Цэс

Холбоо барих

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв


Улсын Их Хурлын даргын 2024 оны 82 дугаар захирамжаар байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр /2025.05.05/ хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг, С.Замира, М.Бадамсүрэн, Ж.Батжаргал болон Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-уудын холбогдох албан тушаалтнууд, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцов.



Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ ажлын хэсгийн үйл ажиллагааны явц, орон нутагт ажилласан талаар болон өнөөдрийн хэлэлцүүлгийн хөтөлбөр, дарааллын талаар танилцууллаа.


Үүний дараа Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах шинжээч Э.Сугарбаяр холбогдох хуулийн судалгаа, үр дүнгийн талаар мэдээлэл өгч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан байгууллагынхаа чиг үүрэг, үйл ажиллагаа болон олгож буй зээлийн талаар танилцуулав.




Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас гадна тоног, төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх, бизнес инкубацийн үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулалтаар дэмжих стратеги боловсруулах, орон нутагт ахуйн үйлчилгээний төв, сумдад ахуйн үйлчилгээний цэгийг байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.





Хэлэлцүүлэг санал асуулгаар үргэлжилсэн бөгөөд жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөллөөс тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хүсэлтээ илэрхийллээ. Тухайлбал, сангуудыг хөрөнгөжүүлэх, дүүргээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилт хүртээмжгүй байгааг онцлон хэлэв. Түүнчлэн экспортын бодлого, төлөвлөгөө гаргаж, төрөөс санхүү болон бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Томоохон төслүүдийн хүртээмжийн асуудлаас гадна эргэлтийн хөрөнгө бага байгааг хэлж байна.



Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут хэлэлцүүлгийн төгсгөлд “Өрхийн бичил бизнес эрхлэгчдийн асуудалд анхаарал хандуулж, тодорхой зохицуулалтуудыг тусгах шаардлага бий. Цаашид худалдан авалт болон татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлаар хуульд өөрчлөлт оруулна. Экспорт болон дотоодын худалдан авалтыг хангах, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд төрөөс дэмжлэг үзүүлэх чиглэлээр бүхий л талаас нь бодолцож эрх зүйн орчныг сайжруулахаар ажлын хэсэг ажиллаж, холбогдох судалгааг хийж байна” гэлээ. Ингээд оролцогчдод талархал илэрхийлж, эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой саналуудаа ажлын хэсэгт ирүүлж, хамтран ажиллахыг хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл