Цэс

Холбоо барих

Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжилд чиглэсэн бодлого, шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос “Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн стратеги ба боломж” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.05.06/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулав.


Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, О.Батнайрамдал, Р.Батболд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон холбогдох яам, агентлагын удирдах албан тушаалтнууд “Эрдэнэс үйлдвэр технологийн парк” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдэрийн газрын төлөөлөл, салбарын эрдэмтэн, судлаачид оролцсон.


Байнгын хорооны дарга Р.Сэддорж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Үйлдвэрлэл технологийн паркийн хөгжлийн стратегийн шийдлийн салшгүй хэсэг нь техник-технологийн асуудал байдаг. Бид хөгжлийг түргэтгэх нэрээр маш олон хуучирсан, эдийн засгийн эргэлтээс гарсан, байгаль орчны шаардлагад нийцэхгүй технологиудыг оруулж ирсэн жишээ олон бий. Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын эрсдэлийг нэмэгдүүлж, эдийн засгийг хүндрүүлэх, тооцогдоогүй зардлыг өсөн нэмэгдүүлэх, төслийн үр ашгийг илэрхий бууруулах олон талын сөрөг үр дагавартайг онцлон тэмдэглэв.


Түүнчлэн үйлдвэр технологийн парк нь улсын хөгжлийн стратегийн гол хөшүүрэг болохыг онцолж, цаашдын бодлогыг бодит мэдээлэл, оновчтой шийдлээр дэмжих зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг дурдлаа.


Хэлэлцүүлгийн эхний хэсэг "Үйлдвэр технологийн паркийн өнөөгийн байдал, хэрэгжилт" сэдвийн хүрээнд болж улмаар “Эрдэнэс үйлдвэр технологийн парк” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэрэг оролцогч байгууллагууд үйл ажиллагааныхаа өнөөгийн байдал, ирээдүйн зорилт, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэв. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Эрдэнэт 2031 он” дунд хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх томоохон дэд бүтэц, дижитал шилжилт, техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх стратегийн талаар танилцуулсан. Мөн үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг богиносгож, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилго бүхий инноваци, технологийн нэвтрүүлэлтийн төслүүдийнхээ талаар мэдээлсэн.


Мөн хэлэлцүүлэг "Үйлдвэр технологийн паркийн хөгжлийн онол арга зүй" сэдвийн хүрээндэх салбарын эрдэмтэн, судлаачдын зургаан илтгэл, асуулт хариулт, санал зөвлөмжөөр үргэлжилсэн.


Тухайлбал, оролцогчид Монгол Улс баялгийн илүүдэлтэй орон биш гэдгийг онцлохын зэрэгцээ эрдэс баялгийн дараагийн ордуудын талаарх хайгуул судалгааны ажлуудыг эрчимжүүлэх, дотоодын аж ахуйн нэгждээ давуу тал олгох асуудлыг тодорхойлох, технологийн түвшний үнэлгээний журмыг өөрчлөх, шинээр байгуулж байгаа үйлдвэрүүд нь байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн ач холбогдолтой эсэхийг үнэлэх, технологийн сайжруулалт, үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжилд мэргэжилтэн сургах хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай гэж байлаа. 


Хэлэлцүүлгийг хааж, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж үг хэлсэн. Тэрбээр, техник, технологийн түвшний үнэлгээний олон улсын жишиг аргачлалыг нутагшуулах, оюуны өмчийн хамгаалалтыг чангатгах шаардлагатайг онцлохын зэрэгцээ хэлэлцүүлгээс гарсан саналуудыг цаашдын бодлого боловсруулах ажилд тусган, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход шат шатны байгууллагад хүргүүлж ажиллахаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийнгазраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл