Цэс

Холбоо барих

Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай заалтын хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг мэдээлэл өгөв

 УИХ-ын даргын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн захирамжаар Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.  


УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтаар стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Асгатын ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаарх саналыг эхний ээлжинд боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт  үүрэг болгосон юмУИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр /2025.05.09/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


УИХ-ын  гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П. Мөнхтулга, Ажлын хэсэг мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж мэдээлэл судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж, холбогдох  санал, дүгнэлтээ гарган цаашид авах арга хэмжээний талаарх санал шийдвэрийн төсөл боловсруулж, УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулах үүрэгтэй ажиллана хэмээн танилцуулав.


Түүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, УИХ-ын даргын захирамжаар 2007 оны 27 дугаар тогтоолын биелэлтэд санал дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдлаа. Өнгөрсөн 18 жилийн турш Ухаа худаг,  Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, Асгат зэрэг стратегийн орд газруудаас ард түмэн ямар үр өгөөжийг хүртэх вэ хэмээн хүлээж байсан. Үүнд хариулт өгөхөөр 126 гишүүнтэй шинэ парламент стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан нь түүхэн шийдвэр болж байна хэмээн онцлов.

Сайд О.Алтангэрэл, Монгол Улсын Засгийн газраас өмнө нь тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулсан бөгөөд тэрхүү ажлын хэсэг урьдчилсан байдлаар гаргасан дүгнэлтийнхээ хүрээнд УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан гэсэн нэмэлт мэдээлэл өгсөн юм.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Б.Баасандорж, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хугацааг товлуулахаар ирүүлсэн талаар мэдээлэл өгөв.



Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Хууль тогтоомжийн тухай хуулиудад заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас хууль зүйн дүгнэлт гаргасныг, Улсын Их Хурлын дарга болон УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд танилцуулж төслийг буцаан хүргүүлсэн. Өнөөдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай”  Улсын Их Хурлын 2007 оны  27 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Оюутолгой, Цагаан суварга зэрэг ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-аас тогтоолууд баталж байсан боловч Таван толгой, Асгатын орд газартай  холбоотой тогтоолын заалт өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Иймээс дээр дурдсан стратегийн ордуудын төрийн оролцоо, үр өгөөжийг бүхэлд нь бодлогын төвшинд авч үзэх хэрэгтэй тул “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.