Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.05/ хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.
Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны талаар тус зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн танилцуулсан юм.
Төрийн албаны зөвлөл 2024 онд төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн чиглэлээр болон төрийн албан хаагчийн сургалт, нийгмийн баталгааны хөтөлбөр, төрийн албаны үйл ажиллагаанд хэрэгжиж байгаа хөтөлбөр төслийн хүрээнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж ажилласныг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцлов. Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой зүйл заалт, зорилтуудын биелэлтэд хянан шинжилгээ, үнэлгээг хийсэн байна. Хяналт шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүн 55-71 хувьтай гарсан бөгөөд улсын хөгжлийн бодлого, дунд хугацааны бодлого болон төрийн албаны хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төрийн албаны үйл ажиллагаатай холбоотой зорилтуудын биелэлт санасан хэмжээнд хэрэгжихгүй байна гэж үзэн хяналт шинжилгээ хийжээ. Нийт 26 арга хэмжээний 20,7 хувь нь үр дүнтэй хэрэгжиж байна, 71 арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн, 24 нь эрчимжүүлэх шаардлагатай, 5 арга хэмжээ буюу 3,9 хувь нь үр дүн нь тодорхой хэмжээнд дүгнэгдээгүй гэсэн үнэлжээ. Үүний шалтгаан нөхцөл нь төлөвлөлтийн суурь судалгааг хангалттай хийдэггүй, тооцоолол буруу, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхдээ үндсэн шалгуур үзүүлэлтэд нь нийцүүлэн шаардлагатай төсөв баталдаггүйтэй холбоотой байна гэж дүгнэсэн байна
Төрийн албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааны хөтөлбөр нь төрийн байгууллагуудын хувьд хамгийн чухал хөтөлбөрийн нэг бөгөөд үүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж үзэхэд ийм хөтөлбөртэй байгууллага цөөхөн байжээ. 44 байгууллага Төрийн албаны зөвлөлд материал ирүүлснээс 35 нь албан ёсны хөтөлбөртэй, хөтөлбөрийн биелэлт улсын хэмжээнд 72,1 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэв.
Төрийн албаны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтээр олон төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг байна. Энэ төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд ерөнхийд нь судалгаа хийж, давхардал хийдэл байгаа эсэх, үр нөлөөг нь дээшлүүлэх талаар зөвлөгөө үйлчилгээ үзүүлж ажиллажээ. 2021 оноос хойш төрийн байгууллагуудад хэрэгжсэн төслүүдийн судалгаануудыг нэгтгэж авч үзэхэд нийт 225 төсөл, хөтөлбөрийн 21 хувь нь улсын төсвийн санхүүжилтээр, бусад нь гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн байна. Нийт төслийн 39 хувь нь дууссан, 60,1 хувь нь хэрэгжиж буй бөгөөд төсөл хөтөлбөрүүдийн нийцэл, улсын хэмжээнд хэрэгжиж чадаж байна уу гэдэг асуудал гарч байгаа учраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт уулзалт зохион байгуулж, найман төрлийн зөвлөмжийг хүргүүлсэн гэлээ.
2024 онд бүх яам, агентлаг Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтад хяналт шалгалт явуулж, чиг үүрэг бодит байгаа эсэх, албан тушаалын тодорхойлолт хийгдсэн эсэхэд хяналт шалгалт явуулж, алдааг засуулах ажлуудыг хийжээ. 21 аймгийн Засаг даргын Тамгын газарт 2024 онд очиж ажиллан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, 51 байгууллагын 4695 албан тушаалын тодорхойлолтыг хянасан гэлээ.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 5000 гаруй төрийн байгууллагын 14 мянган албан хаагчдад хүрч ажиллажээ. 2024 онд бүх аймаг, яам, агентлаг, нийслэлийн дүүргүүдэд очиж ажиллан хуульд заасны дагуу мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлж ажилласан бөгөөд үүний үр дүнд сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалга өнгөрсөн оноос 53 хувиар буурсан гэсэн мэдээллийг өгсөн. Сонгон шалгаруулалтын захиалгаа өгөхөөс эхлээд алдаа мадаг их гардаг байсныг Л.Цэдэвсүрэн дарга тодотгоод, сонгон шалгаруулалттай холбоотой өргөдөл гомдол, томилгооны зөрчлийн тоо өмнөх оноос 16,6 хувиар буурсан гэлээ.
Хууль тогтоомжид өөрчлөлт ороогүй байхад бүтэц, зохион байгуулалт, албан тушаалын тодорхойлолтыг өөрчилдөг байсан зөрчлүүд ерөнхийдөө арилж, өмнөх оноос энэ зөрчлийн тоо 40 хувиар буурлаа гэв. Төрийн байгууллага, албан хаагчдын бүртгэлийг цахимжуулах, ялангуяа төрийн албан хаагчид өөрийнхөө хувийн хэргийн бүртгэлийг цахимаар шалгах боломжийг нь нээснээрээ тоон мэдээлэл болон цахим системийн үйл ажиллагаанд үр дүн гаргасан гэдгийг дурдсан.
Тэрбээр, хууль тогтоомжийн хэрэгжилт болон чадахуйн зарчмын хэрэгжилтэд аудит хийсэн гэсэн мэдээллийг өгсөн. Мөн төрийн албаны ерөнхий болон тусшай шалгалт, төрийн албан хаагчдын тоо бүртгэл, боловсролын түвшин, хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцооны цахим систем, маршаан шийдвэрлэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Төрийн албаны үйл ажиллагаа харьцангуй сайн байгаа хэмээгээд, цаашид тайланд үнэлгээ хийдэг байгууллагуудын аргачлалуудыг нэгтгэхэд анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Зулпхар, Төрийн албан хаагчдын сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр баталж хэрэгжүүлнэ гэж хуульд заасан. Жил бүрийн тайлангаас харахад цөөн байгууллага ийм хөтөлбөр баталж хэрэгжүүлсэн байдаг. Гэхдээ нөөц хязгаартайгаас болоод болоод хэрэгжүүлж чаддаггүй юм байна. Цаашдаа нэгдсэн хөтөлбөртэй байх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг Төрийн албаны зөвлөлөөс гаргажээ. Ямар үндэслэлээр ийм байр суурь илэрхийлж байна вэ хэмээн асуусан.
Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, Засгийн газар төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны нэгдсэн хөтөлбөрийг батлах ёстой. 2024 онд хяналт, үнэлгээ хийхэд Засгийн газар хөтөлбөрөө албан ёсоор батлаагүй байсан. Засгийн газар хөтөлбөрөө батлаагүй бол төрийн байгууллагуудын баталсан хөтөлбөрүүдэд нь хяналт шинжилгээ, үнэлгээ хийж үзье гээд бүх төрийн байгууллагууд руу хандахад 44 байгууллага хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл ирүүлснээс 35 нь өөрийн гэсэн хөтөлбөртэй, бусад нь үйл ажиллагааны төлөвлөгөөндөө албан хаагчдаа сургана, хөгжүүлнэ, нийгмийн баталгааг нь хангана гээд тусгасан байсан. Тэгээд бид Засгийн газарт зөвлөмж чиглэлээ өгөхдөө нэгэнт хуульд заасан учир Засгийн газар нэгдсэн журмаар хөтөлбөрөө батлах нь зөв. Үүний дараа бусад төрийн байгууллагууд дэд хөтөлбөрүүдээ батлах нь зүйтэй гэж тусгасан. Хэдийгээр төрийн байгууллагууд хөтөлбөрөө баталдаг ч төсөв байхгүйгээс болоод хэрэгжилт нь туйлын хангалтгүй байна гэж үзсэн гэсэн хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүд мэдээлэл технологийн чиглэлээр төрийн албанд сайн мэргэжилтнийг ажиллуулах гэхээр цалин хөлстэй холбоотой үүсдэг асуудлын талаар, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын талаар тодруулж, байр сууриа илэрхийллээ.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцсэн.
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олгох хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн бөгөөд энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн үндэслэлийн талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн.
Дараа нь Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцсэн.
Байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар хууль тогтоолоор үүрэг болгосон үүрэг чиглэл болон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэж дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтсон юм. Өмнөх хуралдааны үеэр УИХ-ын гишүүд тайлантай холбогдуулан асуулт асууж хариулт авсан бөгөөд тайланг үргэлжлүүлэн хэлэлцэх үеэр үг хэлэх гишүүн гараагүй. Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-аас өгч байгаа үүрэг чиглэлүүдийн дийлэнх нь биелэхгүй байгааг тодотгоод, Байнгын хороодоос өгсөн үүрэг, чиглэл усанд хаясан чулуу мэт хэрэгжихгүй алга болох учиргүй гэдгийг онцлов. Тиймээс Байнгын хороод гаргасан чиглэл, шийдвэрүүдийнхээ биелэлтийг тус бүртээ авч хэлэлцдэг жишиг тогтоох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.