Цэс

Холбоо барих

Газрын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны тойм

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2013 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулсан Газрын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар ахалж, ажлын хэсэг нийт 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан билээ /УИХ-ын гишүүн Ц.Цолмонг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тогтоолоор нэмж оруулсан/.

Байнгын хорооны 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нийт 12 гишүүн байдаг бөгөөд ирц бүрдэж хуралдахад хүндрэлтэй байгаа тул ажлын хэсгийн гишүүдийн тоог цөөлөх асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, тогтоолыг шинэчлэн гаргах нь зүйтэй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 06 тоот тогтоолоор ажлын хэсгийг нийт 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан юм /Тогтоолыг myparliament-д байршуулсан болно/.

Уг ажлын хэсэг 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 14.10 цагт Төрийн ордны В танхимд хуралдав. Хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан, Су.Батболд, Ж.Батсуурь, С.Ганбаатар, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, Газрын шинэтгэлийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Л.Ням, Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, БХБЯ-ны газрын дарга Д.Мөнхбаатар, ГХГЗЗГ-ын дарга А.Хүрэлшагай, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Хуулийн хэлтсийн дарга Э.Ариунгэрэл болон албаны бусад хүмүүс, БОХХААБХ-ны ажлын албаны ахлах зөвлөх Р.Батсүх, зөвлөх Я.Хишигт, референт Б.Баярмаа нар оролцов.

Энэ өдрийн хуралдаанаар дэд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 78 саналаас 12 зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг хураалгаж дэмжсэн болно.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төсөл дэх иргэнд сертификатаар газар өмчлүүлэх асуудал, аж ахуйн зориулалтаар газар өмчлүүлэх, тариалангийн газрыг өмчлүүлэх асуудлууд, Газрын тухай хуулийн төсөл дэх өвөлжөө, хаваржааны бэлчээрийн газрыг малчдын холбоо, нөхөрлөл, хот айлд эзэмшүүлэх асуудал, хууль батлах бүрд байгууллага байгуулахаар төсөлд туссан 5 асуудлыг дэмжихгүй, энэ асуудлуудыг ард нийтийн санал асуулгаар шийдэх нь зөв. Эдгээр бодлогын шинжтэй асуудлуудыг Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлж, бүлгийн албан ёсны байр суурь бүхий саналыг ирүүлье гэсэн санал гаргасан тул ажлын хэсэг бусад саналуудыг хураалгүй үлдээж, бүлгээс санал ирүүлсний дараа хуралдахаар тогтлоо.

Хуралдаан 16.20 цагт өндөрлөв. 

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл