Цэс

Холбоо барих

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс хянан шийдвэрлэх ажлаа эхлүүллээ

Төрийн албаны зөвлөлийн төрийн албан хаагчийн төлөөлөл болох хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан бөгөөд Төрийн албан тухай хуулийн 68.2-т “Зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна. Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо батална” гэж заасан.

Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авч дууссан.

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулсан Сонгон шалгаруулалтын комисс нь материал ирүүлсэн нэр бүхий зургаан оролцогчийг бүртгэх эсэх асуудлыг “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу хянан шийдвэрлэх ажлыг эхлүүллээ. Төрийн албан хаагчийн төлөөллийн сонгон шалгаруулалтад Д.Баатарсайхан, Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Д.Одхүү, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарын зургаан оролцогч материал ирүүлсэн байна.

Сонгон шалгаруулалтын комисс нь Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөл, Жендэрийн үндэсний хороо, Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын төлөөлөл бүхий долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо сонгон шалгаруултад оролцохоор материалаа ирүүлсэн оролцогчдыг журмын 2.1.3, 2.1.5, 2.1.6-д заасан шаардлагыг хангаж буй, эсэх талаар холбогдох байгууллагуудаас лавлагаа, мэдээлэл авлаа.

Тус комисс өнөөдөр /2025.05.07/ хуралдаж, төрийн албан хаагчдын төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн зургаан иргэний материал, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагаа, мэдээлэлтэй танилцаж, шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзээд санал, дүгнэлтээ гаргахаар ажиллаж байна.

Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл