УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.06/ хуралдаанаар Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх холбогдох байгууллагын удирдлагын мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Байнгын хорооны эхний хэлэлцэх асуудлыг Монгол шуудан ХК-ийн дэд захирал Н.Хосбаяр танилцуулсан. Тэрбээр, 2016 оноос Төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компани болон ажиллаж байна. Монгол шуудан ХК 375 салбар нэгж, 1100 ажилтан, 210 тээврийн хэрэгсэлтэйгээр жилдээ 2,5 сая шууданг хүлээн авах, тээвэрлэх, ялган боловсруулах, хүлээлгэж өгөх үйл ажиллагааг явуулж байна гээд 2014-2024 оны орлого, ашгийн үзүүлэлт, хөрөнгийг танилцуулсан. Тус хувьцаат компани 2014 онд 10,9 тэрбумын орлоготой байсан бол 2024 онд 23,6 тэрбум төгрөг болон өсчээ. Харин 2016 оноос өнөөдрийн хүртэл 2,5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараасан бөгөөд алслагдсан байдал, зах зээлийн багтаамжаас шалтгаалан орон нутагт 1,5-2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг ч өөрсдийн нөөц бололцоогоор нөхөж ажиллаж байна гэв. Мөн тэрбээр, дэлхийн шуудангийн 192 байгууллагаас 89 дугаарт ордог гээд компанийн 2025 оны үндсэн зорилт, 2025-2028 оны эдийн засгийн төсөөлөл зэргээ танилцуулсан юм.
Тухайлбал, 2025 онд хүчин чадал, бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд цахим шилжилт, инновац нэвтрүүлэх, бизнесээ өргөжүүлэх зэргээр ажиллаж байна. Харин компанийн дунд хугацааны стратегийг тодорхойлохдоо нэгд, төрийн цахим үйлчилгээний хүргэлтийн үндсэн сүлжээ байх, хоёрт, хүргэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч сүлжээ болох, гуравт, орон даяар шуудан-логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, дөрөвт, бүс нутгийн хил дамнасан цахим худалдааны транзит тээвэрлэгч болохоор тусгасан хэмээн танилцуулаад дээрх стратегийн зорилтыг хэрэгжүүлсэнээр орон нутгийн жижиглэн худалдааны шуудан тээврийн хүргэлтийн хурдыг 5 дахин нэмэгдүүлж, Улаанбаатар хотын замын ачааллыг 10 хувиар бууруулж, төр, хувийн хэвшлийн байгууллагын цахим үйлчилгээг сумын түвшинд хамгийн бага зардлаар хүргэх, орон нутгийн иргэдэд хүрэх санхүүгийн үйлчилгээний өртгийг бууруулах, дамжин өнгөрөх транзит шуудангийн сүлжээ бэхжүүлэх, хот хөдөөгийн бараа бүтээгдэхүний үнийн ялгааг ойртуулах зэрэг дэвшил гарахаар төлөвлөж буй зэрэг үйл ажиллагаагаа танилцуулав.
Мөн хуралдаанд Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо болон “Монгол инфинити шуудан”, “Түгээмэл шуурхай шуудан”, “Юбикаб экспресс” зэрэг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн Ц.Шаравдорж, Монгол шуудангийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжлээд орон нутгийн 21 аймгийн сонины эрхлэгчид, сонин уншигчдад цаг хугацаандаа хүрэхгүй байгаа талаар гомдол гаргасан. Гомдлын дагуу хөдөө орон нутгаар явж үзэхэд сумын шууданч гэж байхгүй болсон. Харин хувийн таксины жолооч нар иргэдийн бичиг хэрэг, илгээмжийг ямар ч баталгаагүй зөөж байна. Тиймээс холбогдох дээд байгууллагуудад хандсан гэв. “Монгол инфинити шуудан” компанийн захирал Ф.Ганбаатар, шуудангийн салбарт бодлогын баримт бичиг тодорхойгүй учраас мухардмал байдалд орохоос гадна өнөө цагийн шаардлагад нийцэхгүй байна гээд шуудангийн бизнесийг шударга хүртээмжтэй байх талаар саналаа илэрхийлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Анар, Монгол шуудан хувьцаат компани дэлхийн жишигтэй харьцуулахад хөгжлийн өсөлт байхгүй, монополь байдалтай ажиллаж байна. Энэ салбарыг либералчлах талаар ямар бодлого баримтлаж ажиллах талаар асуухад ажлын хэсгээс хариулахдаа, 2025 оны 1 улирлын байдлаар Харилцаа, холбооны зохицуулах хорооноос шуудангийн сүлжээ, үйчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 93 аж ахуйн нэгж эзэмшиж байгаагаас 62 нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс шуудангийн тусгай зөвшөөрлийг 4 хуулийн этгээд эзэмшдэг. Шуудангийн тухай хуулийн 3.1.12-д заасны дагуу Монгол шуудан хувьцаат компани бүх нийтийн үүргийн хэрэгжүүлэгч, үндсэн сүлжээний оператор гэж тодорхойлсон гэж ажлын хэсгээс хариуллаа.
Мөн УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн, П. Мөнхтулга нар асуулт асууж, саналаа илэрхийллээ. Тухайлбал, Монгол Улсын шуудангийн үйлчилгээ хоцрогдож, цаг үеийн шаардлагыг хангахгүй болсон учраас хууль эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлуудыг зайлшгүй шийдэх нь зүйтэй. Хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа хувиараа хүргэлтийн үйлчилгээ эрхлэгч иргэдийн эрх ашгийг хааж боох бус дэмжих, шуудан хүргэлтийн үйлчилгээнд том саад болж буй хаягжилтийн системийг хувийн хэвшлийн оролцоотой хэрэгжүүлэх, олон улсын шуудангийн тогтолцоог нэвтрүүлэх зэргээр саналаа илэрхийлсэн юм.
Мөн орон нутгийн хэрэгцээ шаардлагыг хангахад шуудангийн үйлчилгээг сайжруулах боломж, цахим худалдааны хүргэлтийн үйлчилгээний зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах талаарх бодлого, төрийн өмчийн оролцооны 66 хувийг бууруулах эсэх талаар асуулт асууж, саналаа илэрхийлсэн юм.
Байнгын хорооны хуралдаан Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг хэлэлцсэнтэй холбогдуулан Шуудангийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн журмын биелэлтийг хянан шалгах, шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтыг сайжруулах талаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.