Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.30/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэц 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцжээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн "... дутуу ..." гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр уг дүгнэлтэд дурджээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн С.Зулпхар, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байх үед нэр дэвшигчийн мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн саналыг тэмдэглэх гэдэг зохицуулалтыг хэрхэн ойлгох талаар гишүүд ямар байр суурьтай байсныг тодруулах нь зүйтэй хэмээгээд, тухайн үеийн хэлэлцүүлгийн протоколтой танилцаж ойлголтоо нэгтгэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаагаа хэлээд, хэрэв Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авбал чөлөөт сонголт гэдгийн ард зарим нэгэн тойргийн төлөөлөл хаягдах магадлалтай хэмээсэн.
Тэрбээр Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеийн протоколтой танилцаж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн үндэслэлийг дахин ярилцах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.
Эцэст нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасны “... дутуу ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Улсын Их Хурлын болон Улсын Их Хурлын байнгын хорооны тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг хэлэлцэв.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлд, “Улсын Их Хурлаас Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагад хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон энэ хуулийн 10 дугаар зүйлд зааснаас бусад Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг ээлжит чуулган эхлэхээс 15 хоногийн өмнө Улсын Их Хуралд ирүүлнэ. Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг ирүүлснээс хойш 15 хоногийн дотор Тамгын газар Байнгын хорооны эрхлэх асуудал бүрээр дүн шинжилгээ хийж, танилцуулгын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.Байнгын хороо Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг энэ хуулийн 16.2-т заасан танилцуулгыг хүлээн авснаас хойш нэг сарын дотор хэлэлцэнэ” гэж заасны дагуу дээрх асуудлыг хэлэлцэж байгааг Байнгын хорооны дарга тодотгосон.
Улсын Их Хурлын болон Улсын Их Хурлын байнгын хорооны тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр танилцуулсан юм.
Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 8.5-д “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн явцад хагас, бүтэн жилээр хяналт-шинжилгээ хийж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулан холбогдох тайланг Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд тус тус хүргүүлнэ” гэж заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хүргүүлсэн байна.
Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д ирүүлсэн хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайланд үндэслэн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийсэн бөгөөд “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.3-т заасан аргачлалыг баримталсан гэлээ.
Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д Монгол Улсын хуулийн 89, Улсын Их Хурлын 104, Улсын Их Хурлын Байнгын хорооны 79, нийт 272 шийдвэрийн 1550 заалт бүртгэлтэй байгаа аж.
Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Байнгын хорооны шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд хэрэгжилт 66.4 хувьтай гарчээ.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд бүртгэлтэй байгаа Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Байнгын хорооны шийдвэрийг үнэлгээний ангиллаар авч үзэхэд 569 буюу 36.7 хувь нь “бүрэн хэрэгжсэн”, 390 буюу 25.2 хувь нь “хэрэгжих шатанд”, 224 буюу 14.5 хувь нь “хэрэгжилт хангалтгүй”, 196 буюу 12.6 хувь нь “хэрэгжээгүй” гэж дүгнэгдсэн байна.
Харин хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй үндэслэлээр 170 заалт үнэлэх боломжгүй байжээ. Хэрэгжилт нь дунджаар 66.4 хувь буюу өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж сайд Э.Одбаяр танилцуулаад, хэрэгжилт бүрэн хангагдсан, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон, тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан, шийдвэр хүчингүй болсон зэрэг 519 заалтыг хяналтаас хасуулах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн.
УИХ-ын гишүүн Э.Болормаа, УИХ-ын тогтоол, шийдвэрийн хэрэгжихгүй байгаа шалтгааныг тодруулсан. Тэрбээр санхүүгийн асуудлыг дутуу тооцоолсноос болсон уу, Засгийн газар дагалдах журмыг нь гаргахгүй байгаагаас шалтгаалж байна уу хэмээн лавлаад, Малчны тухай хуулиар малчдаа дэмжих бодлого баталсан ч дагалдах журам нь байхгүйгээс хэрэгжиж чадахгүй байгааг тодотгосон.
Сайд Э.Одбаяр, Хэрэгжилт нь хангалтгүй байгаа хууль тогтоомжийн биелэлтийн ард санхүүгийн шалтгаан, төсөв нөөцөө буруу тооцсон зэрэг шалтгаан бий.
УИХ-аас гаргаж буй хууль, тогтоолууд гэлтгүй төрийн бүх шатанд гаргаж байгаа шийдвэрүүдийн төлөвлөлт, төсөвлөлт, үнэлгээ, тайлагналтыг нэг платформд ил тод гаргаж асуудлыг шийддэг, ярьдаг, төлөвлөдөг байх шаардлага бий болоод байна. Энэ чиглэлээр санал боловсруулах ажлын хэсгүүд байгуулсан. УИХ-ын холбогдох ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байна гэсэн хариулт өгсөн юм.
Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-аас өгсөн чиглэл, үүрэг даалгаврын биелэлт 66 хувьтай байгаа юм байна. Э.Одбаяр сайд ерөнхий тайлангаа тавилаа. Салбарын сайд нараас тухайн Байнгын хороодоос өгсөн чиглэл, үүрэг даалгаврууд хэрхэн хэрэгжсэн, хэрэгжээгүй бол чухам ямар шалтгаантай вэ гэдэгт тодорхой хариулт авах нь зүйтэй гээд уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.