийн халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдөх, нэр төр, алдар хүнд нь гутаагдах явдал мөн гарч байгааг засаж залруулах шаардлагын талаар танилцууллаа. Мөн төрийн нууцтай холбоотой хэрэг, мөрдөн шалгах нууц ажиллагааны талаар, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний хувийн мэдээллийг задруулахгүй байхтай холбоотой шаардлагын талаар, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохтой холбоотой илтгэлийн хүрээнд судлагдсан баримт мэдээлэл, түүнд үндэслэн гаргасан дүн шинжилгээ, 10 санал зөвлөмжийг дэлгэрэнгүй танилцууллаа.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, М.Нарантуяа-Нара, Дав.Цогтбаатар, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хуралдаанд оролцсон Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг үг хэлсэн бөгөөд Комисс санал, зөвлөмжүүдээ ангилах, илтгэлийн нэгдүгээр бүлгийн хүрээнд иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах зорилгоор эрх зүйн өөрчлөлтийг хийх, гуравдугаар бүлгийн хүрээнд технологийн цаг үед иргэний эрхээ хамгаалах асуудалд төвлөрч, дүгнэлтээ гаргах шаардлагатай гэв. Үүгээр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж, дууслаа.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.7-д “Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг Хууль зүйн байнгын хороо жил бүрийн эхний улиралд” хэлэлцэхээр заасан байдаг. Энэ дагуу Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцэж, энэ талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн танилцууллаа.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд 2024 оны 4 дүгээр сараас 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ, сургалт, сурталчилгаа, хамтын ажиллагаа, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, олон улсын байгууллагын дүгнэлтэд үндэслэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг 6 бүлэгтэйгээр, дүгнэлт, саналын хамт боловсруулжээ.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд тайлант хугацаанд 57 удаагийн урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийжээ. Хүүхдийн асрамж, халамжийн байгууллагуудад 10, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газруудад 5, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх албаны төв, орон нутгийн байгууллагуудад 16, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа салбар, нэгжүүдэд 22, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 3, Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Сахилгын байранд 1 удаагийн урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийжээ.
Тайлант хугацаанд эрх чөлөөгөө хязгаарлуулсан 415 иргэн, 311 төрийн албан хаагчтай, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд нийт 1,334 иргэн, 215 төрийн албан хаагчтай ганцаарчилсан ярилцлага хийсэн байна.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны тайлант хугацаанд 1,623 иргэн, 311 төрийн албан хаагчаас, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд 1,549 иргэн, 1,465 төрийн албан хаагчаас эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар асуумж авч, нэгтгэн дүгнэсэн бөгөөд тодорхой асуудлуудыг шийдвэрлэх талаарх гишүүний зөвлөмжийн үндэслэлүүдийн нэг гол эх сурвалж болгож ирснийг тэрбээр дурдлаа.
2024 анх удаа НҮБ-ын Гэрээний хороо, НҮБ-ын мандаттай олон улсын байгууллага болон хууль хяналтын байгууллагатай хамтарсан эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилт, урьдчилан сэргийлэх хяналт, шинжилгээг Монгол Улсад хийжээ. Мөн “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” (АРТ)-тэй хамтран урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийсэн байна. Энэ нь эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх, хяналт шинжилгээ хийх арга зүйг нутагшуулахад чухам алхам болсныг дурдсан. Үргэлжлүүлэн тэрбээр иргэний нийгмийн байгууллагатай хамтран, төлөвлөгөөгөө баталж, хэрэгжүүлж байгаагаа танилцуулсан юм.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний нийт 50 зөвлөмж, тайлант хугацаанд 14 зөвлөмжийг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж, зөвлөмж тус бүрийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, ахиц дэвшлийг тооцон ажилласан бөгөөд 2022-2025 онд хүргүүлсэн нийт зөвлөмжийн биелэлтийн ерөнхий хувь 80 хувьтай үнэлэгдсэн гэв. Зөвлөмжийг хэрэгжүүлээгүй 10 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Зөвлөмжийн үр дүнд оюуны болон сэтгэцийн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 3-18 насны 100 хүүхэд, 18-34 насны 200 залуусыг хүлээн авах хүчин чадалтай 23.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй асрамж, халамжийн газрын барилгыг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байгуулахаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны багцын хөрөнгө оруулалтын төсөвт тусган баталжээ. Барилгын ажил 2025 онд эхлэх юм байна. Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгаалал ерөнхий газарт албан хэрэгцээнд зориулан хуваарилсан ийм таблетаас бол хэмнэж, Өнөр бүл хүүхдийн төвд амьдардаг болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежид суралцаж байгаа оюутнуудад цахимаар суралцах нөхцөлийг хангах шаардлагатай төхөөрөмжөөр хангасан зэрэг зөвлөмжийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуулганаар Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын III илтгэлээ хэлэлцүүлсэн. Монгол Улсыг эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бол ахицтай ажиллаж байна хэмээн дүгнэсэн байна. Мөн “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллага нь манай улсыг бүс нутагтаа тэргүүлэх туршлага хуримтлуулж ажилласан гэж дүгнэжээ.
Танилцуулгынхаа төгсгөлд Комиссын гишүүн Я.Цэлмэн Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас өгч буй есөн саналыг нэгбүрчлэн танилцуулсан.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээс хариулт авсан юм. Тус тайлантай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцсэн. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Улсын Их Хурлаас Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагад хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон энэ хуулийн 10 дугаар зүйлд зааснаас бусад Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг ээлжит чуулган эхлэхээс 15 хоногийн өмнө Улсын Их Хуралд ирүүлнэ” гэж, 16.2-т “Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг ирүүлснээс хойш 15 хоногийн дотор Тамгын газар Байнгын хорооны эрхлэх асуудал бүрээр дүн шинжилгээ хийж, танилцуулгын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ” гэж, 16.3-т “Байнгын хороо Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг энэ хуулийн 16.2-т заасан танилцуулгыг хүлээн авснаас хойш нэг сарын дотор хэлэлцэнэ” гэж тус тус заасан байдаг.
Энэ дагуу Улсын Их Хурлаас Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагад хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланд хийсэн дүн шинжилгээг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр энэ талаар хуралдаанд танилцуулав.
Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 8.5-д “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн явцад хагас, бүтэн жилээр хяналт-шинжилгээ хийж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулан холбогдох тайланг Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд тус тус хүргүүлнэ” гэж заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Хууль зүйн байнгын хороонд тайланг хүргүүлсэн гэв.
Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д ирүүлсэн хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайланд үндэслэн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийсэн бөгөөд “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.3-т заасан аргачлалыг баримталсын Э.Одбаяр сайд танилцуулсан юм.
Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д Монгол Улсын хуулийн 89, Улсын Их Хурлын 104, Улсын Их Хурлын Байнгын хорооны 79, нийт 272 шийдвэрийн 1550 заалт бүртгэлтэй байгаа юм байна.
Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Байнгын хорооны шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд хэрэгжилт 66.4 хувьтай гарчээ. Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд бүртгэлтэй байгаа Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Байнгын хорооны шийдвэрийг үнэлгээний ангиллаар авч үзэхэд 569 буюу 36.7 хувь нь “бүрэн хэрэгжсэн”, 390 буюу 25.2 хувь нь “хэрэгжих шатанд”, 224 буюу 14.5 хувь нь “хэрэгжилт хангалтгүй”, 196 буюу 12.6 хувь нь “хэрэгжээгүй” гэж дүгнэгдсэн байна.
Харин хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй учраас 170 заалтыг үнэлэх боломжгүй байжээ. Хэрэгжилт дунджаар 66.4 хувь буюу өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар өссөн үзүүлэлттэй болохыг Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга танилцуулсан. Хэрэгжилт бүрэн хангагдсан, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон, тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан, шийдвэр хүчингүй болсон зэрэг 519 заалтыг хяналтаас хасуулах саналыг мөн танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.