Цэс

Холбоо барих

Ажлын хэсэг Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслөө танилцуулан хэлэлцүүлэг өрнүүллээ


Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс өнөөдөр /2025.05.07/ Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Олон улсын хөгжлийн хөтөлбөр, яам, агентлаг, малчид, тариаланчид, фермерүүдийн төлөөлөл оролцов.


Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Мандхай Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулав. Тус хуулиар төрөөс баримтлах бодлогын суурь зарчмуудыг тодорхойлж, бүсчлэл, төрөлжилт, тогтвортой хөгжил, түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэлхээ, өртгийн сүлжээ, хүний нөөц, салбарын бүртгэл мэдээлэл, хяналт болон эрсдэлийн шинжилгээ, үнэлгээ, удирдлага, оролцогч талуудын эрх, чиг үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ.


Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай, Хөдөө аж ахуйн харилцааг зохицуулсан 27 хууль бий. Хэдийгээр салбарын хуулиуд шинэчлэгдсэн боловч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн малгай хууль байхгүй. Үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” хөдөлгөөнүүдийг эрчимжүүлж, үр нөлөөтэй болгох зорилгоор Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг боловсруулсан. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь манай улсын хүн амын гол нэрийн хүнс, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн зонхилох хэрэгцээг хангаж, хүнс, хөнгөн аж үйлдвэр, худалдаа, үйлчилгээний салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортод шууд болон дам хэлбэрээр онцгой үүрэг гүйцэтгэдэг салбар билээ. Монгол Улсын нийт ажиллах хүчний 23.7 хувь буюу 321.3 мянган хүн тус салбарт ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбарын эзлэх жин 2024 онд 7.4 хувь болсон нь 2020 онтой харьцуулахад 5.6 пункт хувиар буурсан байна.

Мөн хөдөө аж ахуйгаас зах зээлд нийлүүлж байгаа түүхий эд, бүтээгдэхүүнд чанараас хамаарсан үнийн ялгавартай тогтолцоо байхгүй, чанарыг бус тоо хэмжээг харгалзан мөнгөн урамшуулал төрөөс олгож байгаагаас үйлдвэрлэл эрхлэгчид, бэлтгэн нийлүүлэгчид бүтээгдэхүүний чанарт анхаарахгүй байна гэлээ.

Хөдөө аж ахуйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өвөрмөц онцлогийг харгалзан цогц байдлаар авч үзэхгүйгээр зөвхөн нэг талаас нь харж шийдвэрлэх, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн уялдаа, холбоо дутмагаас бие биеэ тэтгэн хөгжүүлэх талаар дорвитой үйл ажиллагаа явагдахгүй, төрийн дэмжлэгийн зааг ялгаа их байгаагаас бие биенээ үгүйсгэн шахах, маргаан үүсгэх асуудал хурцдахад хүргэх, эдийн засгийн зарим арга, хөшүүргийг буруу хэрэглэх, төрөөс дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлэхгүй байх, гадаадын зээл, тусламжийн төслийн хөрөнгө оруулалтыг оновчтой ашиглахгүй, технологи нэвтрүүлэлт, мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээний эрх зүйн зохицуулалт байхгүй, хүний нөөцийн бодлого, залгамж чанар алдагдсан талаар эрдэмтэд, судлаачид анхааруулсаар байгааг тодотгосон.


Иймд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх, төрөлжүүлэн хөгжүүлэх бүс нутгийг тодорхой болгох, түүхий эд, бүтээгдэхүүний өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоо, бүртгэл, хяналтыг сайжруулах, мал, амьтны гоц халдварт өвчнөөс эрүүл бүс тогтоох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэлийг үнэлэх, хариу арга хэмжээ авах, үйлдвэрлэлийн цар хүрээ, чиглэлээс хамаарч төрөө үзүүлэх дэмжлэгийн шалгуур, хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалахад чиглэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна гэв.


Монголын махны холбооны гүйцэтгэх захирал, Мал эмнэлгийн ухааны доктор Н.Батсуурь, Хөдөө аж ахуйн салбар бол манай улсын эдийн засгийн тулгуур юм. Тогтвортой хөгжлийг хангах нь төрийн бодлогын чухал асуудлын нэг. Аж ахуй, эдийн засгийн салбарын хувьд хууль, эрх зүйн орчин сул байна. Монгол Улсын хөгжлийн бодлогууд тодорхой боловч хөдөө, аж ахуйн салбарт хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь зохицуулах, үр дүнг нь хянахад эрх зүйн зохицуулалт алга гэсэн юм.

Тэрбээр энэхүү хууль батлагдвал салбарын эдийн засгийн гол харилцааг зохицуулна хэмээгээд, тухайлбал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, төрөл, кластер, нийлүүлэлтийн гинжин хэлхээ, бүтээгдэхүүний нэмэгдсэн өртгийн сүлжээ, хөдөө аж ахуйн бүсчлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн удирдлага, үйлдвэрлэлийн шинжлэх ухаан, технологийн болон чанарын удирдлагын талаарх зохицуулалтыг тусгана хэмээн тодотгосон.

Хуулийн төсөл, үзэл баримтлалтай холбогдуулан оролцогчид асуулт асууж, санал хэлэв.

Оролцогчдын зүгээс хуулийн нэр томъёог хүн бүрт ойлгомжтой болгохоос гадна хөдөө, аж ахуйн салбарын уялдаа холбоог сайжруулах, генетикийн нөөцийн талаар олон улсын туршлагыг судлах, хадлан, бэлчээр сэлгэлт, ус, ой, цаг уурын асуудлыг онцгойлон анхаарахыг хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл