Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.05.07)-ийн хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай Улсын Их Хурлын гишүүний асуултын хариу болон хууль, тогтоолоор үүрэг, чиглэл өгсөн Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонсож хэлэлцэв.
Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандан гурван асуулт тавьсан юм. Эхнийх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өнгөрөгч 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн 660.0 мянган төгрөг болгож өсгөсөн атал 2025 оны дөрөвдүгээр сарын 01-нээс дахин нэмж 792.0 төгрөг болгосон нь хоёр жилд нэг удаа шинэчлэн тогтоохоор заасан хуулийн хугацааг зөрчсөн эсэх тухай, дараагийнх нь уг доод хэмжээг ийнхүү нэмэгдүүлснээр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, улсын төсөвт ирэх ачаалал хэрхэн тооцсон тухай байлаа. Гурав дахь асуулт нь хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулаагүй аж ахуйн нэгж, байгууллагын ажиллуулбал зохих орон тоо тутамд ногдох төлбөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байхаар хуульд заасны дагуу болон гадаадаас ажиллах хүч авч байгаа аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй нөлөөллийн судалгааны тухай юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан дээрх асуултуудад хариулт өгөхдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны шийдвэр, гурван талт хэлэлцээрийн заалтыг үндэслэн нэмэгдүүлснийг дурдаж, холбогдох талуудын санал, удаа дараагийн шаардлага, хамтарсан ажлын хэсгийн нарийвчилсан судалгаа, тооцооллыг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Мөн тэрбээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр энэ хэмжээгээр цалинждаг ажилчин, албан хаагчдын цалин хөлс нэмэгдэхийн зэрэгцээ хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний, амаржсаны, ажилгүйдлийн зэрэг тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж буйг дурдаад, нөгөөтэйгүүр сайн дурын болон төрөөс хариуцаж буй даатгуулагчдын шимтгэл төлөлт, ажил олгогчийн цалингийн зардал өсөхөөр байгааг хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сангийн орлого 129.9 тэрбум төгрөгөөр өсөх бол тус сангийн зарлага 38.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг тэрбээр тооцоо судалгаа дурдан танилцууллаа.
Зохих орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулаагүйн төлбөрөөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2024 онд 4346 хүний 7.1 тэрбум төгрөг төвлөрсөн бол энэ оны гуравдугаар сарын 25-ны байдлаар холбогдох, хууль, журмыг үндэслэн 125 байгууллагын 4239 гадаад иргэнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлжээ.
Үндэсний статистикийн хороо болон Монголбанкны хийсэн тооцооллоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлт сарын инфляцид 0.02 нэгж хувиар нөлөөлөх буюу үндсэндээ нөлөөгүй гэдгийг сайд мэдээлэлдээ дурдаж, харин дээрх хэмжээг нэмэгдүүлэхгүй байснаар цалин багатай ажилтан болон тэдний гэр бүлийн өрхийн хэрэглээ хязгаарлагдаж, амьжиргааны түвшин буурах, залуучууд гадаадад ажиллахыг эрмэлзэх, мэргэжлийн боловсон хүчний хомсдол үүсэх, ажилтны сэтгэл ханамж, хөдөлмөрийн бүтээмж муудах, нийгмийн тэгш бус байдал нэмэгдэж, амьдралын чанар доройтох зэрэг сөрөг нөлөөлөлтэйг онцолсон юм. Цаашид Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага болон бусад улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дундаж цалингийн 40–66 хувьтай тэнцүү байх ёстой гэх хэм хэмжээг нэвтрүүлэх, үүнийг ямар нэгэн төлбөр, шимтгэл тогтоох хэрэгсэл болгон ашиглахыг болиулж үндсэн зорилгын дагуу бага цалинтай ажилтны цалин хөлс, орлогыг хамгаалахад чиглүүлэх, ур чадварт тохирсон цалин олгож монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх бодлогын болон эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэсэн юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэлтэй холбоогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, М.Ганхүлэг, Ц.Идэрбат, Х.Булгантуяа, Б.Бейсен, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэбат, Байнгын хорооны дарга Л.Энхнасан нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүний үүрэг, ач холбогдлыг олон нийтэд зөвөөр ойлгуулах, өсгөн нэмэгдүүлэхээс болгоомжлох бус харин ч аажмаар, тогтмол нэмэгдүүлэх замаар зорилтот түвшинд хүргэх, хөдөлмөрийн үнэлэмжийг өсгөх, эдийн засгийн өсөлтийн өгөөжийг цалин хөлсөөр дамжуулан иргэдэд хүртээх, албан бус болон хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад, малчдад үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, холбогдох хуулийг цаг үеийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн шинэчилж өөрчлөх, сурталчлан таниулах, үүнтэй холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд ахмад настнууд, тэтгэвэр, тэтгэмж хүртэгчдийн төлөөллийг оруулах, мал аж ахуйн салбарын хөдөлмөрийн харилцааг хуулийн зохицуулалттай, тогтвортой болгох зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цалин хөлсний бүсийн нэмэгдэлд нөлөөлөхүйц байдлаар шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийг орлогыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх талаар саналаа хэлж, ахмад настны асуудал, тэтгэврийн зээл, нийгмийн түншлэлийн гурван талт механизм болон ажлын цагийн зохицуулалт, цагаар ажиллах боломжийг нэмэгдүүлэх гэх мэт асуудлуудаар байр сууриа илэрхийллээ.
Асуулт асуусан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа цагаар ажиллахтай холбоотой хөдөлмөрийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг цалин хөлс, түүний доод хэмжээтэй уялдуулаагүйгээс улсын төсөвт санхүүгийн дарамт үүсгэх байдал бий болсныг дурдаж, энэхүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоосон торгууль, төлбөр, шимтгэлийн асуудлыг өөрчлөн шинэчлэх шаардлагатайг тэмдэглэв. Уг доод хэмжээг хоёр жилд нэг удаа өөрчилж байхаар хуульчилсан нь нэг талаар цалин олгож буй ажил олгогчдын бизнесийн тогтвортой хөгжлийг хамгаалсан бодлого гэдгийг тэрбээр сануулж, улсын төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дараа энэ шийдвэр гарсан тул хууль зөрчсөн гэж үзэж байгаагаа дурдлаа.
Дараа нь хууль, Улсын Их Хурлын тогтоолоор өгсөн үүрэг, чиглэлийн биелэлтийг Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр танилцууллаа. Тус Үндэсний хорооны үнэлгээний хяналтад 2024 оны эцсийн байдлаар нийт 272 хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолын 1550 заалт бүртгэлтэй байгаагийн хэрэгжилт нь дунджаар 66.4 хувьтай гарсныг тэрбээр мэдээлэв. Үүнээс 196 буюу 12.6 хувь нь “хэрэгжээгүй” гэж дүгнэгджээ.
Хяналтад байгаа Нийгмийн бодлогын байнгын хорооны дөрөв, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороотой хамтарсан 13, нийт 17 тогтоолын Засгийн газар болон холбогдох этгээдэд үүрэг чиглэл өгсөн 100 заалтын хэрэгжилт 85.3 хувьтай байна. Хяналт, үнэлгээний үндэсний хорооны тайланд Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн дүн шинжилгээгээр Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг 64.8 хувь гэж тооцсон байна. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах эрүүл мэндийн салбарыг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, В, D гепатит вирусийн халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, эмчлэх зэрэг асуудлаарх нийт есөн тогтоолын 35 заалтын биелэлтийг Засгийн газраас тайлагнаагүй бол эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг эрсдэлийн албан журмын болон сайн дурын даатгалд хамруулах, ахмад настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгаалал, эрхийн хэрэгжилтийн талаарх гурван тогтоолын таван заалтын хэрэгжилт “0 хувь” буюу “хэрэгжээгүй” гэсэн үнэлгээтэй гарсан байна.
Хууль, тогтоолын хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэгдсэн болон хэрэгжээгүйн шалтгаан, нөхцөлийг Хяналт, үнэлгээний үндэсний хороо тайлангийн үзүүлэлтүүд бүрэн бус, ажлын нэгтгэл хангалтгүй, агуулгын алдаатай, бодитой бусаар тайлагнасан зэргээс болж байна гэж тайлбарласан юм. Мөн хэрэгжиж дууссан, хүчингүй болсон, дахин шийдвэр гарсан, ач холбогдолгүй болсон шийдвэрүүдийг хяналтаас хасах шаардлагатай гэсэн санал гаргалаа.
Хууль, тогтоолын биелэлтийн талаарх Хяналт, үнэлгээний үндэсний хорооны даргын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, М.Ганхүлэг, Д.Ганмаа нар байр сууриа илэрхийлж, Засгийн газар болон холбогдох байгууллагад Улсын Их Хурлаас өгсөн үүрэг, чиглэлийн биелэлт хангалтгүй байгаад харамсаж байгаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийн эрх, хөгжлийн тухай шийдвэр, хүний хөгжлийн асуудлуудын биелэлт “0 хувь”-тай, хэрэгжээгүй, тайлагнаагүй байгааг яах ёстой гэсэн асуулт тавьсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн парламент, Байнгын хорооны хянан шалгах чиг үүргийг бэхжүүлэх, өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтэд онцгой анхаарах цаг болсныг онцолсон юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх, төсөв санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулах, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог бодит байдалтай нийцүүлэн, боловсронгуй болгох тухай ярьж, Засгийн газрын байр суурийг асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Хяналт, үнэлгээний үндэсний хорооны бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, Засгийн газрын хяналтын ажил, аргачлал, хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудад зөвлөмж өгөх, хамтран ажиллах болон хангалтгүй ажилласан тохиолдолд хүлээлгэ хариуцлагын асуудлыг хөндөж, хяналт шалгалтыг хамтран ажиллах арга барилаар тодорхой, үр дүнтэй, ил тод хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа хяналт, үнэлгээний тайланд салбар дундын үйл ажиллагааг уялдаатай үнэлж дүгнэх, энэ талаар тайлагнаагүй тохиолдолд хэрхэх зэрэг олон талын учир дутагдал байгааг дурдаж, эрүүл мэнд, нийгэм, хүн ам, боловсролын салбаруудын аль алинд хамаарах олон шийдвэрийн биелэлтийг тайлагнаагүй, эдгээрийг хамруулж тооцвол хэрэгжилтийн хувь ердөө 20 болж буурахаар байгаа тул тайлан, мэдээллийг гүйцээн бүрдүүлсний дараа асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасан юм. Энэ саналаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Улсын Их Хурал, Байнгын хорооноос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг тайлагнаагүй болон хангалтгүй биелүүлсэн яамдаас тайлбарыг бичгээр авахаар тогтлоо.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг Хүний эрхийн үндэсний Комисс (ХЭҮК) Улсын Их Хурлын чуулганы 2025 оны тавдугаар сарын 01-ний нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Тус илтгэлийг зургаан бүлгийн хүрээнд боловсруулж, Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар нийт 45 саналын хамт ирүүлсэн юм. Илтгэлийг хэлэлцсэний үндсэн дээр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шийдвэр гаргаж, ХЭҮК-оос ирүүлсэн саналуудыг холбогдох Байнгын хороодод хуваарилан шилжүүлсэн юм. Эдгээрээс Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаарх дөрөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн асуудлаарх тавдугаар бүлгийн нийт 13 саналыг Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлснийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Дөрөвдүгээр бүлгийн дөрвөн саналыг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул танилцуулав. Тэрбээр олон нийтийн сүлжээ, цахим технологийг ашиглан үйлдэгдэж байгаа хүчирхийллийн гэмт хэргийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар товч танилцуулж, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр оруулж буй саналуудыг дурдав. Үүнд, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд энэ төрлийн гэмт үйлдэлтэй үр дүнтэй тэмцэх шаардлагыг хангахуйц нэмэлт өөрчлөлт оруулах, Эрүүгийн хуулийн 14.1 ялгаварлан гадуурхах, 10.4 хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, 11.7 гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, 13.1 хүн худалдаалах, 13.5 заналхийлэх, 13.12 хууль бусаар мөрдөж, мөшгих зэрэг гэмт хэргүүдийн хүндрүүлэх нөхцөл байдалд цахим орчныг ашиглан үйлдсэн шинжийг нарийвчлан тусгах, технологи, цахим орчин ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргийг мөрдөн шалгах, цахим нотлох баримтыг илрүүлэх, бэхжүүлэх, үнэлэх аргачлал боловсруулж, үе шаттай сургалт явуулах замаар цагдаагийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, урьдчилсан сэргийлэх, хүүхэд, эмэгтэйчүүд, залуучуудад зориулсан мэдээлэл, нөлөөллийн үйл ажиллагааг төлөвлөж, бүх талуудыг оролцуулан хэрэгжүүлэх зэрэг тодорхой саналуудыг дэвшүүлсэн юм.
Тавдугаар бүлгийн есөн саналыг ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан танилцууллаа. Тус Комисс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бэлгийн хүчирхийлэлд өртөн хохирч буй хүүхдүүд, тэдний эрхийн асуудлаар дараах саналыг гаргажээ.
1. Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн статистик мэдээллийг нарийвчлан бүрдүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл буюу криминологийн судалгааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог бүх байгууллагын төлөөллийг оролцуулан дэлгэрэнгүй хийх, судалгааны үр дүнг үндэслэсэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх арга хэлбэрийг шинэчлэх;
2. Педофил буюу бага насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орж таашаал авдаг гаж зан үйлийн эмгэгтэй гэмт хэрэгт холбогдогчид сэтгэцийн шинжилгээ хийх журам, энэ төрлийн эмгэгийг оношлох, эмчлэх, эмгэгтэй хүнд хяналт тавих эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
3. Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийг хамгаалсан, дахин хохирохоос урьдчилан сэргийлсэн тусгай журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлан зохицуулах;
4. Насанд хүрээгүй болон бага насны хохирогчоос мэдүүлэг авах ажиллагааг мэргэжлийн, бэлтгэгдсэн сэтгэл зүйч эсвэл нийгмийн ажилтнаар ярилцлага хийлгэх замаар дагнан, нэг удаа, чанартай, шуурхай явуулж, үүнийг дуу, дүрсний бичлэгээр баримтжуулж нотлох баримтад тооцох хуулийн зохицуулалтыг бий болгох;
5. Хүүхдээс гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн газраас өөр хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй орчинд авах зохицуулалтыг хийх;
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч хүүхэд заавал өмгөөлөгчтэй оролцох эрх зүйн зохицуулалтыг сэргээх;
7. Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд учирсан хохирлыг заавал тодорхойлж, тогтоох, тэр дундаа нөхөн сэргээх, сэтгэл заслын зардлыг хэргийн хамт шийдвэрлэдэг болох, хохирлыг эхний ээлжид төрөөс гаргаж, төр гэм буруутай этгээдээс дараа нь гаргуулдаг байх зохицуулалтыг хийх;
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхэд хамгааллын тогтолцооны хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газрын оролцоог нэмэгдүүлэх;
9. Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт гагцхүү мэргэшсэн, тусгайлан бэлтгэгдсэн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, шинжээч, мөрдөгч, прокурор, шүүгчийг оролцуулах.
Хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа бид охид, хүүхдүүдээ бэлгийн хүчирхийллээс хамгаалж чадахгүй байна, хүчирхийлэгчийг зарлахгүй байна, харин ч эсрэгээр хамгаалаад байна гэж үзэж байгаагаа хэлээд, санаатайгаар хүчирхийлэл үйлдэж байгаа том хүмүүс, санамсаргүй бэлгийн харьцаанд орж буй хүүхдүүдэд хүлээлгэх хариуцлага, ял шийтгэлийг ялгамжтай байх ёстойг дурдав. Мөн тэрбээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэх үед хэлсэн үгээ тайлбарлаж, олон улсын практикт хэрэглэгдэж байгаа бэлгэ эрхтнийг ажиллагаагүй болгох үйлчилгээтэй тарианы тухай, түүнийг хэрэглэх талаар судалж буй эсэхийг асууж, ХЭҮК-ын гишүүдээс хариулт авсан юм. Түүнчлэн нийгмийн сүлжээнд хуурамч хаяг хэрэглэн гэмт хэрэг үйлдэх явдлыг таслан зогсоохын тулд иргэний бүртгэлтэй холбох нь зүйтэй гэсэн санал хэлж, Комисс дараагийн 25 дахь илтгэлдээ хүүхдүүд осол гэмтэлд өртөх явдал их байгаатай холбогдуулан хүүхдийн амьд явах эрх хангагдаж байгаа эсэхэд дүгнэлт хийгээсэй гэж хүслээ. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж, хүүхдүүдийг 14 нас хүртэл нийгмийн сүлжээнд оруулахыг хориглох, цахим орчныг хянах цагдаагийн албыг бэхжүүлэх, хүүхдүүдийн орчинд амьд харилцааг илүү үр дүнтэй зохион байгуулахад анхаарах шаардлагатай гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен гэмт этгээдийг оргуулах, ял завшуулах явдал багагүй гарч буйг жишээ дурдан өгүүлж, ийм зүйл хийсэн цагдаа, прокурорт ямар хариуцлага тооцож ажилладгийг болон хохирогчдын сэтгэцийн эрүүл мэндийн байдалд шинжилгээ хийж, зэрэглэл тогтоож буй үйл явц бүрэн гүйцэт эсэхэд хяналт тавьж байгаа эсэхийг асууж тодруулсан юм. Тэрбээр, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тоо жил тутам өсөж байгаа боловч үйлдсэн хэрэгтээ ял зэм хүлээж буй этгээдүүдийн тоо цөөн байгааг хачирхаж байгаагаа илэрхийлэн, зарим нь хугацаанаасаа өмнө суллагдсаны шалтгааныг судалсан эсэхийг асууж байлаа. Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг парламент болон Улсын Их Хурлын гишүүд хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах талаар ХЭҮК-оос зөвлөмж өгч ажиллах шаардлагатай гэдгийг хэлж, хүүхдийн оролцооны байгууллагыг дэмжиж, хамтран ажиллах нь үр дүнтэй байж болохыг санал болгов. Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа цахим орчин дахь хүний эрхийн асуудал тэр дундаа жендерт суурилсан хүчирхийлэлд ажлынхаа онцлогоос шалтгаалаад улс төрч эмэгтэйчүүд болон сэтгүүлчид хамгийн их өртдөг тухай 24 дэх илтгэлд дүгнэсэнтэй санал нэг байгаагаа онцолж, томчууд бид өөрсдөө хүүхдүүдийнхээ өмнө нийгмийн сүлжээнд зохисгүй зүйлсийг үлгэрлэн үзүүлж байгаад дүгнэлт хийж, хууль, эрх зүйн орчныг сайжруулах талаар ихийг хийх цаг болсныг тэмдэглэлээ. Тэрбээр гэр бүлийн, санхүүгийн болон бусад хүчирхийлэлд ногдуулах ял шийтгэлийг чангатгах ёстой гэсэн байр сууриа илэрхийлэв.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн дөрөв, тавдугаар бүлэг, цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийн асуудлаарх ХЭҮК-ын саналуудын талаар Улсын Их Хурлын гишүүд ийнхүү асуулт асууж, үг хэлж дуусав. Тэдний дэвшүүлсэн саналыг Байнгын хорооны санал дүгнэлтэд тусган Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.