Цэс

Холбоо барих

АҮББХ: Хууль, тогтоолын биелэлт, эрчим хүний үнэ тариф, хил холболтын төмөр замын гэрээний талаарх мэдээллийг сонсов

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.05.06) хуралдаж, Эрчим хүчний болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нар, Засгийн газрын гишүүн, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны даргын мэдээллийг сонсож, Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.


Хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хангуулах талаар

Байнгын хороо Үндэсний хороог дэмжиж ажиллана

Байнгын хорооны хуралдаанд хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр танилцуулав. Тус Үндэсний хорооны хяналтанд 2024 оны эцсийн байдлаар 89 хуулийн 481, Улсын Их Хурлын 104 тогтоолын  624, Байнгын хорооны 79 тогтоолын 445, нийт 272 шийдвэрийн 1550 заалт бүртгэлтэй байгаагийн 36.7 хувь нь “бүрэн хэрэгжсэн”, 25.2 хувь нь “хэрэгжих шатанд”, 14.5 хувь нь “хэрэгжилт хангалтгүй”, 12.6 хувь нь “хэрэгжээгүй” гэж дүгнэгджээ. Хэрэгжээгүй буюу “0 хувь” гэж үнэлэгдсэн хуулийн 69, Улсын Их Хурлын тогтоолын 80, Байнгын хорооны тогтоолын 44 заалт байна.

Энэ талаарх Улсын Их Хурлын Тамгын газрын хяналт- шинжилгээ, үнэлгээний тайланд 481 хэсэг, заалт бүхий 145 хууль, Улсын Их Хурлын 103 тогтоол, Байнгын хорооны 75 тогтоолын биелэлтийг Засгийн газар тайлагнаагүй гэжээ. Тайлагнасан хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлт 53.9 хувьтай гэж дүгнэсэн байна.

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны есөн тогтоолын хэрэгжилт дунджаар 50.8 хувь буюу “хэрэгжих шатандаа” байна гэж Хяналт, үнэлгээний үндэсний хороо дүгнэсэн бол Улсын Их Хурлын Тамгын газар 47.7 хувь буюу “хэрэгжилт хангалтгүй” гэсэн дүн тавьжээ. Үүний дотор Улсын Их Хурлын 2022 оны “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 46 дугаар, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар, 2023 оны Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай 28 дугаар тогтоолыг 2.3 дахь заалт, 2024 оны “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоол, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2022 оны 08, 10 дугаар, 2023 оны 04 дүгээр тогтоолууд, “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн бүтээн байгуулалтын явцын талаар” 2023 оны 06 дугаар тогтоол зэргийн хэрэгжилт “0 хувь” гэсэн үнэлгээтэй гарсан байна.

Хууль болон Улсын Их Хурлын шийдвэрүүдийн хэрэгжилт хангалтгүй буюу хэрэгжээгүй гэж дүгнэгдсэний шалтгааныг Хяналт, үнэлгээний үндэсний хорооноос тайлангийн үзүүлэлтүүд бүрэн бус буюу харъяа байгууллагын ажлыг нэгтгээгүй, үр дүнг тайлагнаагүй, агуулгын алдаатай, бодитой бус, мөн зарим шийдвэр гарсан даруйдаа тус хорооны хяналтанд бүртгэгдэхгүй байгаа зэргээс тайлбарлаж, хэрэгжилт, хяналтыг сайжруулах, шийдвэрийг цаг тухайд нь Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт хүргэж байх, хэрэгжиж дууссан, хүчингүй болсон, дахин шийдвэр гарсан, ач холбогдолгүй болсон шийдвэрүүдийг хяналтаас хасах шаардлагатай гэсэн саналыг хэлэв.

Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн талаарх Хяналт, үнэлгээний үндэсний хорооны даргын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Үүрийнтуяа, Д.Батбаяр, Д.Батлут нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд хууль, тогтоолын хэрэгжилтэд ямар хүчин зүйлс нөлөөлж байгаа, хэрэгжилтийг хангахгүй, хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэхгүй байгаа байгууллага, албан тушаалтанд ямар хариуцлага тооцох, Үндэсний хороо болон Улсын Их Хурлын Тамгын газрын үнэлгээний дүн зөрүүтэй байгаагийн шалтгаан, хяналт шинжилгээний аргачлалыг нэг мөр болгох зэрэг асуудлыг хөндсөн юм. Мөн Улсын Их Хурлын шийдвэр орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа, цаг хугацааны хамааралтай шийдвэрүүд буюу мал аж ахуйн түүхий эд бэлтгэх, ноолуур, ноосны урамшуулал олгох, санхүүжилт, түүний журам, дүрмийг баталж мөрдүүлэх болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, түүний бэлтгэлийг хангахтай холбоотойгоор хийсэн ажлуудын талаар асууж, тодруулж байлаа. Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн зэрэг холбогдох яамд Улсын Их Хурлын Байнгын хороо, гишүүдийг үл хүндэтгэж, хуулийн хугацаанд мэдээлэл, тайланг ирүүлэхгүй, асуулт, асуулгад бүрэн гүйцэт, үнэн зөв хариулахгүй, хууль болон тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангахгүй байгаад хяналт тавьж, хариуцлага, хандлагыг дээшлүүлэх тухай асуудлыг дэвшүүлэн тавьсан юм.

Сайд Э.Одбаяр Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд хариулахдаа, Засгийн газар хоёр долоо хоногийн өмнө ноолуур худалдан авахад зориулж Монголбанктай хамтран вексель гаргахаар шийдвэрлэсэн тухай мэдээлж, түүхий эдийг үнэгүйдэхээс сэргийлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.

Дараа нь тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны чиг үүрэгтэй уялдуулан хүнд, хөнгөн үйлдвэрийн тухай, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний биржийн тухай, мал, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний гарал, үүслийн бүртгэлийн тухай зэрэг хуулийн үзэл баримтлалыг татан авч, төслүүдийг боловсруулах ажлыг түргэвчлүүлэх талаар ажиллах саналтай байгаагаа хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Замира Хяналт, үнэлгээний үндэсний хорооны тайлан хангалтгүй байгааг дурдаад, хууль болон Улсын Их Хурлын шийдвэрийн хэрэгжилтэд цаашид улирал тутам дүгнэлт хийж, танилцуулж байх, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар нарийвчлан судалж, хурдтай ажиллаж, үр дүн гаргах шаардлагатайг анхаарууллаа. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат холбогдох байгууллагатай тоо баримтаа жигдэлж ажиллах, хяналь, үнэлгээг тогтмолжуулж, дүнг ил тод, нээлттэй болгохыг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа энэ талаарх тайланг хэлэлцэхэд Улсын Их Хурлын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний нэгж оролцож байх, эрх бүхий байгууллага, албан тушаалтны ажлын хариуцлагыг сайжруулахын зэрэгцээ хууль, тогтоолыг хэрэгжих боломжтойгоор батлан мөрдүүлж байх, тэр бүгдийг нэг бүрчлэн хянаж дүгнэн, тодорхой тайлагнаж байх шаардлагатайг онцолсон юм. Байнгын хорооны дарга С.Ганбаатар Засгийн газрын хяналтын чиг үүргийг сөрөг хүчинд хариуцуулсан нь Ерөнхий сайдын хамгийн зөв шийдвэр болсныг дурдаад, хууль, тогтоолын хэрэгжилт 50.0 хувьтай байна гэдэг Засгийн газар хагас ажиллаж байгааг, Засгийн газрын гишүүдийн тал нь огцрох болзлоо хангаад байгааг илтгэж буй үзүүлэлт гэдгийг хэлж, Байнгын хороо цаашид хяналт, үнэлгээ, хариуцлагын асуудлаар Үндэсний хороог дэмжиж, хамтран ажиллана гэлээ.

Эрчим хүчний үнийн шинэчлэл, төслүүдийн талаар мэдээлэл хийлээ

Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлтийн тухай мэдээллийг Байнгын хорооны хуралдаанд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хийлээ. Тэрбээр юуны өмнө Цахилгаан, дулааны үнийн өсөлт, түүний үр дагаварын талаар мэдээлэв. Манай улсын эрчим хүчний салбарт үнэ, тарифыг бодит өртгөөс доогуур тогтоож ирсэн буюу 1.0 кВт.ц цахилгааны өртөг 280 төгрөг байхад хэрэглэгчээс авах үнийг 2023-2024 онд 216 төгрөгөөр, үүнээс айл өрхийн үнийг дунджаар 140 төгрөгөөр буюу бодит өртгөөс хоёр дахин доогуур тогтоогдож ирснийг сайд онцлоод, үүнээс шалтгаалан нүүрсний уурхай, төмөр замын тээвэр болон эрчим хүчний салбар 2024 онд нийтдээ 355 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгааг ярилаа. Хуримтлагдсан өр төлбөр 357 тэрбум төгрөгт хүрсний улмаас түлш, эрчим хүчний үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд гарах эрсдэл нэмэгдсэн зэргийг харгалзан эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртөгт нийцүүлэн шинэчлэн тогтоох зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны тарифыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс нэмэгдүүлж, дунджаар 216 төгрөгөөс 280 төгрөгт хүргэн 29.6 хувиар нэмэгдүүлсэн байна. Үүний хүрээнд, уул уурхайн олборлох боловсруулах аж үйлдвэр ангиллын дундаж тариф 294 төгрөг байсныг 342 төгрөг болгож 16.3 хувиар, бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагынх 222 төгрөг байсныг 291 төгрөг болгож 30.7 хувиар, айл өрхийнх 140 төгрөг байсныг 212 төгрөг болгож 50.8 хувиар тус тус нэмжээ.

Айл өрх эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх сонирхлыг төрүүлэх, төлбөрийн ачааллыг бүууруулах үүднээс хэрэглээнээс хамаарсан гурван шатлал бүхий тарифыг нэвтрүүлсэн байна. Энгийн тоолууртай айл өрхийн цахилгааны тариф 150 кВт.ц хүртэл хэрэглээнд 134.28 төгрөг байсныг 175.00 төгрөг болгож 30 хувиар, 151 кВт.ц-аас дээш хэрэглээнийх 154.08 төгрөг байсныг 300 кВт.ц хүртэлх хэрэглээнд 256 төгрөг болгож 66 хувиар, 301 кВт.ц-аас дээш хэрэглээнд 285 төгрөг болгож 85 хувиар тус тус нэмжээ. Мөн гурван цагийн ялгаварт тарифыг шинээр нэвтрүүлж, оройн оргил цагийн тариф өндөр, өдрийн болон шөнийн цагийн тариф доогуур түвшинд байхаар тогтоосон байна.

Тарифын өөрчлөлттэй холбоотойгоор гэр хорооллын цахилгаанаар халаалтаа шийдсэн өндөр хэрэглээ бүхий айл өрхүүдээс төлбөрийн талаар өргөдөл гомдол ирсний Эрчим хүчний зохицуулах хороо, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн хамтарсан Ажлын хэсгийг томилж, хэмжилт судалгаа хийсний үндсэн дээр гэр хорооллын айл өрхийн цахилгааны тариф хөнгөлөлт үзүүлэх журамд Засгийн газрын тогтоолоор өөрчлөлт оруулж, хөнгөлөлтөд хамрагдах хугацаа оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд байсныг өглөөний 09.00 цаг болгож гурван цагаар сунгаж, хөнгөлөлтөд хамрагдах сарын хэрэглээний дээд хэмжээг хоёр дахин нэмэгдүүлжээ.

Харин дулааны эрчим хүчний шинэчлэгдсэн тарифыг 2025 оны тавдугаар сарын 16- наас мөрдөх байсныг "Олон улсын худалдааны тарифын нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2025 оны 132 дугаар тогтоолын дагуу 2026 оны нэгдүгээр сарын 01-нийг хүртэл хойшлуулаад байна.

Тарифын шинэчлэлийн хүрээнд дээрх эерэг үр дүнгүүд гарч байгаа ч дулааны тариф болон эрчим хүчний тарифын индексжүүлэлт 2025 оны төсвийн жилд хийгдэхгүйгээс төлөвлөсөн засвар шинэчлэл болон урт, богино хугацаат зээлийн эргэн төлөлт, шинээр ашиглалтад орох орон сууцны цахилгаан, дулааны хангамжийг шийдвэрлэх асуудлууд хойшилоход хүрч байгааг Эрчим хүчний сайд мэдээлэлдээ тэмдэглэсэн юм.

Мөн тэрбээр Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн талаар танилцуулав. Тус станцыг 450 МВт-ын хүчин чадалтайгаар төлөвлөсөн бөгөөд Засгийн газрын 2023 оны 132 дугаар тогтоолоор 300МВт+150МВт гэсэн хоёр үе шатад хувааж, эхний ээлжид 300 МВт-ын төслийн гүйцэтгэгчийг барилга угсралт болон санхүүжүүлэх эх үүсвэрийг хамтатган EPC+F хэлбэрээр сонгон шалгаруулах, мөн EPC+F гэрээний 30 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК хариуцахаар шийдвэрлэсэн юм. Сонгон шалгаруулалт зарласан боловч оролцогч компаниуд гомдол маргаан гаргаснаас болж хуулийн хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсноор тендер хүчингүй болжээ.

Эдүгээ дахин тендер зарлаж, сонгон шалгаруулалт явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа талаар сайд Б.Чойжилсүрэн тодорхой дурдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд "түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ" байгуулах зохицуулалтуудыг хассан тул ЕРC (engineering, procurement and construction) нөхцөлтэй тендер зарлах боломжгүй болсон, туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажлын дээд хэмжээг 20.0 хувиар хязгаарлаж, туслан гүйцэтгэгчийн ажлын туршлагыг ерөнхий гүйцэтгэгчийн туршлагад тооцохгүй байхаар хуульчилсан, жишиг гэрээ нь төвөгшил өндөртэй, урьдчилан тооцоолоогүй нөхцлүүд бий болдог төслүүдийн шаардлагыг хангахгүй, Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулагдаагүй, EPC+Financing нөхцөлтэй тендер зарласан тохиолдолд барилга угсралтын үнэ болон санхүүжилтын зардлыг хэрхэн хэрхэн үнэлэх зохицуулалт тодорхойгүй зэрэг хүндрэл бэрхшээл тулгараад байгааг дурдсан юм. Мөн төслийг барих-шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэхэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн зохицуулалт хязгаарлагдмал байгааг танилцуулав. Иймд Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийг Эрчим хүчний тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлэх боломж бий болгож ажиллах саналтай байгаагаа сайд дурдлаа. Үүний хүрээнд цахилаан станцын төслүүдийг хувийн хэвшилтэй хамтарч санхүүжүүлэх, хувийн хөрөнгө оруулалттай төслүүдэд өрсөлдөөн үүсгэх эрх зүйн зохицуулалт бий болгох нь зүйтэй гэж үзэн хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад байгаа ажээ.

Түүнчлэн тэрбээр БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн төвийн дулаан хангамжийн системийг сайжруулах төслийн тухай танилцуулав. Энэ төслөөр 20-30 Гкал/ц буюу нийт 255 Гкал/ц хүчин чадалтай 10 дулааны станц, 66 км дулаан дамжуулах шугам, 88 дулаан дамжуулах төвтэй төвлөрсөн системийг шинээр барихаар төлөвлөсөн байна. Засгийн газар, БНСУ-ын Экспорт-Импорт банктай 2018 онд зээлийн хэлэлцээр хийж, төслийг 148.7 сая ам.доллараар хэрэгжүүлэхээр үзэглэн, үүний дагуу дулааны станц, дамжуулах төвийн цахилгаан хангамж, цэвэр ус, ариутгах татуурга, холбоо, шугам сүлжээний хоёрдугаар хэлхээний ажлуудын нийт 294.1 тэрбум төгрөгийн төсвийн 190.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган гүйцэтгэж эхэлсэн байна.

Архангайгаас бусад аймгуудын дулаан станцын барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан Инженеринг” компани шалгарч гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2026 оны тавдугаар сард дуусах юм. 2022 онд эхэлсэн барилга угсралтын ажил одоогийн байдлаар 44-47 хувьтай, “Бьюксан Инженеринг” компани дампуурч болзошгүй нөхцөлтэй байна. Тус компани өөрийн улсын шүүхэд дахин хөрөнгөжүүлэх эрх зүйн зохицуулалт хүсээд байгаа ба шүүхийн шийдвэр гараагүй байгаа юм. Иймд төслийн хэрэгжилтийн талаар БНСУ-ын Экспорт-Импорт банкны төлөөлөгчид манай улсад ирж ажиллан, хуулийн болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гуравдагч байгууллага ажиллуулах талаар тохиролцжээ.

Мэдээллийнхээ төгсгөлд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн талаар товч дурдаж, нийт 300 МВт хүртэлх салхины, 200 МВт хүртэлх нарны цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад байгаагаа танилцууллаа. Төслүүдийг хэрэгжүүлэх газрын зөвшөөрлийг орон нутгийн удирдах байгууллагуудаас эхнээс нь гаргуулж байгаа бөгөөд Дундговь аймгийн Мандалговьд 100 МВт-ын салхин станц байгуулах төслийг хэрэгжүүлэхээр салхины нарийвчилсан хэмжилт хийж байгаа аж. Мөн Увс аймгийн Өмнөговь суманд 15 МВт/60 МВт.ц-ын батарей хуримтлуурын системтэй, нийт 20 МВт-ын нарны, Баян-Өлгий аймгийн Өлгийд 15 МВт/60 МВт.ц-ын батарей хуримтлуурын системтэй, мөн 20 МВт-ын, Хэнтий аймгийн Өндөрхаанд 15 МВт/30 МВт.ц-ын батарей хуримтлуурын системтэй, нийт 15 МВт-ын, Сүхбаатар аймгийн Баруун-Уртад 10 МВт-ын, Дорнод аймгийн Тамсагт 12 МВт/48 МВт.ц-ын батарей хуримтлуурын системтэй, нийт 20 МВт-ын, Баянхонгор аймагт 10 МВт/20 М,Вт.ц-ын батарей хуримтлуурын системтэй, нийт 10 МВт-ын нарны цахилгаан станцуудын төсөл сонгон шалгаруулах аукцион зарлах бэлтгэл хангасан байна.

Эрчим хүчний сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл, Д.Бум-Очир, Д.Энхтуяа, Б.Уянга, Г.Очирбат, Д.Үүрийнтуяа, Г.Лувсанжамц, Б.Пунсалмаа, С.Энхцэцэг, Г.Хосбаяр, Д.Батлут, Д.Жаргалсайхан, Б.Тулга, С.Замира, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл техникийн шинэчлэл хийх сумдын тоонд Баян-Өлгий аймгийн хэдэн сумд хамрагдаж байгааг асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Д.бум-Очир үнийн өсөлт айл өрх, ард иргэдийн амьдрал ахуйд хэрхэн нөлөөлсөн, ядуурлын түвшний өсөлтөд шалтгаалсан эсэхийг асууж хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа үнэ тарифыг өсгөснөөр хуримтлагдаж бий болсон хөрөнгөөр хэрэгжүүлсэн ажлууд, сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын тухай, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга дулааны шинэчилсэн тарифын хэрэгжилт, Тавантолгойн дулааны станцын төсөлтэй холбоотой хуулийн төсөл, 10 аймгийн дулааны станцын зээлийн хүү, төлбөр зэргийг тодруулан лавлав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат ногоон эрчим хүчний хэрэглээг дэмжих бодлого, айл өрх, аж ахуйн нэгж бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломж, өөрийн хэрэгцээнд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж буй иргэд хэрэглээнээсээ илүү гарсан хэсгийг төвийн шугамд нийлүүлэх бололцоо бүрдсэн эсэх, хөрөнгө оруулалт, ухаалаг технологийг дэмжсэн эрх зүйн орчин бүрдүүлэх талаар хийсэн ажлууд, эрчим хүчний төрийн өмчит компаниудын засаглал, нээлттэй хувьцаат компани болгох зорилтын хэрэгжилт, эрчим хүчний мега төслүүдийн хэрэгжилт, экспортын стратеги зэргийг хөндөж, үнэ тарифын харьцуулсан судалгаа хийсэн эсэх, урьдчилсан тоолуурт шилжих бэлтгэлийг хэхщрхэн хангаж байгаа, Бөөрөлжүүтийн болон Баянгийн сэргээгдэх эрчим хүчний станцуудын бүтээгдэхүүн үнэ, Баянгийн станцтай Б.Чойжилсүрэн сайд хамааралтай эсэх, мөн сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн гэрээ, үнэ тариф, Улаанбаатар хотод газын түлш хэрэглэх зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа өртөг зардлыг бууруулах үйл ажиллагаа, үнэ тариф тогтооход баримталж буй хүчин зүйлс, сэргээгдэх эрчим хүчний системд эзэлж буй хувь хэмжээ зэргийг асууж, эрчим хүчний системд хувийн хөрөнгө оруулалт орж ирэх боломж хомс байгааг Эрдэнэтийн цахилгаан станцаар жишээлэн ярив. Эрдэнэтийн цахилгаан станц үйлдвэрлэсэн эрчим хүчээ төвийн системд 183 төгрөгөөр нийлүүлээд тэндээс өөрийн хэрэглээний цахилгааныг 342 төгрөгөөр худалдан авч хэрэглэсээр ирсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц Эрчим хүчний яамнаас гэр суурингийн өрхүүдэд дулаан алдагдал, эрчим хүчний хэмнэлт, утааг бууруулах талаар хэрхэн зөвлөсөн, дулаан хангамжийн технологийн талаарх төрийн бодлогыг тогтвортой байлгахад яаж анхаарч буйг асуув. Бодлого тогтворгүй, тодорхойгүйгээр айл өрхүүд амьдрал ахуйдаа хөрөнгө оруулахгүй, эрчим хүчний хангамж, технологи, түлшний өөрчлөлт хийхгүй, хүлээсэн, харсан байдалтай байгааг тэрбээр анхааруулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа энгийн ачааллын үед эрчим хүчийг нөөцөлж, оргил ачааллын үед хэрэглэх боломжийн талаар, айл өрхүүд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээсээ өөрийн хэрэглээнээс илүү гарсан хэсгийг бусад айл өрхөд нийлүүлэх тухай журмын хэрэгжилт ямар байгааг, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад шинээр байгуулахаар төлөвлөсөн сэргээгдэх эрчим хүчний төслүүд ямар шатандаа яваа, өрсөлдөөнт зах зээлийг дэмжих бодлого баримталж байгаа эсэх тухай, Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр Баянхонгор аймагт бэлтгэж байгаа 10 мВт-ын сэргээгдэх эрчим хүчний төсөл, Арвайхээрт мөн ийм зориулалтаар 300 га газар олгосон талаар тодруулж, зогсонги байдалд орсон 10 аймгийн дулааны станцын төслийг хэрхэн үргэлжүүлэх, Өвөрхангайд төлөвлөж байгаа нүүрсний станцын тухай асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийн өөрийн өртөгт нөлөөлж байгаа зүйлс, өртгийг бууруулах талаар хийж байгаа алхмууд, үйлдвэрүүдийг хувьчлах талаарх бодлогын талаар хөндөж ярив.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан, Б.Тулга нар Орхон-Онгийн сэргээгдэх эрчим хүчний болон Байдрагийн усан цахилгаан станц, Тавантолгойн дулааны цахилгаан станц, хийлийн боомтод экспортын зориулалттай эрчим хүчний үйлдвэр барихад олгох зөвшөөрөл, рхийн үйлдвэрлэсэн цахилгааныг бусдад өрхөд нийлүүлэх журам Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжихгүй байгаагийн шалтгаан зэрэг тодорхой төсөл, арга хэмжээний талаар асуусан бол Улсын Их Хурлын гишүүн С.Замира манай улсын тогтолцооны гажуудлыг засаж залруулах, үнийг чөлөөлөх, мега төслүүдийг хэрэгжүүлэх талаар шийдвэртэй алхам хийх шаардлагатайг онцлоод, Оюутолгой компани БНХАУ-аас эрчим хүч авч буй зэрэг гадны эрхшээлт байдлыг шийдвэрлэх, ОХУ болон БНХАУ-аас өндөр үнээр худалдан эрчим хүч худалдан авч байгааг хөрөнгө оруулалт байдлаар тохиролцож, дотоодын эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломж бүрдүүлэхэд бодлогоо чиглүүлэх нь зүйтэй гэсэн юм. Байнгын хорооны дарга С.Ганбаатар эрчим хүчний салбарын нөхцөл байдал, цаг үеийн асуудлыг яаман дээр газар нь танилцах, ажил хэргийн уулзалт зохион байгуулах санал гаргаж, эрчим хүчний үнэ тариф төрийн зохицуулалттай байх ёстой гэсэн байр сууриа илэрхийлээд, нүүрсний салбарыг дэмжиж ажиллах шаардлагатайг тэмдэглэсэн юм.


Хил дамнасан төмөр замын хэлэлцээрийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонсов

Байнгын хорооны хуралдаанаар дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргалаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын 2024 оны 58 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо. Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” уг тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.

Тогтоолын хүрээнд хятадын талтай хэлэлцэж, "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулсныг Улсын Их хурал гуравдугаар сарын 27-нд баталсан юм. Уг хэлэлцээр болон хоёрдугаар сарын 15-нд байгуулсан хоёр талын ажлын хэсгийн хамтарсан уулзалтын протоколын дагуу Нүүрс худалдах, худалдан авах урт хугацаат гэрээ, Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, Гашуун сухайт Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам барих гэрээний яриа хэлэлцээ идэвхтэй хийгдэж, эцэслэх шатандаа явж байгааг сайд танилцуулаад, Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 14-нд төмөр замын төслийн шавыг тавихаар бэлтгэж байгаагаа мэдээллээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, Д.Жаргалсайхан, Ж.Золжаргал, Байнгын хорооны дарга С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлсэн юм. Мэдээллийг сонсох хүсэлт гаргасан Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал нүүрсийг сорчлон олборлохгүй байх, Онч хараат, Бортолгойн ордуудыг ашиглах тухай заалтуудын хэрхэн уялдаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж буй талаар асуусан юм. Энэ асуултад сайд Ц.Туваан хариулахдаа, эхний гурван жилд жил тутам 5.0 сая тонн, дараагийн хоёр жилд жил тутам 6.0 сая тонн нүүрсийг Баруун, Зүүн Цанхиас олборлох бөгөөд хатуу коксжих, 1/3-ийн коксжих, эрчим хүчний нүүрс 55, 35, 10 гэсэн харьцаатай байна гэв. Мөн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлсний үндсэн дээр 2030 оноос 11 жилийн хугацаанд жил тутам 20.0 сая тонн нүүрс өгөхөөр гэрээнд тусгаж байгаа бөгөөд энэ үед коксжих болон эрчим хүчний нүүрсний харьцаа 70, 30 байх ажээ.

Улсын Их гишүүд тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал боомтын хил холболтын төмөр замын асуудлыг хөдөлгөж урагшлуулах, хэлэлцэж байгаа гэрээнүүдэд Хятадын тааас ямар нөхцөл, санал тавьж байгаа зэргийг асууж, хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын тогтоолд тусгасан дайвар заалтуудыг хэрэгжүүлэхдээ болгоомжтой хандах шаардлагатайг зөвлөв.


Ажлын хэсгийн удирдамжийг батлав

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн биелэлтийг хангуулах болон тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргааны байгууллагатай хэрхэн харьцаж байгаа талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус ажлын хэсгийг Байнгын хорооны энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн С.Замира ахлан ажиллаж буй юм.

Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 70.0 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа. Тогтоолоор санал дүгнэлт, шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтааж, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл